-Улаанбаатарт төвхнөөд удаагүй ч олон шавьтай болжээ. Клуб байгуулсан анхны өдөр хэдэн хүүхэд хичээллэхээр ирж байв?
-Одоогоор 30 гаруй тамирчинтай болсон байна. Би БНСУ-д суралцах хугацаандаа жиү жицүгээр таван жил хичээллэсэн. Эх орондоо өнгөрсөн жил ирж, хичээлийн шинэ жил эхлэхтэй зэрэгцээд Баянгол дүүрэгт “Эрхэс” клубээ нээж байлаа. Үйл ажиллагаагаа эхлүүлсэн анхны өдөр цахим хуудасны найзуудаас хоёр нь хүүхдээ хөтлөөд ирсэн. Намайг клуб нээснийг фэйсбүүкээс хараад өөрийн хүслээр энэ спортод хөл тавьсан хүүхэд цөөнгүй бий. Монголд клуб байгуулаад багшлах амаргүйг мэдэж байсан ч залуу хүний зориг, эрч хүч, тэмүүллээр эрсдэлийг тооцохгүй, алдахаас айхгүйгээр ажлаа шууд эхлүүлсэн. Хүн эргэлзэхгүйгээр шийдвэр гаргах үетэй хааяа нүүр тулдаг. Тийм үед зүрх сэтгэлийнхээ үгийг сонсох нь хамгийн зөв санагдсан. Миний хувьд сүүлийн хэдэн жил ийм зарчмаар ажиллаж байна. Клуб байгуулах уу, эх орондоо хэдэн сар амьдраад Европыг зорих уу гэж их бодсон. Спортод одоогийнхоос ч илүү амжилт гаргах оргил үеэ гадаадад өнгөрүүлсэндээ харамсдаггүй. Би тэнд ажиллаж, тэвчиж, үүрэг хариуцлагатай байхыг сурсан.
-Дасгалжуулагчаар ажиллах нь тамирчин байхаас сонирхолтой санагддаг уу?
-Тийм ээ. Сайхан санагддаг. Багшлахын зэрэгцээ олон улсын болон тив, дэлхийн тэмцээнд оролцдог. Ээж минь бөхийн спортод дуртай. Би спортын гараагаа үндэсний бөхөөр эхлүүлсэн. Сэлэнгэ аймгийн Мандал сумаас ээжтэйгээ Улаанбаатарт ирж, жүдогоор хичээллэж билээ. Түүнээс хойш зургаан жил дотоодын тэмцээнд зодоглож, 40 гаруй медаль хүртсэн байдаг юм. Энэ жил жүдогийн мастеруудын УАШТ-д66 кг-ын жинд түрүүлж, АНУ-д наймдугаар сард болох ДАШТ-д өрсөлдөх эрх авсан. Шавь нар минь ч жиү жицүгийн УАШТ-ээс багаараа 10 гаруй медаль хүртлээ.
-Хилийн дээс алхаж, жиү жицүтэй нөхөрлөсөн он жилүүдээр тань аялмаар санагдлаа. Сонирхолтой түүх өгүүлэх байх даа.
-Би жүдогоор чин сэтгэлээсээ хичээллэдэггүй байснаа ойлгосон. БНСУ-д хөл тавиад жижиг зүйлд ч үнэ цэн байдгийг ухаарсан юм. Тухайн үед цөөнгүй тэмцээнд оролцсон ч спортын ямар нэгэн цолгүйдээ сэтгэл дундуур явдаг байв. Олон жил тээсэн бодлоо энэ удаа биелүүлж, спортын дэд мастер цолтой боллоо. Ирэх зун ДАШТ-ээс медаль хүртэх зорилго тавьсан. Мөн АНУ, АНЭУ-д жил бүр болдог жиү жицүгийн ДАШТ-д ч амжилттай өрсөлдөнө. Дэлхийд жиү жицүгийн IBJJF, AJP, JJIF зэрэг томоохон холбоо бий. Өмнөд хөршийн Эрээн хотод ирэх сард олон улсын тэмцээнтэй. Мөн Дорноговь аймагт зохион байгуулах тэмцээнд шавь нараа оролцуулахаар бэлтгэж байна.
