Хууль бус болон ёс зүйгүй үйлдэлд нэр холбогдсон улс төрчдийг УИХ-д сонгочхоод бид шударга ёс нэхэж чадахгүй. Мөнгө тарааж, санал худалдаж авахыг санаархагчдаас бидний төлөө сэтгэл, зүтгэл гаргахыг шаардах боломжгүй. Тэдэнд угаас ийм хүсэл, чадвар үгүй. Тиймээс хүн бүр сонгуульдаа идэвхтэй оролцож, ирэх дөрвөн жилд өргүй, түгжрэлгүй, утаагүй, үг хэлж, хэвлэн нийтлэх эрхээ хамгаалж үлдэх, эдийн засгийн эрх чөлөөтэй амьдрах сонголт хийх хариуцлагатай цаг ирээд байна. Мэдээллийг сайтар нягталж, тунгаан бодсоны эцэст л зөв сонголт хийж чадна.
Түүхэнд анх удаа 126 гишүүнийг холимог тогтолцоогоор сонгох уг сонгуульд 19 нам, хоёр эвслээс болон бие даагч 1335 хүн өрсөлдөж буй юм. “Өнөөдөр” сонин УИХ-ын сонгуулийн 13 тойрогт нэр дэвшигчдээс танилцуулж байна.
УИХ-ын сонгуулийн нэгдүгээр тойрог Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгаас бүрдэж буй. Тойргийн төв нь Өвөрхангай аймгийн ЗДТГ-т байрлаж байгаа гэнэ. Есөн мандаттай уг бүсэд 15 нам, хоёр эвсэл болон бие даагч нийт 80 хүн нэрээ дэвшүүлжээ. МАН, АН, ХҮН, Үнэн ба зөв намаас 100 хувийн ирцээр буюу тус бүр есөн хүнээ сойсон байна. ИЗНН, Иргэний хөдөлгөөний намаас долоо долоон хүн өрсөлдөж буй аж. МАН, АН-аас бусад намд төрийн өндөр албан тушаал хашиж байсан, танигдсан улс төрч, нэр дэвшигч бараг байхгүй. Хуучны хэдэн улс төрчийг эс тооцвол намууд хангайн бүсэд шинэ цус сэлбэж буй юм.
Есөн мандаттай уг бүсэд 15 нам, хоёр эвсэл болон бие даагч нийт 80 хүн нэрээ дэвшүүлжээ. МАН, АН, ХҮН, Үнэн ба зөв намаас 100 хувийн ирцээр буюу тус бүр есөн хүнээ сойсон байна. ИЗНН, Иргэний хөдөлгөөний намаас долоо долоон хүн өрсөлдөж буй аж. Мөн Ц.Мөнхбат гэдэг ганц бие даагч бий. Ард түмний олонхын засаглал намаас З.Бат-Эрдэнэ, Монгол консерватив намаас Д.Цэгмэд нарын ганц дайчнаа илгээжээ.
Үндэсний эвслээс Малын гаралтай тос үйлдвэрлэгчдийн холбооны гүйцэтгэх захирал, эрх зүйч Ц.Дагвадорж, “Од-Адвокатс” ХХН-ийн гүйцэтгэх захирал, хуульч Д.Одонтунгалаг, АШУҮИС-ийн Санхүү, эдийн засгийн газрын дарга Э.Содномжамц, “Архангайн амьдрал” сонины сэтгүүлч Р.Оюунбилэг нарын дөрвөн хүнийг нэр дэвшүүлжээ. Шинэ нэгдсэн эвслээс нэр дэвшсэн гурван хүний нэг Б.Чинбаатар хуульч, Ц.Балдандорж, Т.Мөнхнасан нар эдийн засагч мэргэжилтэй юм байна. Энэ тойрогт Ц.Мөнхбат гэдэг ганц бие даагч бий. Мөн Ард түмний олонхын засаглал намаас З.Бат-Эрдэнэ, Монгол консерватив намаас Д.Цэгмэд нарын ганц дайчнаа илгээжээ. БНН, Ард түмний хүч намыг тус бүр хоёр нэр дэвшигч төлөөлсөн байх юм. Гуравдагч хүчний жижиг намууд нэр дэвшигчдээ олон нийтэд хангалттай танилцуулаагүй. Тэгсэн ч танигдахуйц хүн эдгээр намд маш ховор болов уу. Гэхдээ эрхбиш, тухайн бүс нутагтаа тодорхой хэмжээнд танигдсан хүмүүс байгаа гэж найдна.
