Дугуйн спортын эмэгтэй тамирчдаас Г.Энхжин богино хугацаанд амжилт гаргасан. Тэрбээр Монголд дугуйн шилдэг тамирчдыг төрүүлсэн алдарт дасгалжуулагч Н.Нармандах агсны шавь юм. Түүнийг ур чадвараа ахиулж, гадаад, дотоодын тэмцээнд хурд сорьдог болоход багшийнх нь хичээл зүтгэл их нөлөөлжээ. УАШТ, олон өдрийн уралдаанд нэг бус удаа түрүүлж, улсын аваргаар шалгарсан түүнд Азийн АШТ, Азийн тоглолтын уралдаанд хурд сорьсон чамгүй туршлага бий.
-Хөгжмөөр хичээллэдэг охин дугуйн спортод хөл тавьсан нь тун сонирхолтой санагддаг. Энэ спорт сэтгэлийг тань яг л соронз шиг татжээ.
-Би энэ спортод сонин тохиолдлоор хөл тавьсан. 2016 оны зун ангийн маань нэг найз дугуй унадаг болж, надад “Чи хичээллээч, сонирхолтой шүү дээ” гэдэг байлаа. Дараа жил нь найз минь хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн юм. Хэлсэн үгийг нь санаж явсаар нэг өдөр “Ерөөсөө оролдоод үзье” гэж бодоод Хан-Уул дүүргийн 34 дүгээр сургуулийн дасгалжуулагч Н.Нармандах багштай уулзахад “Чамайг хичээл зүтгэлтэй байвал би улсын аварга болгож чадна” гэв. Түүнээс хойш багшийн удирдлагад бэлтгэл хийж эхэлсэн. Хичээллээд удаагүй байсан тул уралдаанд оролцсон ч эхэндээ төдийлөн амжилт гаргасангүй. Багшийнхаа зөвлөснөөр хэдэн сар шаргуу бэлтгэл хийсний хүчинд УАШТ-д түрүүллээ. Тамирчны гараагаа улсын аварга болж эхлүүлсэндээ урам орж, цаашид үргэлжлүүлсэн. Багш минь Монголын дугуйн спортын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, шилдэг тамирчдыг бэлтгэсэн туршлагатай, тууштай зантай, хөдөлмөрч хүн байв. Тэтгэврийн мөнгөө шавь нарынхаа хоол унд, бэлтгэлд зориулсан. Хичээллэхээр анх ирэхэд “Багш, шавийн итгэлцэл дундаас амжилт гардаг юм. Чи надад итгэ, би чамд итгэе” гэж хэлсэн нь сэтгэлд тод үлджээ.
-Тамирчид бэлтгэл хийсэн анхны өдрийнхөө сэтгэгдлийг хуваалцах дуртай байдаг. Таны амьдралд ч бас таатай дурсамж үлдээсэн биз?
-Багшийн хоёр эрэгтэй шавь “Хэдүүлээ “Шувуун фабрик” орчхоод ирье” гэв. Өвлийн хүйтэнд дугуйтай хол зам туулах надад их хүнд санагдсан л даа. Тэр өдөр багш ажилтай байсан тул бэлтгэл хийх цагаасаа оройтож ирсэн юм. Биднийг тэндээс иртэл багш хүлээгээд сууж байв. Тухайн үед эмэгтэй тамирчин цөөн байсан. Багш тэднийг “Бэлтгэл хийхээр ирсэн хүүхдийн зоригийг мохоолоо. Халшраад маргааш ирэхгүй шүү дээ” гээд сайн зэмлэсэн дээ.
-Охиноо спорттой нөхөрлөх болсныг дуулаад аав, ээж тань эхэндээ дуртай хүлээж аваагүй л болов уу?
