- 266 хоригдогч санал өгөхөөр хүсэлт гаргажээ -
УИХ-ын энэ удаагийн ээлжит сонгуулиар сонгогч саналаа нууцаар, чөлөөтэй өгөх эрхээ эдлэхтэй холбоотой асуудлаар Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн Б.Энхболд, Захиргаа удирдлагын хэлтсийн дарга Д.Ёндонжамц нар мэдээлэл хийв. Сурталчилгаа эхэлснээс хойших ес хоногт иргэдийн овог, нэр, регистрийн болон утасны дугаар, гэрийн хаяг зэрэг хувийн мэдээллийг нь худалдаж авах тухай зар цахим орчин, олон нийтийн дунд тарааж, цуглуулж байгаа зөрчил, гомдлын талаарх мэдээллийг тус комисст ирүүлж байгаа гэнэ. Эдгээрийг шалган, арга хэмжээ авч ажиллаж байгаа бөгөөд хувийн мэдээллээ хамгаалахыг зөвлөлөө. Мөн хэнд санал өгснийг мэдэх боломжтой гэж иргэдийг төөрөгдүүлсэн мэдээлэл түгээж байгаа нь иргэний сонгох эрхэд халдаж буй үйлдэл тул холбогдох хуулиудын дагуу хариуцлага хүлээлгэх үндэслэл болно гэдгийг анхааруулав. Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн Б.Энхболд “Хэнд санал өгснийг регистрийн дугаараар нь мэдэх боломжгүй” хэмээсэн юм.
Үүнээс гадна өөрийн үзэл баримтлалд нийцсэн нам, эвсэл, нэр дэвшигчийн бодлого, мөрийн хөтөлбөрийг дэмжих, түүнийг түгээн дэлгэрүүлсний төлөө бусдыг ялгаварлан гадуурхах, мөрдөн мөшгөх, эрх чөлөөг нь ямар нэгэн байдлаар хязгаарлаж буруутгахгүй байх үүрэгтэйг сануулсан юм. Улмаар нэр дэвшигчид, тэдний дэмжигч, ухуулагчид бусдын улс төрийн үзэл бодол, итгэл үнэмшлийг хүндэтгэн ажиллахыг зөвлөв.
Мөн албадан эмчлүүлж байгаа, зөрчлийн болон эрүүгийн хэрэгт холбогдуулан баривчлагдсан, цагдан хоригдсон зэрэг эрхээ хязгаарлуулсан иргэдийн сонгох эрхийг бүрэн эдлүүлэхэд төрийн холбогдох байгууллагууд анхаарч ажиллах шаардлагатайг онцоллоо. Тэд зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх боломжтой. Тус комиссоос хорих 461 дүгээр ангид хийсэн хяналт, шинжилгээгээр 266 хоригдогч сонгуульд санал өгөхөөр хүсэлт өгчээ. ШШГЕГ-аас сонгуультай холбоотой мэдээлэл өгч ажилласан ч тэдгээр хоригдогч өөрсдийнхөө албан ёсны хаяг бүхий газарт нь хэн ямар намаас нэр дэвшиж байгаа зэргийг мэдэхгүй байсан аж. Энэ нь эрхээ хязгаарлуулсан иргэд бусдын нөлөөнд орж санал өгөх, эсвэл өгөхгүй байх эрсдэлтэйг тэд анхааруулсан юм. Иймд Улаанбаатар хот, 21 аймагт байгаа цагдан хорих төв, баривчлах байранд байгаа болон өөрөө сайн дураараа гарч явах боломжгүй, эрх нь хязгаарлагдсан боловч санал хураалтад оролцох эрхтэй иргэдэд сонгуулийн тогтолцоо, санал өгөх зааварчилгаа, нэр дэвшигч, нам, эвсэл, биедаагчдын мөрийн хөтөлбөртэй танилцах боломжоор хангаж ажиллахыг Сонгуулийн хэсгийн хороо, шүүхийн шийдвэр гүйцэтгэх болон эрүүл мэндийн байгууллагынханд анхаарууллаа. Үүнээс гадна төрийн цэргийн байгууллагад алба хааж байгаа хугацаат цэргийн албахаагчдыг ч дээрх боломжоор хангах шаардлагатай гэв.
Бэлтгэсэн Б.Уран