“Мон-Алтиус” биеийн тамирын дээд сургуулийн багш, Азийн АШТ-ий хүрэл медальт, улсын шүүгч, ОУХМ М.Ганболд модон бөмбөгийг эх орондоо хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан дасгалжуулагчдын нэг. Тэрбээр эрэгтэйчүүдийн шигшээ багийг бэлтгэл хийлгэж, олон улсын болон тив, дэлхийн тэмцээнд сойж, медалиас цөөнгүй атгуулсан. Тухайлбал, Тайваньд 2007 онд зохион байгуулсан Азийн АШТ модон бөмбөгийн V тэмцээнд эрэгтэй тоглогчдынхоо хамт 15 орны 150 тамирчинтай өрсөлдөж, хүрэл медаль анх удаа гардан, хойшид оролцох тамирчдадаа амжилтын жим гаргаж байв. Түүний удирдагад бэлтгэл базаасан эрэгтэйчүүдийн шигшээ багийнхан 2011, 2013, 2014, 2016, 2018, 2019, 2023 онд болсон тив, дэлхийн тэмцээнд бахдам амжилт үзүүлж, мөнгө, хүрэл медальтай эх орондоо ирсэн билээ.
-Оюутны спортын VI наадам ид өрнөж буй үед таныг олж уулзах үнэхээр амаргүй байлаа.
-Ойрд амрах завгүй ажиллаж байгаа. Оюутны спортын их наадмын тэмцээнд түрүүлсэн баг, тамирчин эх орноо төлөөлж дэлхийн оюутны универсиад наадамд өрсөлдөх юм. Би “Мон-Алтиус” сургуульд дасгалжуулагч багшаар 20 жил ажиллаж байна. Эл сургуулийн дасгалжуулагчид спортын 16 төрөлд тэмцээн зохион байгуулж, шалгарсан тамирчдаа тус наадмын шигшээ тэмцээнд сойдог юм. Манай сургууль 2005 оноос багийн бүрэлдэхүүнээ анх оролцуулснаас хойш зургаа дахь наадмын нүүр үзэж буй. Энэ удаагийнхад 160 гаруй тамирчин 20 дасгалжуулагчийн удирдлагад өрсөлдөж, таеквондогийн төрөлд нэг алт, дөрвөн мөнгө, хоёр хүрэл медаль хүртэв. Жүдо бөхийн тэмцээнд таван алт, гурван хүрэл медаль гардаж, багийн дүнгээр тэргүүн байр эзэллээ. Тус сургуулиар овоглодог тамирчид олон улсын болон тив, дэлхийн тэмцээнд ур чадвараа сорьдог. Тэр дундаа жүдо, чөлөөт бөхийн төрөлд өндөр амжилт гаргаж байгаа. Мөн сагсан бөмбөг, волейболын үндэсний дээд лигт жил бүр 5-6 тамирчин тоглодог. Сагсан бөмбөгийн 3x3 төрөлд оюутны ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн багийнхан манай сургуулиас төрлөө.
-Тус сургуулийг төгсөгчид хүүхдээ тамирчин болгох зорилгоор суралцуулдаг гэж сонссон шүү.
-Сагсан бөмбөг, волейболын ангид сурдаг тамирчин олон бий. Тус сургуулийг төгссөн үе үеийн төгсөгчид хүүхдүүдээ “Чи Г.Амарсанаа багш дээр заавал очоорой. Хариуцаж даасан ангид нь сураарай” гэж захидаг. Энэ сургуулийн төгсөгчдийн олонх нь аймаг, сумдаа дасгалжуулагч, биеийн тамирын багшаар ажилладаг юм.
-Та “Мон-Алтиус” сургуульд багшилдаг байхдаа модон бөмбөгийн спорттой нөхөрлөсөн үү?