-Би өмнө нь морин хуур, гитар тоглодог байсан. Аав, ээжид дугуйгаар хичээллэдгээ мэдэгдээгүй. Морин хуурын дугуйланд явлаа гэж хэлээд хэдэн сар нууцаар бэлтгэл хийсэн. УАШТ-д эрэгтэйчүүд 100, эмэгтэйчүүд 50, элит ангиллынхан 180 км уралдсан. Манай багийн тамирчнаас нэг нь уралдааны замд саатсанаас болоод тэмцээн оройтож тарав. Гэртээ ирээд алтан медалиа харуулж, дугуйгаар хичээллэдгээ хэлэхэд манайхан гайхаж, баярлах нь зэрэгцсэн. Аав “Хөөх, миний охин мундаг байна” гээд урам хайрлахад ээж “Эмэгтэй хүүхдийг дугуйгаар хичээллүүлэхгүй” гээд хүлээж авсангүй. Манайхан тэр үед яаж ч хүлээж авсан би дугуйтай нөхөрлөхөөр шийдсэн байлаа.
-Таныг Мьянмар улсад зохион байгуулсан Азийн АШТ-д оролцсныг санадаг юм. Тэнд очоод ямар сэтгэгдэл төрж байснаа яриач.
-Тус улсад зохион байгуулсан Азийн АШТ-д оролцохоор хилийн дээс анх алхсан. Тивийн тэмцээнд өрсөлдөхийн тулд өвөл хацраа хайрагдтал бэлтгэл хийсэн юм. Онгоцонд суух гэтэл “Чиний зураг паспорт дээрхээсээ өөр байна” гээд оруулсангүй. Учир байдлаа арай гэж ойлгуулж, Мьянмарт хөл тавьсан хөгжилтэй дурсамжаа хааяа бодохоор инээд хүрдэг. Тэнд очсон өдрөөс эхлээд эргэн тойрныхоо олон зүйлийг ажигласан. Иргэд нь найрсаг зантай ч улс нь дөнгөж хөгжиж буй орныг санагдуулж байлаа. Дулаан уур амьсгалтай тул хаашаа л харна ногоон байгууламжтай, мод, цэцэг их тарьсан нь сайхан сэтгэгдэл төрүүлсэн шүү. Хүмүүсийнх нь амьдралын түвшин гудамжнаас нь тодорхой харагддаг юм билээ. Ядруухан амьдралтай нь алхаж, дундаж нь морин тэрэг, мотоцикл унаж, хангалуун нь автомашин барьдаг болох нь анзаарагдсан. Миний хувьд өмнө нь сүрлээр барьсан байшинг киноноос л харж байв. Тэндхийн хүмүүс сүрлэн байшинд амьдрахыг хараад их гайхсан. Монголд хоёрдугаар сард ид хүйтний улирал. Мьянмарт халуун байхад хүмүүс нь үстэй ороолттой явахыг хараад сонирхож асуухад “Манайд яг одоо өвөл болж байна” гэж хэлээд тун их гайхшируулж билээ.
-Уралдаан хэр сонирхолтой болсон бэ. Энэ тухай яриа өрнүүлбэл сонирхолтой түүх хуучлах байх гэж бодлоо.
-Тэмцээн эхлэхийн өмнө багшийнхаа итгэлийг алдахгүй юм сан гэж их бодож байсан. Барианд орохоос хоёр км-ийн наана шөрмөс татаж, уралдахад амаргүй боллоо. Монголд бэлтгэл хийж байхад эрэгтэй тамирчид цамцныхаа араас зүү сугалж аваад хөлийнхөө зангирсан булчин руу хатгадгийг тэр үед сайн ойлгоогүй юм. Харин тэр уралдаанд багшийн хэлсэн үг санаанд орлоо. Зориг гаргаад хөлийнхөө булчин руу зүүгээр хатгахад суларч байгаа нь мэдрэгдэв. Би уралдаанд эхний таван тамирчинтай тасарч эргэсэн ч нарийн замынх нь хашлага руу шахагдан, дугуйны дөрөө цохигдож бариалсан ч 11 дүгээр байрт орсон юм. Тухайн үед ур чадвараа ахиулж, туршлага сайн хуримтлуулсан бол медаль авах байсан гэж боддог.