-Гадаад, дотоодын тэмцээнд оролцоход багагүй мөнгө хэрэг болдог юм билээ. Монголд тамирчдыг дэмжиж, гар сунгах байгууллага хуруу дарам байгааг анзаарсан л биз дээ?
-Өнөөгийн нийгэмд бусдаас дэмжлэг хүсэх хэцүү. Үйл ажиллагаа явуулдаг олон байгууллагаас спорт ойлгож, дэмждэг нь цөөн. Би аль алинд нь хувийнхаа зардлаар оролцдог. Спортоос хөндийрөлгүй тууштай нөхөрлөж байгаа минь ээжийн тус дэмтэй их холбоотой. Хэзээ нэгэн цагт тив, дэлхийн аварга болж, хүслийг нь биелүүлнэ гэдэгт итгэдэг. Жиү жицү олон төрөлтэй. БНСУ-д долоо хоног бүр тэмцээн болдог юм. Оролцох бүрдээ 2-3 төрөлд нь өрсөлдөж, медаль хүртэнэ. Надад олон улсын томоохон тэмцээнээс гардсан 60 гаруй медаль бий. Өвөө минь Сэлэнгэ аймгийн Мандал сумд амьдардаг. Намайг бөхийн спортоор хичээллэсэн цагаас дэмжиж ирсэн. “Медалиа зүүгээрэй” гээд Монголоос гурван тууз өгч явуулахад дүүрээд бүр илүү гарсан шүү. Миний хувьд 2024 он амжилт далласан жил болж байна. Спортод азбайдаггүй. Тухайн тамирчин хэр хөдөлмөрлөнө тэр хэмжээгээр амжилт гаргадаг. Товлосон тэмцээнүүдэд заавал түрүүлнэ гэсэн зорилго тавиагүй ч медальт байрт шалгарсандаа сэтгэл өндөр байгаа. Өнгөрсөн нэгдүгээр сараас эхлээд цөөнгүй тэмцээнд хүч сорьсон тул энэ сард өөрийгөө амрааж, шавь нарынхаа бэлтгэлд анхаарал хандуулж байгаа.
-Хүний нутгийг зорихдоо өөртөө ямар зүйл амлаж байсан бэ?
-Хаана ч явсан, ямар ч амжилт гаргасан нэг л зангаараа байхыг хүсдэг. Хүн алдарт хүрч, амжилт гаргаж болно. Харин хүнлэг сэтгэл, хүн чанараа гээж болохгүй. Би их сонин тохиолдлоор энэ спортод хөл тавьсан. 2018 оны арваннэгдүгээр сард санагдана, жиү жицүгийн клуб харагдахаар нь яваад орлоо. Дасгалжуулагчтай нь уулзахад “Маргааш өөр хотод сургалт болно. Олон тамирчин хамрагдах учраас сонирхолтой арга хэмжээ болох байх. Чи явах уу” гэж санал тавихад нь зөвшөөрсөн. Сургалтад суухаар очтол ягаан, бор, хар бүстэй тамирчид ирсэн байхыг хараад “Би ч гэсэн тэдэн шиг биеэ өв тэгш хөгжүүлье” гэх бодол төрсөн юм. Энэ тухайгаа найзууддаа сонирхуулахаар цахим хуудсандаа бичсэн байхыг дэлхийн хошой аварга С.Өлзийбаяр ах хараад “Жиү жицүгээр хичээллэдэг үү. Сөүлд 2019 оны хоёрдугаар сард Азийн зэрэглэлийн томоохон тэмцээн болно. Чи оролцооч” гэв. Бид тухайн үед одоогийнх шигээ ойр дотно байгаагүй. Тэмцээнд оролцож үзмээр санагдаад хэдэн сар бэлтгэл хийсэн. Тус тэмцээний цагаан бүсний ангилалд 76 кг-д барилдаж, дөрвөн удаа ялсан юм. Аваргын төлөө АНУ-ын бөхтэй таарсан ч цаг дуусахаас өмнө нэг оноогоор ялагдаж, мөнгөн медаль хүртсэн. Санаандгүй оролцсон тэмцээндээ өндөр амжилт гаргана гэж төсөөлөөгүй тул их гайхаж байлаа. Тэр өдөр өөрийгөө дахин мэдэрсэн болохоор хүмүүсийн дэргэд догдолсон сэтгэлээ арай ядан барьж, гэртээ хариад баярын нулимс унагасандаа.
