2024 онд үер, гангийн аюул дахин нүүрлэнэ гэдгийг өнгөрсөн оноос мэргэжлийн байгууллагаас анхааруулж ирсэн. Гэтэл он гарсаар 45 усны ослын тохиолдлоос 31 хүн амь насаа алджээ. Үүний 27 нь том хүн бол 4 нь хүүхэд. Энэ тоо өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 4 дахин их өсөв. Жил бүр зуны урин дулааны улиралд голын усанд маш олон хүн эндэх эрсдэлтэйг Онцгой байдлын ерөнхий газраас байнга анхааруулан сэрэмжлүүлдэг. Голын ай саваар тогтмол эргүүл хийж байгаа ч амарч зугаалж буй иргэд анхаарал болгоомж алдан голын усанд эрсдэх тохиолдол гарсаар л байна.
Нийслэлийн хэмжээнд сүүлийн 10 жилд үерийн тоо буурахгүй, огцом өсөлт бий болох аюул байгаа аж. Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба, Нийслэлийн газар зохион байгуулалтын алба, Онцгой байдлын газрын даргын хамтран баталсан “Улаанбаатар хотын хэмжээнд тохиолдож болзошгүй үерийн гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээг зохион байгуулах удирдамж”-ийн хүрээнд саяхан НОБГ-аас Улаанбаатар хотын үерийн гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээ хийжээ. Үерийн гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээгээр хүн амд учрах үерийн эрсдэл, үерт өртөх байдал нь эрсдэлтэй гэж гарсан. Туул, Сэлбэ голын үерийн далан, хамгаалалтын барилга байгууламжын эрсдлийн үнэлгээг мөн тогтоосон.
Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд үер усны аюултай бүс, голын ай сав, үерийн байгууламж орчимд аж төрж байгаа 2063 нэгж талбар буюу үерийн аюултай бүсэд 2174 айл өрх суурьшиж байна. Үүний 21.5 хувь буюу 407 айл өрх зөвшөөрөлгүй байна.
Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр ирэх долдугаар сард ихэнх нутгаар бороо хур ихтэй аж. Сүүлийн жилүүдэд гэнэтийн ус ихтэй аадар борооны давтагдал нэмэгдэж байгаатай холбоотой томоохон голуудын сав дагуу суурьшиж буй малчид, тариаланчид, ард иргэд, аялал зугаалгаар явж байгаа хүмүүс үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг сануулж байна. Мөн тухайн үеийн нарийвчилсан цаг агаарын урьдчилсан мэдээг цаг тухай бүрт нь авч ашиглахыг зөвлөж байна.