-Спортын талбарт тамирчид олон бэрхшээлтэй тулгардаг. Сургуулийн тань багш нар таныг хэр ойлгож, тэмцээнд оролцуулдаг байв?
-Намайг X анги төгсөх жил ээж “Чи спорт хөөж байгаа бол Батлан хамгаалахын их сургуульд сур” гэлээ. Манай сургуулийн захирал, багш нар тамирчдаа ойлгож, хичээлээс нь чөлөөлөөд тэмцээнд оролцуулдаг байсан нь амжилт гаргахад багагүй нөлөөлсөн шүү. Өдөр бэлтгэл хийхээр болбол ангийн багш “Чи уралдаандаа бэлд. Багш нь ангийн нөхдөөр нь хичээлийг чинь нөхүүлж бичүүлье” гэнэ. 11, 12 дугаар ангид дэвшсэн жилээ бэлтгэлдээ анхаарал хандуулаад хичээлд бараг суугаагүй. Нэг л мэдэхэд шалгалт шүүлэг хаяанд ирчихсэн, төгсөх дөхсөн байж билээ. Оюутан болох үедээ Азийн АШТ-д оролцохоор бэлтгэл хийсэн тул нэг жил хойшлуулсан. Элсэлтийн ерөнхий шалгалтын өмнө урьдчилж өгөх монгол хэлний шалгалт давхацсан болохоор орхиод тэмцээндээ оролцсон юм. Ирээд шалгалт өгөх гэтэл монгол хэлний хичээлийн шалгалт өгөөгүй гээд авсангүй. Ингээд дараа жил нь доод ангийнхантай өгөхөөр болсон.
-Тамирчны гараагаа Хан-Уул дүүргийн дугуйн багийнхантай уралдаж эхлүүлсэн бил үү?
-Тийм ээ. 2018 оноос “Дархан элит” багт уралдаж эхэлсэн. УАШТ-д намайг түрүүлэхэд багш “Чи одоо ивээн тэтгэх байгууллагатай болох хэрэгтэй” гэв. Нэг өдөр “Чамайг “Cannondale Mongolia”-гийн хамт олон ивээн тэтгэх болсон шүү” гээд хэлэхэд их баярласан. Тус компаниас “Cannondale caad10” загварын дугуй, иж бүрэн хувцас, хэрэглэлээр хангасан юм. Багшийг өнгөрсний дараа тэд “Алдар” спорт хорооны дасгалжуулагч Т.Төгөлдөрт багтаа авч, уралдуулах талаар санал тавьсан юм билээ. Тус спорт хорооны үндсэн тамирчин болж, жил уралдахдаа бэртэж, тэмцээнд оролцолгүй нэг хэсэг завсарласан. Одоо удахгүй бэлтгэлээ хийж эхэлнэ. Т.Төгөлдөр дасгалжуулагч “Чи өөрийнхөө насанд сайн уралдъя гэвэл эрэгтэй тамирчидтай бэлтгэл хийх хэрэгтэй” гэж зөвлөдөг. Би тамирчдынхаа төлөө сэтгэл гаргадаг хоёр дас галжуулагчдаа талархдаг юм. Спортын босго өндөр, өрсөлдөөн ихтэй. Дугуйг амьдралынхаа зорилго болгож, бүхнээ зориулсан тамирчин л амжилтад хүрдэг.
-Дугуйтай нөхөрлөөд тамирчдаас гадаадын тэмцээнд ямар болзол биелүүлж, хэрхэн оролцдог талаар асуудаг байв уу?
