Өмгөөлөгч агсан Г.Батбаярын хэргийн талаар өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 30-нд Цагдаагийн Ерөнхий газраас мэдээлэл хийлээ.
Цагдаагийн байгууллагад 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр иргэн Н-аас өөрийн төрсөн ах Б-г оршин суух хаягандаа ирээгүй тул эрэн сурвалжлуулах талаар өргөдөл гаргасан. Өргөдлийн дагуу цагдаагийн байгууллагаас тухайн иргэнийг олж тогтоох чиглэлээр шуурхай эрэн сурвалжлах ажлыг зохион байгуулахад Хан-Уул дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Богд хаан" амралтын газрын автомашины зогсоолд байрлуулсан автомашинд нас барсан байдалтай олдсон байдаг. Мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж буй.
Тэгвэл өнөөдөр ЦЕГ-аас "Б нь "Богд хаан" амралтын газрын автомашины зогсоолд байрлуулсан автомашиныхаа арын суудал дээр нас барсан байдалтай олдсон. Гэрэл зургийн аргаар, бичлэгээр бэхжүүлж авсан. Хэргийн газрын үзлэг хийхэд бууны сум, хонгио, гар утас олдсон. Энэхүү галт зэвсэг нь Б-ийн нэр дээр бүртгэлтэй байсан. Б нь галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, өөрийн нэр дээр галт зэвсэг худалдаж авсан болох нь тогтоогдож, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна" гэв.