Улаанбаатарыг залуусын хот хэмээн нэрлэдэг. Ийм хотын өнгө төрхийг илэрхийлэх чухал зүйл бол хосуудын болзоо юм. Болзоо нь нэгнийгээ таних, дотносох боломжийг хосуудад олгодог. Энэ нь төгс байх албагүй. Гэвч залууст болзох бүү хэл, хосоороо тухтай алхах газар манай хотод ховор. Бороо орж буй зураглал кинонд бол тун романтик харагддаг. Харин Улаанбаатарт энэ зураглал арай өөрөөр нүдэнд бууна. Замын хажуугаар алхахад автомашинууд ус цацална. Хөтлөлцөөд алхахад гудамж нарийдна, замын нүх сүвийг тойрч, эсвэл харайх хэрэг гарна. Дуу чимээний “дарангуйлал” ч их. Залуусын хотод тайван суух цэцэрлэгт хүрээлэн ч үгүй. Ногоон байгууламж нь 100 метр орчим л үргэлжилнэ. Түүнийх нь сүүдрэвчинд хүмүүс багталцахгүй. Бас хотоо тольдоод яриа өрнүүлэх үзэмжтэй газар ч хомс. Хүмүүсийн хамгийн ихээр зорин очдог Үндэсний соёл амралтын хүрээлэн ачааллаа дийлэхгүй шахам байдаг. Саравчтай суудаг хэсгийнх нь орчимд хүүхдүүд бөмбөг тоглоно. Бөмбөгөөрөө бусдыг цохиж гэмтээх эрсдэл их.
Улаанбаатар хотод болзох сонирхолтой газруудын талаар залуусаас лавлахад “Хэрвээ мөнгөтэй бол болзох гоё газар цөөн хэд бий. Харин мөнгөгүй хүнд энэ нь хүнд даваа” гэсэн юм. Үнэхээр ч тэдний хэлсэн шиг хаашаа ч явсан мөнгө хэрэгтэй. Тиймээс хотын төвөөс холгүйхэн байршилтай, бага зардлаар болзох боломжтой ямар газар байгааг хайж үзэв. Цөөн боловч болзох газар бас байгаа аж.
Юуны өмнө Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо Шувуун фабрик орчимд Туул голын эрэг дагуу амрах боломж байна. Тийш хүрэхэд 30-40 минут зарцуулах бөгөөд байгалийн сайхан цогцолсон газар гэхэд болно. Туул голын хоржигнон урсах чимээ, модод салхинд найгах нь тухайн хэсгийг улам ч үзэмжтэй харагдуулна. Нийслэлийн утаа, түгжрэлийг мартаж, “Chill day”-ийг бүтээх боломж энэ байж мэднэ.
Цагийг зугаатай өнгөрүүлэхэд зориулсан үйлчилгээтэй байгууллага ч цөөнгүй болов. Энэ бол “Мишээл байгаль орчин танин мэдэхүйн хүрээлэн” юм. Тус хүрээлэнд сүүдрэвч олон бий. Эргэн тойрон моддоор хүрээлэгдсэн. Талбайн гол хэсэг дэх шатаар дээш гарч, эргэн тойрныг бүрэн тольдоорой. Мөн “Highland park” рестораны автомашины зогсоолоос хотыг бүхэлд нь харах боломжтой. Ялангуяа шөнийн Улаанбаатар илүү үзэмжтэй харагддаг аж. Богд уулыг заавал дурдах нь зүйтэй. “Богд ууланд гарч намуухан ая тавиад, халуун уух зүйл бэлдээд алсын барааг ширтэх нь сонирхолтой санаа” гэх залуус ч байв. Хөгжөөнт тоглоомтой өдрийг өнгөрөөхийг хүсвэл “Smoky city UB”, “Jump trampoline park”, “Onis room”, “Paintball club”, “VR+Zone” зэрэг сонирхолтой хөтөлбөртэй байгууллага бий. Үүнээс өөр онцлох олон нийтийн газар тийм ч олон биш. Тиймээс иргэддээ ээлтэй хот байя гэвэл чөлөөт цагаа өнгөрүүлэх үйлчилгээний байгууллага, талбайг тохижуулах нь зүйн хэрэг.
Бэлтгэсэн: А.Үүл