-Тэд “БНСУ, БНХАУ-ын дугуйчид манайхантай уралдахдаа эмээдэг шүү дээ” гээд ярина. Тэр үед эмэгтэйчүүдээс Т.Энхжаргал эгч, эрэгтэйчүүдээс Б.Марал-Эрдэнэ ах, Азийн аварга, Б.Тэгшбаяр дэлхийн аварга болсон байв. Монголд дугуйн спорт хөгжиж, тамирчид нь хүчтэй өрсөлдөгч болсныг Гавьяат тамирчин Ж.Өлзий-Орших агсан дэлхийд анх таниулсан гэж боддог. Би нэг удаа бэлтгэл хийж явахдаа түүнтэй замд таарч, хажуугаар нь зөрөхдөө хальт зогссон юм. Тэрбээр “Бэлтгэл хийж байгаа бол чанартай хий. Дунд нь тасдаад энд, тэнд битгий зогсож байгаарай” гэв. Түүний зөвлөгөө одоо ч үнэ цэнтэй санагддаг. Бельги улсад 2022 онд болсон ДАШТ-д ОУХМ С.Жамбалжамцын оролцохыг хараад огшиж байлаа. Түүнийг өрсөлдөгчдөөсөө олон км-ээр тасарч уралдахад тэмцээний тайлбарлагч нь “Монголын тамирчин” гээд нэрийг нь цөөнгүй дурдсаныг санаж байна.
-Таныг тэмцээнд оролцож эхлэхэд өмнө нь уралддаг эмэгтэйчүүдийн олонх нь ажил, амьдралын мөр хөөсөн байсан болов уу даа?
-Тэднээс элит ангилалд Ж.Өлзий-Солонго эгч, Э.Энхмаа, Э.Энхсаран, Б.Баянжаргал нар уралддаг байлаа. Эхний гурван байрт тэд шалгардаг сан. Ж.Өлзий-Солонго эгч бид хоёр нэг багшийн шавь. Тэрбээр чанартай, гоё дугуйтай. Багш түүнтэй уулзаад “Чи энэ удаа Энхжинд дугуйгаа унуулаач” гээд гуйна. Туршлагатай дасгалжуулагчийн зөвлөгөөг сонсон, сайн тамирчны дугуйг унаж амжилт гаргасан удаа надад цөөнгүй бий. УАШТ-д анх оролцохоор хөнгөн цагаан дугуйтай гараанд зогсож байтал Ж.Өлзий-Солонго эгч “Чи миний дугуйгаар уралд” гээд өгөв. Түүний дугуйгаар уралдахдаа ядраагүй. Тэрбээр цуваа гараатай уралдаанд маш сайн. Өөрийнх нь дугуйгаар уралдаж, улсын аварга болоход их баярласан шүү.
-Дараа нь Сүхбаатар аймагт болсон УАШТ-д оролцож түрүүлсэн санагдана.
-Би цуваа төрөлд уралддаггүй. Тэр тэмцээн миний амьдралд сайхан дурсамж үлдээсэн. Уралдааны өмнө Ж.Өлзий-Орших эгч цуваа гараанд уралддаг дугуйгаа өгөхдөө “Чамайг II байрт орвол дахиж харьцахгүй шүү” гэлээ. Би ч хэлсэн үгийг нь санаж, хичээж уралдсаар түрүүлсэн. Түрүүлчхээд хамгийн түрүүнд холбогдож, “Дүү нь таны итгэлийг алдалгүй уралдаж, аварга боллоо” гэж баяраа хуваалцаж байлаа. Маргааш нь бөөн гараатай уралдаан боллоо. Багш машиныхаа арын цонхыг онгойлгоод гараад суучихсан “Миний охин мундаг байна. Яваад өг, урагшлаад өг” гээд хашхирч байсан дүр зураг хэзээ ч мартагддаггүй.
-Олон өдрийн тэмцээн УАШТ-ээс арай өөр болдог доо.