Энэ тойрогт МАН-аас УИХ-ын даргатайгаа нийлээд таван гишүүн, давхардсан тоогоор гурван сайд, хоёр зөвлөх сойжээ. Тодруулбал, дөрвөн жил парламентыг даргалж буй Г.Занданшатар гишүүн Д.Тогтохсүрэн, Г.Тэмүүлэн, Г.Ганболд, С.Чинзориг нарын “цэрэг”-тэйгээ очсон аж. Засгийн газрыг төлөөлж Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, “давхар дээл”-тэй Эрүүл мэндийн сайд С.Чинзориг нар байна. Түүнчлэн Ерөнхийлөгчийн эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай, МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх, Эрүүл мэндийн сайд асан А.Цогцэцэг нараас энэ баг бүрдэж буй. Г.Занданшатарын даргалсан парламент үйл ажиллагаагаа цахим болгохоор хичээсэн нь нэг гол ажил байв.
D-Parliament флатформоор иргэдээс санал авч, “D-Өргөдөл” системээр газрыг гадаадын иргэдэд 100 жилээр өмчлүүлэхийг хориглохоос эхлээд санал асуулга явуулж, чуулганаар хэлэлцүүлэхийг нь хойшлуулснаараа иргэдэд нүүр олж авсан гэхэд болно. Мөн авлигын үндэс болсон “нүүрсний”, “ногоон автобусны”, “Хөгжлийн банк”-ны хэргээр хяналтын сонсгол зохион байгуулсан. Эдгээр сонсголоос гялтайхаар том үр дүн гараагүй ч энэ бол эхлэл, МАН доторх хулгайч нараа ядаж шүүж эхэлсэн үйлдэл байсан юм. Тэгэхээр түүний нэр хүнд уг бүсэд харьцангуй сайн байгаатай маргахгүй. Д.Тогтохсүрэн бол УИХ дахь МАН-ын бүлгийн дарга, хоёр дахь парламентын бүрэн эрхээ дуусгаж буй гишүүн. Тэрбээр өнгөрсөн цагаан сараар ахмадуудад бэлэг болгон мөнгө тарааж буй бичлэг нь нийгмийн сүлжээгээр цацагдаж, факталсан нэгэн. Сонгуулийн жил эхэлмэгц нэр дэвших хүсэлтэй бүх л улс төрч, горилогч дэвших тойрогтоо бэлэг сэлт тараасан нь нууц биш. Хуулиар өөрсдөдөө олгосон давуу талыг гишүүд, сайд нар хангалттай ашигласан.
Г.Тэмүүлэн хоёронтоо улирч сонгогдсон, гурав дахь сонгуульдаа хүч үзэж буй нэгэн. Гишүүн Г.Ганболд эхний бүрэн эрхээ дуусгаж буй юм. Засгийн газрын гишүүдээс харьцангуй нэр хүндтэйгээр албаа дуусгаж буй хүмүүсийн нэг бол Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг. Геополитикийн амаргүй цаг мөчид улсынхаа гадаад бодлогыг тэнцвэртэй, тогтвортой авч явж чадсан хэмээн үнэлдэг, МАН-ын чамбай, олон нийтэд нэр хүндтэй цөөхөн эмэгтэйн нэг. С.Чинзориг бол харьцангуй нэр цэвэр гишүүн , тэр бээр Эрүүл мэндийн сайдаар томилогдоод жил гаруй болж буй. Харин Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярын хувьд энэ сонгуульд нэр дэвшихээсээ ичих ёстой хүмүүсийн тоонд яах аргагүй орно. Түүнийг сайдаар ажилласан жилүүдэд цөөнгүй сайхан залуус цэргийн албанд мордоод эргэж ирсэнгүй. Коммунист дэглэмээс үлдсэн яргалал, дэг зэвсэгт хүчинд байгааг хохирогчдын гэр бүл, хэвлэл мэдээллээр ярьсаар байхад ч алдаагаа хүлээн зөвшөөрдөггүй.
Юу ч болоогүй мэт “гөлийж” суудаг сайд. Олон сайхан залуугийн алтан амийг үрснийхээ төлөө салбарын сайд хариуцлага хүлээж огцрох ёстой ч эсрэгээр УИХ-ын гишүүн болохоор зүтгэж яваа нь харамсалтай. Ийм хүмүүст нэгдүгээр тойргийнхон дүн тавьж, хариуцлага тооцох учиртай юм. АН-аас энэ тойрогт Д.Ганбат, А.Адъяасүрэн, С.Ганбаатар нарын УИХ-ын гурван гишүүн, мөн хуульч О.Алтангэрэл нэр дэвшээд байна. Мөн эрх зүйч, эдийн засагч П.Мөнхтулга, санхүүч Д.Цогтбаатар, багш Г.Хосбаяр, газар зохион байгуулагч, эрх зүйч Э.Болорчулуун, эдийн засагч Д.Жаргалсайхан нарын төдийлөн олны танил биш залуусыг сойжээ. Д.Жаргалсайхан өмнө нь Баянхонгор аймгийн Засаг дарга байсан аж. Тус намын 126 нэр дэвшигчийн 102 нь улс төрөөс хол, шинэ хүмүүс гэж буй. Тэдний тав нь нэгдүгээр тойрогт өрсөлдөж буй байх нь.
