“Монполимет” группийн “Тосон” үйлдвэрийн үйл ажиллагааг хэвийн үргэлжүүлэхийг ажилчид нь нийслэлийн Прокурорын газраас дахин шаардлаа. Тус үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоосноос ажилчид нь цалингаа ч авч чадахгүй байгаа тул үйлдвэрийг хэвийн ажиллах боломжоор хангахыг дээрх байгууллагаас энэ сарын 7-нд шаардан жагсаж байсан юм. “Монполимет” группийн үйл ажиллагааг зогсоосон нь ажилчдынх нь хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн үйлдэл гэж тэд дахин өнгөрсөн баасан гарагт жагссан юм. Тэд үйлдвэрийн үйл ажиллагааг яаралтай эхлүүлэхийг холбогдох байгууллагуудаас шаардлаа.
Үүнтэй холбоотойгоор Авлигатай тэмцэх газраас мэдээлэл өгсөн юм. “Ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг хууль бусаар авч ашигласан, Туул голын голдирлыг өөрчилж алт олборлосонтой холбогдуулан энэ чиглэлийн компанийнх нь дансны гүйлгээг хязгаарлаж битүүмжилсэн. Шалгалтын явцад нөхцөл байдалтай уялдуулан 18 дансны зарлагын гүйлгээг хязгаарласан. Үүнийг цуцалж, одоогоор гүйлгээ хэвийн хийгдэж байна” хэмээн АТГ-ын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссарТ.Мөнхтунгалаг өнгөрсөн баасан гарагт мэдээллээ. Түүнчлэн “Монполимет” группийг шалгаж буй үндэслэл нь Хөгжлийн банкны зээлийг шаардлага хангаагүй байхад авч, зориулалтын бусаар зарцуулсан байж болзошгүй. Хоёрдугаарт, ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг хууль бусаар авсан. Мөн Туул голын голдирлыг өөрчилж алт олборлож, байгаль орчинд хохирол учруулсан. Гуравдугаарт, төрийн нууцыг хууль бусаар олж авсан байж болзошгүй болон мөнгө угаах, татвар төлөхөөс зайлсхийх зэрэг авлига, албан тушаалын хэд хэдэн үйлдэлд холбогдуулан шалгаж байгаагаа мэдэгдэв.
Бэлтгэсэн: А.Үүлэн