Дэлхийн II дайнд хамгийн их хохирсон ч гэлээ, гарамгай ялалт байгуулсан нь Орос улс. Тиймдээ ч тус улс жил бүрийн тавдугаар сарын 9-нд аугаа их эх орны дайнд ялалт байгуулсны баяраа ёслол төгөлдөр тэмдэглэдэг уламжлалтай. Тодорхой хэлбэл, Орос орны өнцөг булан бүрт, мөн тус улстай холбоотон болж дэлхийн дайнд оролцсон улс гүрнүүд аугаа их эх орны дайнд ялалт байгуулсны 79 жилийн ойн баярыг онцгой ач холбогдол өгч тэмдэглэв. Unuudur.mn сайтын баг ОХУ-ын Буриад Улсын Улаан-Үүд хотноо болсон баярын парадыг сурвалжиллаа. Дэлхийн II дайнд 61 улс орон, дэлхийн хүн амын 80 орчим хувь оролцож, 110 сая гаруй хүн цэргийн албанд татагдсан тоо баримт бий. 1944 оны ханшаар дайны нийт зарлага нь триллион ам.доллар болсон. Тиймээс түүхэн дэх хамгийн өндөр өртөгтэй нь дэлхийн II дайн гэж тооцогддог. НҮБ-ын шийдвэрээр тавдугаар сарын 9-нийг дэлхийн II дайны дурсамж, эвлэрлийн өдөр болгосон бол Орос улсад дайнаас эргэж ирээгүй төрөл төрөгсдөө гэр бүл, төрөл төрөгсдөө дурсан санаж, хүндэтгэдэг уламжлалаа үргэлжлүүлсээр.
Тавдугаар сарын 9-ний өглөө Кремлийн хонх хүнгэнэн дуугарахтай зэрэгцэн, 10.02 цагт Улаан-Үүдэд ялалтын парад эхэллээ. 36 дугаар ерөнхий цэргийн армийн Байлдааны хэлтсийн дарга, хурандаа Никитин Михаил Михайлович парадын тэргүүн эгнээнд гарч ирлээ. Никитин Михаил Михайлович Улаан-Үүд хотын гарнизоны цэргийн командлагч Сокол Игорь Викторовичид парадаа хүлээлгэн өгөх гэж буй нь тэр. Үүний дараа Бүгд Найрамдах Буриад Улсын бөгөөд Засгийн газрын дарга Алексей Самбуевич Цыденов үг хэлснээр парад эхэллээ.
Парадын эхэнд 75 дугаар гвардын бөмбөрчид алхана. ОХУ-ын төрийн далбаа, 79 жилийн тэртээ Берлинд мандуулсан ялалтын тугийн хуулбарыг энэ үед хотын төв талбайд залж, Александровын “Ариун дайн” дуун эгшиглэв. Төв талбайг зорин ирсэн иргэд тугийн зүг харц салгалгүй ширтэж, дараагийн үйл явдлыг нам гүм ажна. Ялалтын туг парад зохион байгуулж буй хот бүхэнд намирч буй. Тугчдыг дэд хурандаа Власов Михайл Михаилович удирдан буй. Тугчдын хайрцагт агаарын болон агаарын сансрын хүчин, их бууны, танкны, десантын гээд бүх зэвсэгт хүчний бүх салбарын шилдшгүүд алхаж буй. Эх орондоо баатарлаг гавьяа байгуулсан шилдэг офицер, түрүүч нар ОХУ-ын төрийн далбаа, ялалтын тугийг ийн мандуулсаар орж ирлээ. Тэд цэргийн тусгай ажиллагааны үеэр эр зориг, тэсвэр тэвчээрээ нэг бус удаа харуулсан Аугаа их эх орны дайнд оролцсон ахмад дайчдадын залгамж халаа юм. Тиймээс тэд ялалтын парадыг нээх хүндтэй, гавьяатай. Уламжлал ёсоор парадад 21 анги нэгтгэл оролцож буй бол, гуч гаруй нэгж цэргийн техникийг төв талбайд авчирчээ.
Харин гуравдугаар Монголын цэрэг дайчид жагссан. Жагсаалыг дэд хурандаа О.Чулуунбаатар ахалжээ. Манай дайчдыг орж ирэхтэй зэрэгцэн дэлхийн II дайны үед Монгол Улсын оруулсан гавьяа зүтгэлийн талаар хөтлөгч мэдээлэл өгсөн юм. Монголын ард түмэн дайн эхлэнгүүт “Хувьсгалт Монгол” танкны цуваа байгуулах хөрөнгө цуглуулж эхэлсэн гэдэг. Танкны цуваа байгуулах хөрөнгө цуглуулах ажлын хүрээнд 4,5 сая төгрөг, З00 кг алт, 100 000 америк долларыг ЗХУ-ын Гадаад худалдааны банканд урьдчилан шилжүүлсэн байна. Монголын ард түмнээс Зөвлөлтийн Улаан армид бэлэглэсэн бас нэг байлдааны техник бол “Монгол ард” нисэх онгоцны эскадриль байв. Үүнээс гадна Монголын ард түмэн дайны жилүүдэд фронтод зориулан 485 000 агт сайн морио нийлүүлсэн гэдэг. Орос цэргүүд монгол морийг өхөөрдөж “Монголка” гэж нэрлэдэг байжээ. Улмаар бэрх хүнд замыг туулж, Берлин хүрсэн монгол морьдод зориулсан “Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөг Москва хотын төвд байгуулсан билээ.