-Шагналын салхи хагалсан мөнгөн медаль эзэндээ түүнээс хойш олон амжилт далласан гэдэгт эргэлзэхгүй байна.
-14 хоногийн дараа дахин нэг тэмцээнд оролцож хоёр дахь мөнгөн медалиа гардлаа. Харах тусам өнгийг нь хувиргаж, алт болгох хүсэл төрсөн. Дараа жилийнх нь тавдугаар сард БНХАУ-ын Шанхайд зохион байгуулсан олон улсын тэмцээнд зодоглож түрүүллээ. Авна гэж зорьсон медалиа атгаж чадсандаа урамшиж, жиү жицүд зүрх сэтгэлээ зориулах болсон. Хүн завгүй байх тусмаа их ажил амжуулдаг. Тэр үед надад амралтын өдөр гэж байгаагүй. Бэлтгэлийн цагаас өмнө хичээл, хийхээр төлөвлөсөн ажлаа амжуулна. Дуртай зүйлдээ цаг гаргаж, болгоё, бүтээе, хөгжье гэсэн сэтгэл минь намайг өдий зэрэгт хүргэсэн гэж боддог. Миний ололт, амжилт, хөгжил энэ спорттой салшгүй холбоотой. Би одоо маркетинг, менежментийн чиглэлээр сурдаг. Шавь нараа бэлтгэл хийлгэх, өөрөө тэмцээнд оролцох гээд цаг хугацаатай уралдаж байна.
-Амжилт гаргахыг хүмүүс медаль хүртэхийн нэр гэж ойлгодог. Харин та үүнд ямар бодлоор ханддаг вэ?
-Надтай хамт жүдогоор хичээллэж байгаад замын дундаас орхисон зарим найзаа “Би тууштай хичээллэсэн бол түүнээс ч илүү амжилт гаргах байлаа” гэж ярихыг нь нэг бус удаа сонссон. Хүн эхлүүлсэн зүйлээ дуустал нь тууштай хийвэл насны эцэст харамсахгүй. Амжилт гаргана гэдэг медаль хүртэхдээ бус, өөрийгөө сорьж, дуртай зүйлээ хийж, сэтгэл тайван амьдрах гэж ойлгодог. Хүнд хүсэл мөрөөдөл нь юуг ч даван туулаад гарах сэтгэлийн тэнхээ өгдөг. Спортоор хичээллэсний ачаар зөв амьдарч явна. Залуудаа алддаггүй хүн ховор шүү дээ. Би ч гэсэн алдсан. Буруу гэдгээ мэдээд алдаагаа давтаагүй. Эргээд харахад зөв замаар алхаж яваа бол тэр миний амжилт юм.
-Жиү жицү таны амьдралыг төсөөлж байгаагүйгээр өөрчилсөн ч байж болох юм.
-Тийм ээ, өөрчилсөн. Би өмнө нь огт өөр бодол, зорилготой амьдардаг байлаа. БНСУ-д сургуулиа төгсөөд, цалин өндөр ажил хийж, мөнгө хураана. Дараа нь эх орондоо очиж, бизнес эрхэлнэ гэж боддог байв. Хэрвээ жиү жицүгээр хичээллээгүй бол огт өөр замаар явах байсан болов уу. Клубээр санаандгүй орж, солонгос дасгалжуулагчидтай уулзсан тэр өдөрт баярладаг. Тэднээс хүн байх, амьдралын ухаанаас суралцсан. Тиймээс багш нараа аав шигээ хүндэлдэг. Намайг амжилтад хүргэхийн тулд зөв залж, чиглүүлсэн болохоор үргэлж талархаж, холбоотой байдаг юм.
-Хүмүүс хүүхдүүдээ энэ спортоор хичээллүүлж, зөв хүн болж хүмүүжихэд нь анхаарал хандуулдаг болжээ.
