Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор Монгол цэргийн нэгдсэн холбооны 10 жилийн ойд зориулан “Эх орны үнэ цэн-Иргэний бахархал” сэдэвт үндэсний чуулганыг Төрийн ордны “Их танхим”-д зохион байгууллаа. Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх нээж хэлсэн үгэндээ “Энэхүү чуулган эх орон, тусгаар тогтнолын үнэ цэн, эх түүх, өв соёл, үндэсний бахархлыг сурталчлан таниулах, иргэд, хүүхэд, залууст эх оронч үзлийг төлөвшүүлэн бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна. Монгол цэрэг эх орон, ард түмнийхээ аюулгүй байдлыг батлан хамгаалахын зэрэгцээ улс орныхоо нийгэм, эдийн засаг, соёл урлаг, боловсрол, шинжлэх ухаан, соён гэгээрүүлэх, эрүүлийг хамгаалах гээд нийгмийн бүхий л салбарт хүчин зүтгэж, сорилт, бэрхшээл бүхнийг нуруундаа үүрч, даван туулж ирсэн. “Нандигнан дээдлэх үндэсний өв соёл, үнэт зүйл”, “Эрхэмлэн хамгаалах үндэсний эв нэгдэл”, “Үндэсний язгуур эрх ашиг-Аюулгүй байдал”, “Монгол хүн-Монголын баялаг”, “Ногоон хөгжил-Монголын ирээдүй” зэрэг зорилтыг хэрэгжүүлэхэд төрийн болон төрийн бус байгууллага, ард иргэдээс гадна Монгол цэргийн нэгдсэн холбоо дэмжлэг үзүүлж, хамтран ажиллаж байгаад талархлаа илэрхийлье” гэлээ.
Чуулга уулзалтад төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын гурван үеийн төлөөлөл болох 1500 орчим ажилтан, алба хаагч, ахмадууд болон хилчид оролцлоо.