Парадад алдар гавьяатай, эх орныхоо төлөө зүтгэж яваа эрэлхэг 1000 гаруй дайчид оролцсон. Парадын хайрцаг бүрийг өнөө цагийн эрэлхэг дайчид, цэргийн тусгай ажиллагаанд оролцож буй ахлах цолтой офицерууд ахлан алхав. Парадын төгсгөл хавьцаа 19 дүгээр хайрцагт Буриад Улсын цэргийн сургуулийн сурагчид, 20-д Улаан-Үүд хотын цэрэг татлагын өмнөх Эх оронч хүмүүжлийн төвийн хүүхдүүд, 21-т Ново Селенгискийн ЕБС-ийн дотуур байртай цэргийн сургуулийнхан цог золбоогоо бадруулан жагссан билээ. Жагсаалын эхэнд бөмбөрчид алхсан. Үүнтэй адил жагсаалын хайрцгуудыг түгжиж, ОХУ, Буриад Улсын Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн хайрцаг алхав. Хөгжимчид газар газрын шилдэг анги нэгтгэлээс иржээ.
Ер нь парадад яг одоо Орос, Украины цэргийн тусгай ажиллагаанд оролцож буй, дайчин эрс хийгээд ОХУ-ын баатрууд, Эр зоригийн одонтнууд, Жуковын медальтнууд, Суворовын I, II, III тэмдэгтнүүд гээд хэдийн алдар хүндийн оргилд хүрсэн зоригт эрс оролцож буй.
Цэргийн ёслолын хүндэтгэлийн парад нь тухайн улс орны тусгаар тогтнол, батлан хамгаалах цэрэг, армийн хүчин чадлыг харуулсан чухал арга хэмжээний нэг юм. Ялалтын парадад оролцож буй 21 байгууллагын 1000 гаруй дайчдын сүр жавхаа, цог золбоог үгээр хэлэхийн аргагүй. Техник хэрэгслийн тухайд төв талбайд хамгийн түрүүнд Аугаа их эх орны дайнд хамгийн их үүрэг гүйцэтгэсэн Зөвлөлтийн үеийн цэргийн техникийн бэлгэдэл болсон Т-34 танк оруулж ирлээ. Смоленск, Минск, Европын орнуудыг чөлөөлөх үеэр тулалдаанд оролцсон эл танкны их бие бууны ормоор дүүрсэн харагдана. Танкийг түрүүч Коркин Владимир Сергеевич жолоодож байна. Дараагаар нь БМ-13 КАТЮША пуужингийн их бууны байлдааны машин, тэгээд “Tiger” бүх төрлийн цацраг, хими, биологийн хороос хамгаалах “УКСОД-Т” техник цогцолборыг анх удаа олон нийтийн өмнө дэлгэлээ. Уг техник одоогоор дэлхийн хамгийн хүчтэй зэвсэглэл аж. Мөн BRDM-2РХ цацраг, хими, биологийн хайгуул хийх зориулалттай машинуудаа дэлгэн үзүүлэв.
Тив дэлхийгээс ирсэн олон зочид, орос орны өнцөг булан бүрээс ирсэн иргэд парадыг үзэж сонирхов. Хамгаалах эх оронтой, дурсах түүхтэй тэд гэртээ хариад ярих юмтай буцсан нь лавтай. Дайн дахиад бүү давтагдаасай гэсэн хүслээр энэхүү баяраа хүндэтгэн ирэхдээ хотын иргэд зэгсэн гоёжээ. Басхүү алх хадуур дотор нь шигтгэсэн улаан таван хошуутай цэрэг малгай духлуулж, хүүхдүүдээ ч гоодсон харагдана. Зарим нь улаан цэргийн армийн өмсдөг асан ногоон хувцсаар охид, хөвгүүдээ гангалжээ.
Үүнээс гадна трамвайд суусан ч, автобусанд суусан ч, гудамжаар алхсан ч улбар шар, хар хослуулсан ялалтын өнгөтэй энгэрийн зүүлт зүүсэн иргэдтэй хаа сайгүй таарна. Тодорхой хэлбэл, энэ хэдэн өдөр хаа явсан газарт “День победы” эгшиглэж, дайны гашуун сургамжийг сануулна. Ийн ОХУ-ын өнцөг булан бүрт ялалтын тугаа намируулж, тэртээх 1945 оны тавдугаар 9-нийг нэхэн дурслаа. ОХУ-ын Зэвсэгт хүчин нь эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолыг хамгаалж, Аугаа их эх орны дайны замд тууштай явсан аав, өвөө, өвөг дээдсийнхээ алдар суут уламжлалыг үргэлжлүүлж, өнөөдөр ч эх орныхоо хилийг манаж байна.
Ташрамд дурдахад, уг сурвалжилгыг хийх боломж олгосон А.М.Горчаковын сангийнханд баярласан талархсанаа илэрхийлье.