Гишүүн Д.Ганбатын хувьд АН-ын хэцүү цаг үед намаа төлөөлж парламентад суухдаа сөрөг хүчний дуу хоолой болж ажилласан. Тэрбээр хатуухан шүүмжлэлийг овоо зоригтой хэлдэг болоод буй юм. А.Адъяасүрэн, С.Ганбаатар нар жилийн өмнөөс л Баянхонгор аймгаар эргэлдэж, Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай хөтлөлцөн, “Нэг Монгол” хөдөлгөөн өрнүүлж, “далд” сурталчилгаагаа хийсэн билээ. Сонгуулийн сурталчилгааны үеэр тэд шар дээлээр хосолж яваа нь сонин, бас содон харагдаж байна. Гэхдээ хэчнээн гоё дээл өмсөж, инээмсэглэн алхлаа гээд тэдний хэн гэдгийг иргэд мартахгүй. А.Адъяасүрэн гишүүн “нүүрсний” гэх хэрэгт нэр холбогдож шалгуулж буй хүмүүсийн нэг. С.Ганбаатар бол ямар ч барьцгүй, нам нам сольж, аль ашигтай байгаатай нь наалдаж явдаг. Богино хугацаанд олон нам сольсон улс төрчийн жагсаалтыг тэр лав тэргүүлнэ. Хурган зальтай, хэзээ ч урваж мэдэх нэгэн.
Ийм хүмүүсийг сонгохгүй байсан нь энэ бүсийнхэнд өлзийтэй. Харин хуульч О.Алтангэрэл болон шинэ залуус нь АН-ыг төлөөлөх арай дээр сонголт болж байна. ХҮН, Үнэн ба зөв намаас хэдийгээр 100 хувийн ирцээр нэр дэвшүүлсэн ч олонд танигдсан хүн цөөн. ХҮН намыг загвар өмсөгч О.Билгүүн л өнгөлөх нь. Залуусын болон бизнес эрхлэгчдийн төлөөлөл болох тэрбээр өөрөөр сэтгэн ажиллаж мэднэ. Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатар энэ тойрогт нэр дэвшиж, намынхнаа “чиглүүлж” буй аж. Гэхдээ тэр бол тун эвгүй, ашиг харж хэнтэй ч нийлж, хэзээ ч урваж мэдэх, С.Ганбаатарын “дүү” байхаар хүн. Нэгдүгээр тойрогт өрсөлдөж буй 80 нэр дэвшигчээс есөн хүнийг л Архангай, Баянхонгор, Өвөрхангайн иргэд сонгоно. Тухайн аймагтаа тодорхой хэмжээнд танигдсан хүмүүс эдний дунд бий л байх. Гэвч гол өрсөлдөөн хүссэн, хүсээгүй дээрх хүмүүсийн дунд өрнөх нь.
Хангайн бүс нутгийнхны сонголт өнгөрсөн 30 гаруй жилд харьцангуй тэнцвэртэй явж иржээ. Архангайчууд 1990 оноос 2004 он хүртэл МАН-ыг сонгосон бол үүнээс хойш АН-д найдаж үзсэн юм. 2016 оноос хойш МАН-ыг хоёронтоо сонголоо. Түүхээс нь харвал одоо өнгө солигдох ээлж болсон байж мэднэ. Баянхонгорынхон МАН, АН гээд ээлжлээд сонгочихдог түүхтэй. Өвөрхангайнхан ч бараг адил. Энэ удаа нэг тойрог болж нэгдсэн хангайн бүсийн сонгогчид ямар өнгийн сонголт хийхээс тэдний ирэх дөрвөн жилийн амьдрал хамаарна. Зөвхөн улаан, цэнхэр гэж ээлжлэх үү, эсвэл эдгээр өнгийг холих уу. Бүр шинэ сонголт хийж, нил ягаан, ногоон зэргээр солонгоруулах боломж ч бий. Ямартай ч эрх баригчдаас 2020 оны амлалтынх нь хэрэгжилтийг нэхэж, өнгөрсөн дөрвөн жилд яаж амьдарснаа сайн тунгаах нь чухал.