Ус цаг уур орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн мэдээллээр өнөөдөр өглөөний 09:00 цагийн хэмжилтээр Улаанбаатар орчмын Туул голын үерийн аюултай түвшинг 342см буюу 82см даван үерлэж байсан бол 18:00 цагийн байдлаар дээрх түвшин 329см болж буурсан байна. Онцгой байдлын ерөнхий газрын Шуурхай штабаас Туул голын үерийн аюултай түвшинг давсан эрсдэлтэй байршлууд дээр ажиллалаа.
Тухайлбал Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт Туул гол хальсны улмаас ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын алба хаагчид, Нийслэлийн аврах 105 дугаар ангийн алба хаагчид хамтран автомашин, завьтайгаар нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулж 69 өрх, 3 амралт, сувилалын газраас нийт 304 иргэнийг аюулгүй бүсэд гаргав. Дээрх байршилд дүүргийн онцгой комисс, мэргэжлийн анги, цагдаагийн газар, эрүүл мэндийн ажилтнууд ажиллаж байна.