Улаанбаатар хотын аялал жуулчлалын гол маршрутуудын нэг, нийслэлийг бүхэлд нь тольдон харах боломжтой байршилд тооцогддог Зайсан толгойг засаж, шинэчлэх нэрийдлээр жуулчлалын ид үед хаасан нь гадаадын төдийгүй дотоодын аялагчдыг гонсойлгож байна. Тур оператор компаниуд, аяллын хөтөч, тайлбарлагч нарт энэ талаар урьдчилж мэдэгдээгүй, тодорхой мэдээлэл өгөөгүй учир хотоо гадаадын жуулчдад харуулахаар тэнд дагуулж очсон хүмүүс “цоожтой хаалга” мөргөж, нүүрээ улалзуулан буцаж буй гэнэ.
Аялал жуулчлалын салбарынхны мэдээлж буйгаар Зайсан толгой орчмыг тохижуулж, засах ажлыг өнгөрсөн сард эхлүүлж, долоодугаар сараас өмнө дуусгахаар төлөвлөсөн ч хугацаанд нь амжуулалгүй ийнхүү сунжруулжээ. Тэнд очоод, “хөөгдсөн” хүмүүс “Зайсан толгой “будаа” болсныг мэдээгүй нь мэдэж ав, дэмий очоод буцав”, “Тийшээ зүглэвэл цагийн гарз шүү” хэмээн бусдадаа анхааруулж байна. БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарыг нэр цохож, аялал жуулчлалын хөгжилд садаа болсон энэ мэт алдаатай шийдвэр, бодлогогүй үйлдлүүдэд санаа тавьж ажиллахыг ч захив. 2023 оныхоо амжилтыг ахиулж, нэг сая жуулчин хүлээж авах зорилт дэвшүүлсэн манай улсын бодит байдал аялагчдыг татах гэхээсээ илүү түлхэх, үргээх хандлагатай байна.
Бэлтгэсэн Н.Мишээл