-Олон өдрийн тэмцээнд анх айдастай уралдсан. Тактик, төлөвлөгөө ч сайн мэдэхгүй. Тэр жил манай багт Н.Энхзул хурд сорьсон юм. Тэрбээр олон жил хичээллэсэн тул надаас илүү туршлагатай. Уралдаанд миний хажуугаар өнгөрөхдөө “Та тэр харагдаж байгаа чулууны хажуугаар эргээрэй” гэж шивнэлээ. Би хэлснээр нь эргээд түрүүлсэн. Олон жил уралдсан тамирчид замаа сайтар тооцоолж, тактик боловсруулдаг болдог юм. Дасгалжуулагч маань нэг удаа “Ж.Өлзий-Орших бол толгойгоо компьютер шиг ажиллуулдаг тамирчин” гэж байв. Сонирхоод асуухад “Тэрбээр гадаадын тэмцээнд Японы хоёр шилдэг тамирчинтай тасарч, ана мана уралдсаар барианы үзүүрт ирэхэд манеркаа замын хажуу руу шидтэл нөгөө хоёр эргээд харахын хооронд зөрж ороод түрүүлсэн гэдэг” гээд ярьсан юм. Дугуйчид уралдааны замд хурд, тэсрэлт, овсгоо самбаа гээд бүх зүйлээ гаргадаг юм шүү дээ.
-Дэлхийн дугуйн холбооноос зохион байгуулдаг сургалтад та хамрагдсан байхаа.
-БНСУ-д болсон тус сургалтад Индонез, Энэтхэг, Вьетнам гээд таван орны дугуйчинтай хамрагдсан. Тэнд байх хугацаанд сургалтад хамрагдсан тамирчдаар “WCC continental cycling centre” гэсэн баг бүрдүүлж, БНХАУ-д болсон тэмцээнд оролцуулсан юм. Тэр үед өмнөд хөршийнхөн багийнхаа тамирчдыг хэрхэн бэлтгэл хийлгэж, ямар тактикаар уралдуулдгийг харж байлаа. Үүнээс гадна Индонезэд болсон Азийн тоглолтод уулын дугуйн төрөлд оролцсон. Тамирчдаас зам нь тэсвэр, техник их шаардсан даа. Би эрсдэл ихтэй, хэцүү замаар уралдахдаа гараа гэмтээж тэмцээнээ өндөрлүүлсэн.
-Узбекистанд болсон Азийн АШТ-д оролцуулахын тулд багш тань“Дархан элит” клубийн нэрэмжит тэмцээнийг зохион байгуулахаа цуцалж, мөнгийг нь зардал болгоод явуулж байсан гэл үү?
-Тийм ээ. “Дархан элит” багт уралддаг байхад Узбекистанд болсон Азийн АШТ-д оролцохоор боллоо. Гэтэл зардал олддоггүй ээ. Тухайн үед багш Дархан-Уул аймагт “Дархан элит” клубийн нэрэмжит тэмцээн зохион байгуулах гэж байснаа цуцалж, “Чи одоо өөрт байгаа бүхнээ гаргаж уралдаарай. Багш нь нэрэмжит тэмцээн хийхээ болиод мөнгийг нь тэмцээний чинь зардал болголоо” гээд явуулж байлаа. Гадаадын тэмцээнд амжилттай оролцохын тулд уралдаан болох улсад сарын өмнө очиж, орчин нөхцөл, уур амьсгалд нь дасан зохицох бэлтгэл хийх нь зөв юм билээ. Тэнд тэмцээнд оролцохдоо хөгжөөн дэмжигчид нь багийнхаа тамирчдыг дэмжээд үзэж байгааг хараад сайхан санагдсан. Үзэгчдээс нь спортыг ойлгож үздэг соёлыг ч бас харж байв. Энэ ташрамд, дугуйгаар хичээллэж байгаа залууст туршлагаасаа хуваалцахад “Нэгт, болгоомжтой, хоёрт, эрүүл, гуравт, өөрийгөө ялан дийлэх сэтгэхүйтэй байгаарай. Амжилт гаргахыг зорьсон бол хэн нэгний бус, өөрийнхөө төлөө хөдөлмөрлөж байгааг сайн ойлгоорой” гэж хэлье.