-Тийм ээ. Сургуулийн захирал нэг өдөр өрөөндөө дуудаж уулзахдаа “Олон улсын модон бөмбөгийн холбооны төлөөлөгчид Монголд сургалт хийхээр иржээ. Бид ярилцаад чамайг оролцуулахаар болсон” гэв. Модон бөмбөг гэж ямар спорт байдгийг чмэдэхгүй нөхөр дэвтэр, үзгээ бариад МҮОХ руу явж билээ. Олон улсын модон бөмбөгийн Техникийн хорооны гишүүн Тайваниас ирж сургалт явуулахад энэ спортын талаар олон зүйл мэдэж авсан. Тэр цагаас өөрөө сонирхож хичээллэхийн зэрэгцээ тамирчид бэлтгэх боломжтой юм гэж бодоод дасгалжуулагчаар ажиллахаар сэтгэл шулуудсан юм. Намайг энэ спорттой танилцуулсан М.Өсөхбаяр захиралдаа их талархдаг. Би 2003 онд модон бөмбөгөөр хичээллэж, Дархан-Уул аймагт 2007 онд болсон УАШТ-д мөнгөн медаль хүртэж, Тайванийн Тайпэй хотод зохион байгуулсан Азийн АШТ-д оролцсон. Тивийн тэмцээнд Монголоос зургаан тамирчин чадвараа сорьж, эрэгтэйчүүдийн баг анх удаа хүрэл медальтай ирсэн бахархам түүх бий. Бид тус тэмцээнд медаль хүртсэнээ мэдээгүй. Тэмцээн эхлэхийн өмнө “Улсын минь нэр гарах болохоор сүүлийн байрт орохгүйхэн шиг тоглоно шүү” гээд ярьцгааж байлаа. Медаль гардуулах ёслолын ажиллагаа болоход Монголын баг гээд зарлахад нь гайхах, баярлах зэрэгцсэн шүү.
-Модон бөмбөгийнспорт нас хязгаарладаггүй тул Монголд хичээллэдэг хүн олон юм билээ.
-Хүмүүс хөгжиж буй спортыг их сонирхдог. Оюуны УАШТ, Холбооны цомын тэмцээн жил бүр болоход оролцогчдын тоо нэмэгдсэн байдаг. Тухайн үед хэрэглэл материал ховор, холбооныхэдэн бөмбөг, цохиураар тоглох гэж булаацалддаг сан. Би модон бөмбөгөөр хичээллэсэн эхний жилүүдэд бөмбөг, цохиураа хэрхэн хадгалах горимыг сайн мэддэггүй байв. Үүнийг Тайваньд2007 онд болсон тэмцээнд анх оролцохдоо анзаарч, модон бөмбөгийн хэрэглэл материалыг чийглэг орчинд хадгалдаг болохыг мэдсэн юм. Монголын цаг агаар эрс тэс, хөрс нь хуурай, хатуу. Бөмбөг цохиход чигээрээ өнхөрдөг болохоор тамирчид хүч нэг их зарцуулдаггүй. Тэгвэл Тайвань чийглэг уур амьсгалтай. Зүлэг нь зөөлөн тул цохисон бөмбөг хол өнхөрдөггүй, хүч их зарцуулдаг болохыг ойлгосон. Тэр үед улс бүрийн тамирчид ямар техникээр тоглодог, тэмцээнд хэрхэн оролцож, орчныхоо уур амьсгалыг сонирхолтой болгодгийг ажиглаж билээ. Одоогийнх шиг сошиал ертөнц хөгжөөгүй байсан хэдий ч бид гадаадын тамирчдын тоглох арга барилыг харж, эх орондоо нутагшуулах, тамирчдаа техникээс нь эзэмшүүлэхийг зорьдог байсан даа.
-Сүүлийн үед модон бөмбөгийн олон улсын тэмцээнд тамирчид гольфын цохилт, техникийг түлхүү ашиглах болжээ.
-БНСУ, Японд гольф өндөр хөгжсөн. Тамирчид нь тэмцээнд тоглохдоо гольфын үндсэн цохилтуудыг түлхүү хэрэглэдэг. Тайвань, Тайландын баг дэлхийд амжилтаараа дээгүүр жагсдаг. Тамирчид ньгольфын сонго дог цохилтуудын техникийг түлхүү ашиглана. Сүүлийн үед манайхан ч гэсэн тоглолтдоо нутагшуулж байгаа. Би тамирчдаа бэлтгэл хийлгэхдээ тохойг нь их биетэй нь наалгуулж татуулдаг. Өмнө нь хоёр тохойг урагш хөндийрүүлж шууд цохидог байсан. Тэгвэл тайландчууд цохиураа газартай бараг наалдуулж, чигээрээ цохидог юм. Улс бүрийн тамирчдын тоглох онцлог өөр. Манайхан 12 замын эхний гурван замд гараанд гарсан тамирчдын арга барил, техникийг судлах маягаар тоглодог. Японы тамирчид тэмцээний дараа “Монголын тамирчид их хүчтэй юм” гээд гарыг нь барьж үзнэ шүү дээ. Монголын тамирчдын ур чадвар жилээс жилд ахиж байгааг Олон улсын модон бөмбөгийн холбооны удирдлагууд үнэлж “Танайхан хүчтэй өрсөлдөгч” гэх болсон.
-Монголын шигшээ багийнхан өмнөд хөршийн Шаошин хотод өнгөрсөн жил зохион байгуулсан Азийн АШТ-ээс мөн л ганзага дүүрэн ирсэн шүү дээ.
