Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч бригадын генерал Ж.Болдбаатар өнөөдөр “Оюутан цэрэг” цэргийн мэргэжил олгох сургалтын “Цэргийн ерөнхий бэлтгэл” онолын сургалтын зохион байгуулалт, хичээлийн явц, байдалтай танилцаж, оюутнуудтай уулзалт зохион байгууллаа.
Тус сургалт энэ жил Үндэсний батлан хамгаалахын их сургууль, Монгол Улсын их сургууль, Шинжлэх ухаан, технологийн их сургууль, Худалдаа үйлдвэрлэлийн их сургууль, Монгол Улсын боловсролын их сургууль зэрэг улсын сургуулиулиудыг түшиглэн зохион байгуулагдаж байна.
Анх 2014 оноос хэрэгжиж эхэлсэн уг сурталтад оюутан, суралцагчдыг 2022 оноос эхлэн “E-Mongolia” цахим платформоор бүртгэж эхэлсэн. Энэ жилийн тухайд голч оноо, эрүүл мэндийн үзлэг, биеийн тамирын шалгалтад тэнцсэн 1000 гаруй оюутнууд сургалтад хамрагдах эрхээ олж авсан юм. Түүнчлэн тэдгээр суралцагч оюутнууд 3 сарын 30-аас 6 сарын 2-ны өдрийг хүртэл танхимийн, 6 сарын 15-аас 8 сарын 15-ны өдөр хүртэл хээрийн бэлтгэл сургалтад хамрагдана.
Мөн энэ жилийн сургалтын онцлог нь танхимаар олж авсан онолын мэдлэгийг дадлагаар баталгаажуулах, дасгал хөдөлгөөн, гүйлт гимнастикийг тогтмолжуулах үүднээс биеийн тамирийн хичээлийг нэмэлтээр оруулж буй юм.
Бригадын генерал Ж.Болдбаатар оюутнуудтай уулзах үеэрээ тэдний санал сэтгэгдлийг сонсож, батлан хамгаалах бодлого, үйл ажиллагааг сурталчлав.
Тэрээр “Та бүхэн ирээдүйд өөртөө тавьсан зорилгодоо хүрэхийн тулд, мөн иргэний, цэргийн үүргээ үнэнчээр биелүүлэхээр уг сургалтад хамрагдаж байна. Монгол Улсад Цэргийн алба хаах таван төрөл байдгийн нэг нь энэхүү "Оюутан цэрэг" цэргийн мэргэжил олгох сургалт юм. Тиймээс та бүхэнд батлан хамгаалах салбарын нийт алба хаагчдын нэрийн өмнөөс талархал дэвшүүлмээр байна. Та бүхэн өмнө нь ээж, аавын хүү байсан бол энэ сургалтад хамрагдсанаар төрдөө тангараг өргөсөн эх орны хүү болж байна гэсэн үг. Энэ бол том бахархал юм. Би 1986 онд Цэргийн тангараг өргөж байлаа. Түүнээс хойш өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж байна. Эр хүн болгон бахархалтай байх ёстой. Харин тэр бахархал нь эх орон гэх энэ агуу том ойлголт байх ёстой гэдгийг та бүхэн ойлгож аваарай. Тус хөтөлбөрт хамрагдсанаар залуус эх оронч үзэлд төлөвшиж, тэдний хандлага, хариуцлага сайжирч, хууль журмыг ойлгож авдаг. Тиймээс залуус та бүхэн эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхийн зэрэгцээ албаа амжилттай хаахыг хүсье” гэлээ.
Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагчийн хамт БХЯ-ны ХШҮДАГ-ын дарга хурандаа Н.Пүрэвдорж, СБТГ-ын Орон нутгийн хамгаалалт, улсын дайчилгааны хэлтсийн дарга хурандаа Д.Энхсайхан, Нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга хурандаа Г.Ялалт нарын албаныхан ажиллалаа.