УИХ-ын сонгуулийн үеэр Цагдаагийн байгууллагад ирсэн гомдол, мэдээллийн талаар ЦЕГ-ын ажлын хэсгийн ахлагч, цагдаагийн хурандаа Э.Товуудорж мэдээллээ. Тэрбээр “Цагдаагийн байгууллагаас Монгол Улсын 2024 оны ээлжит сонгуульд нийт 12 мянган алба хаагч өнөөдөр үүрэг гүйцэтгэж байна. Сонгуулийн хэсгийн хорооны санал байрны хамгаалалтад 2198 алба хаагч, замын хөдөлгөөний зохицуулагч 2115, шуурхай удирдлагын штаб 5600, гэмт хэрэг зөрчил шалгах сонгуулийн үйл ажиллагааны аюулгүй байдлыг хангах 2897 алба хаагч тус тус энэ цагаар үүрэг гүйцэтгэж байна. Монгол Улсын хэмжээнд нийт 1104 гомдол мэдээлэл бүртгэгдсэн. Үүнээс нийслэлд 665, орон нутагт 439 бүртгэгдлээ. Гэмт хэргийн шинжтэй 420, зөрчлийн 684 дуудлага, мэдээлэл хүлээн аваад цагдаагийн байгууллага холбогдох шалгах ажиллагааг явуулж байна. Өнөөдрийн байдлаар, яг энэ цагаар 130 дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Нийслэлд 79, орон нутагт 51 дуудлага мэдээлэлтэй байна. Үүнээс гэмт хэргийн 137 дуудлагад холбогдох шалгалтын ажиллагааг явуулж байна. 173 зөрчлийн дуудлагад холбогдох шалгалтын үйл ажиллагааг явуулж байна. Нийт гэмт хэргийн шинжтэй 420 гомдол мэдээллээс Эрүүгийн хуулийн 14.8 буюу нэр дэвшигчийн талаар илт худал мэдээлэл тараах дуудлага, мэдээлэл 259 буюу нийт гэмт хэргийн дуудлага мэдээллийн 61.67 хувийг эзэлсэн. Эрүүгийн хуулийн 14.5 буюу иргэн сонгуулийн эрхээ эдлэх, сонгуулийн ажилд саад учруулах гэх зүйл ангиар нийт 83 буюу гэмт хэргийн дуудлага мэдээллийн 19.76 хувийг эзэлж байгаа. Зөрчлийн нийт 684 гомдол мэдээллээс Зөрчлийн тухай хуулийн 8.8 буюу бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан гэх мэдээлэл 101 буюу 24.05 хувийг эзэлж байна” гэлээ.