-Манай тамирчид оролцсон тив, дэлхийн тэмцээн бүрээсээ шагналтай ирдэг. Дээрх хотод болсон Азийн АШТ-д Монголын эрэгтэй, эмэгтэйчүүдийн шигшээ багийнхан өрсөлдөж, тус бүр хүрэл медаль хүртэж байлаа. Эмэгтэйчүүдээс цохилтын төрөлд ОУХМ Б.Оюунтуяа мөнгөн медаль гардсан. Бид БНСУ-д долоодугаар сард болох дэлхийн элсний наадамд оролцохоор бэлтгэлээ базааж эхэллээ. Монголд энэ спорт 20 гаруй жил хөгжихдөө дардан зам туулаагүй. Хэдий тийм ч холбооны удирдлагууд тамирчдаа дэмжсэний хүчинд тив, дэлхийн тэмцээнээс цөөнгүй медаль хүртсэн. Монголын эрэгтэй, эмэгтэйчүүдийн шигшээ баг тивдээ хүчтэй өрсөлддөг болсноор Тайвань, Тайланд, Хонконгийн тамирчидтай ана мана тоглож, эхний гурван байрт шалгарч байна. Эрэгтэйчүүдээс ОУХМ Б.Мөнхбат, Б.Болдбаатар, эмэгтэйчүүдээс Б.Оюунтуяа амжилтынхаа чансаагаар дэлхийн шилдэг 30 тамирчны жагсаалтад багтсан. Хамгийн сүүлд “Залуу од” клубийн тамирчин Г.Санзайдорж 27 дугаар байрт бичигдэж ДАШТ-д оролцохоор боллоо.
-Олон улсын сертификат олгох дасгалжуулагчийн семинарт та ХААИС-ийн багш Ж.Загасын хамт хамрагдсан юм билээ.
-Бид Тайваньд 2011 онд болсон Азийн АШТ-д шигшээ багаа оролцуулсны дараа олон улсын дасгалжуулагчийн сургалтад долоо хоног хамрагдсан юм. Ж.Загас багш хөдөлмөрч, шаргуу, дайчин, зантай. Таван цагт өрөөний хаалга тогшоод “Ганболд оо босоорой, бэлтгэлээ хийе” гэнэ. Би “Багш аа, өглөөний цайгаа уугаад талбайд гаръя” гэхэд өөдөөс “Хоёулаа Монголоос энд амарч, тухлах гэж ирээгүй. Түмний хүүхдэд юу сурснаа заана шүү дээ” гэдэг сэн. Тэмцээн болдог талбайд Монголын хоёр дасгалжуулагч бөмбөг, цохиур бариад бэлтгэл хийж байгааг Тайванийн Модон бөмбөгийн холбооны ерөнхийлөгч нэг өдөр анзаарч харж. Ингээд итгэл хүлээлгэж “Та хоёр өөрт хэрэг болох бөмбөг, цохиур авч бэлтгэл хийгээрэй” гэж багаж, хэрэгсэл хадгалдаг агуулахынхаа түлхүүрийг өгч билээ. Биднийг шалгалтдаа амжилттай тэнцэхэд Олон улсын модон бөмбөгийн холбооноос шинэ цохиур бэлэглэж байв. Би дасгалжуулагчдаас Ж.Загас, Г.Болдбаатар багштай гар, сэтгэл их нийлдэг шүү.
-БНСУ модон бөмбөгийн бөмбөг, цохиур үйлдвэрлэдэг болсон гэж дууллаа. Манай хан үйлдвэрийнх нь үйл явцтай танилцав уу?
-Биднийг өнгөрсөн жил Азийн АШТ-д оролцоход тус улсын холбооны ерөнхийлөгч үйлдвэрлэлийнхээ үйл явцын талаар танилцуулахдаа “Бид олон улсад худалдах зөвшөөрөл авбал бусад улс руу туршилтын журмаар явуулж, тамирчдаа бэлтгэл сургуулилалт хийлгэнэ. Орон тус бүрийн цаг агаар өөр тул бодит туршилт хийж, алдаатай, алдаагүй, эсэхийг нь мэдэхийн тулд анхаарал хандуулж ажиллана. Танай улсын багийг бэлтгэл хийвэл үйлдвэрлэлтэйгээ танилцуулъя. Манай баг Монголд бэлтгэл хийхээр очих үед цаг агаар, орчин нөхцөл нь таарч буй, эсэхийг сайтар судална” гэж байлаа.
-Гадаадын тамирчдын бэлтгэл хийж байгааг хараад танд ямар бодол төрдөг вэ?
-“Манай улс хэзээ тэдэн шиг олон улсын стандартад нийцсэн талбайтай болох бол” гэж атаархангуй боддог юм. Дасгалжуулагчийн ажил амаргүй шүү дээ, өндөр үүрэг хариуцлагатай. Эцэг, эх нь хүүхдээ багшид нь даатгаж явуулдаг болохоор бүх зүйлд нь анхаарал хандуулна. Тоглолтын үед тэднийхээ сэтгэл зүйч, хоол зүйч, бариач, тогооч болно. Тамирчдаа амжилттай оролцуулахын төлөө тэмцээн өндөрлөтөл сэтгэл амрахгүй.
-Монголын модон бөмбөгийн анхны баг тамирчид хүрэл медальтай ирснээс хойш амжилтын буухиа тасраагүй өнөөг хүргэсэн гэж боддог юм.
-Биднийг хүрэл медальтай ирснээс хойш Монголын шигшээ багийнхны амжилтын буухай тасраагүй. Оман улсын Мускат хотод 2010 болсон элсний наадамд модон бөмбөгийн төрөлд миний шавь нараас Г.Сугарбаяр медаль хүртсэн юм. Шавь маань Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ерөнхий боловсролын I сургуульд биеийн тамирын багшаар ажилладаг. Миний хувьд 2004, 2007 онд УАШТ, Холбооны цомын тэмцээнд оролцсоныхоо дараа дасгалжуулагч болж байлаа. Багаа дасгалжуулаад өөрөө тэмцээнд оролцох нь нэг талаар хэцүү, бас амар санагддаг. Намайг тамирчин байх үед олон улсын тэмцээнд хамт өрсөлддөг байсан гадаадын тоглогчдын олонх нь дасгалжуулагч болж, багаа оролцуулахаар ирдэг юм.
ОУХМ Д.Даваадорж Японд ажиллаж, амьдрахын зэрэгцээ Бүх Японы аварга шалгаруулах тэмцээний модон бөмбөгийн төрөлд түрүүллээ. Мөн манай сургуулийн төгсөгч Ж.Шинэнжамц мөн тэнд сурч байна. Тэрбээр оюутан байхдаа хөнгөн атлетик, модон бөмбөгөөр хичээллэж, Тайванийн Тайпей хотод 2016 онд болсон ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн. Одоо сургуульдаа шигшээ баг бүрдүүлээд Бүх Японы АШТ-д сойхоор бэлтгэл хийлгэж буй. ДАШТ-д олон улсын шилдэг багууд өрсөлддөг. Азиас Тайвань, Тайланд, Хонконг хүчирхэг тамирчдаа илгээнэ. Манай шигшээ багийн тамирчдаас Б.Билгүүндалай цохилтын төрөлд хүрэл, Б.Баянбулаг, Б.Мягмарсүрэн нар холимог хосын төрөлд мөнгөн медаль гардаж байв.
-Гэр бүлийнхэн тань ойлгож, дэмждэг болохоор та ажлаа тайван хийдэг байх.
-Гэр бүл минь дэмждэгийн ачаар ажлаа тайван хийж, спорттой өнөөг хүртэл нөхөрлөж байна. Эхнэр МУИС-ийг электроникийн инженер мэргэжлээр төгссөн. Манайх охин, хүүтэй. Тэд модон бөмбөг тоглодог. Охин минь багаасаа хичээллэсэн. Хүүхдүүдээ тамирчин болохоор зоривол бид дуртай дэмжинэ. Зуны амралт эхлэхээр гэр бүлээрээ аялахдаа модон бөмбөгийн хаалга, бөмбөг, цохиураа ямар ч их ачаатай байсан машиндаа багтаагаад л явна. Би Завхан, эхнэр Өвөрхангай аймгийнх. Жил бүр нутаг руугаа явахдаа хүмүүст спортоо сурталчилж, хэрхэн тоглохыг заадаг юм. Сүүлийн үед шигшээ багаа залуу тамирчдаар хүч сэлбэж байгаа. Өнгөрсөн жилийн Азийн АШТ-д мастер цолтнуудаас бүрдсэн баг оролцсон юм. Тэдний олонх нь ажил, амьдрал хөл тавьсан ч хичээллэдэг дуртай спортдоо үнэнч үлдсэн. Ажилтай байсан ч гадаад, дотоодын тэмцээнд зав гаргаад оролцдог тамирчдынхаа ур чадвар, туршлага, хичээл зүтгэлээр бахархдаг. Энэ ташрамд, Монголд модон бөмбөгийг хөгжүүлэх үйлсэд, мөн шигшээ багийг бүрдүүлэхэд, олон улсын болон тив, дэлхийн тэмцээнд оролцоход дэмжин тусалдаг холбооныхоо удирдлага, тамирчдынхаа гэр бүл, эцэг, эх, найз нөхөд, байгууллагынх нь хамт олонд баярласнаа илэрхийлье.