-10 жилийн өмнө хүмүүс хүүхдүүдийнхээ боловсролд цаг заваа зориулдаг байсан бол одоо спортоор хичээллүүлж, эрүүл, эрч хүчтэй, зөв хандлагатай болж хүмүүжихэд нь анхаардаг болсон. Хүүхдүүд зааланд ирснээр нэгнээ хүндэлж, ойлгодог болж байна. Би шавь нартаа амжилтаас илүү хүнлэг байхыг заадаг. Миний багш болсон зорилго энэ шүү дээ. Тамирчдадаа “Хичээллэж буй клубийг чинь хэн нэгэн зориод ирвэл мэндэлж сураарай. Дэвжээнд бэлтгэл хийдэг нөхдөө үргэлж хүндэлж, зөв харилцаж байгаарай” гэдэг. Хүүхдийнхээ хичээллэдэг спортоор дамжуулж, тухайн гэр бүлийн хандлага хүртэл өөрчлөгдөж буй нь анзаарагддаг юм. Нэг шавь минь жиү жицүгээр хичээллэхээсээ өмнө гэртээ ирээд хувцсаа тайлж шиддэг. Өглөө босоод ороо хураадаггүй, шүдээ ч угаадаггүй байжээ. Нэг өдөр бэлтгэл дууссаны дараа тэдэнд “Өглөө босохдоо, орой унтахдаа шүдээ заавал угааж бай. Өдөр идсэн чихэр, боов чинь шүдэнд чинь наалдаад хорхой болж хонодог юм” гээд ариун цэвэр хэрхэн сахих талаар ярилаа. Тэгтэл нөгөө хүүхэд гэртээ очоод шүдээ угаахаар оо, сойзоо хайж эхэлснийг ээж нь өгүүлж байв. Мөн утасны дэлгэц ширтэж өнждөг нэг шавь минь энэ дадлаа өөрчилсөнд гэрийнхэн нь баярлах болсноо дурссан. Би бэлтгэл хийх бүрдээ өөр зүйлийн тухай өгүүлдэг. Нэг удаа тус хүргэсэн хэн нэгэнд, хамгийн хайртай хүмүүстээ талархаж байх тухай ярив. Тэгтэл мөн л нэг шавь минь ээжийгээ тэврээд “Тандаа хайртай шүү” гэж хэлж баярлуулсныг ээж нь дуулгасан.
-Зарим хүнээс “Дургүй зүйлээ хийх нь аз жаргалгүй амьдруулдаг” гэж ярихыг нэг бус удаа сонссон. Та үүнтэй санал нэг байна уу?
-Нэг найзтайгаа уулзаад яриа өрнүүлэхэд “Би дургүй ажлаа хүчээр хийж, ямар ч аз жаргалгүй амьдарч байна. Орой гэрийн бараа харж, эхнэрийн хийсэн хоолыг идээд унтдаг. Өглөө босоод нөгөө ажил руугаа дургүйхэн явна. Харин чи дуртай ажлаа хийгээд өөрийнхөө дураар аз жаргалтай амьдарч байна шүү дээ” гэсэн юм. Найзынхаа ярианаас хүн дуртай зүйлээ хийж, сэтгэл хангалуун амьдрах аз жаргал юм гэдгийг маш сайн ойлгосон. Би спортын талбарт олон сорилтой тулгарсан. Бууж өгөлгүй ард нь гарахад амьдрал илүү сонирхолтой санагддаг юм билээ. Миний амжилтын оргил үе одоо л эхэлж байна. Залуудаа хэрэгжүүлж амжаагүй бүхнийг минь хойшид үргэлжлүүлэх шавь нартай болсондоо баярладаг. Клуб рүүгээ явах бүрдээ “Намайг зааланд аваачдаг хамгийн сайхан зүйл бол шавь нар минь. Тэд алдартай, хүчирхэг тамирчин байх албагүй. Харин хүн шиг хүн болж хүмүүжих нь чухал” гэж боддог. Хожим тамирчдаа зөв амьдарч буйг харах нь амжилт гаргахаас илүү бахархал юм даа. Манайханд нэгэндээ урам өгөх үг хэлж чаддаггүй дутагдал бий. Намайг сэтгэлээр унасан үед хамт бэлтгэл хийдэг байсан тамирчид “Хүний нутагт эх орноосоо хол амьдрах амаргүй. Гэтэл чи зорилгынхоо төлөө хөдөлмөрлөж, амжилт гаргахаар тэмүүлж байна. Чи нутагтаа очоод сайн дасгалжуулагч болно. Чамаас тийм байх ур чадвар, сэтгэл харагддаг” гээд урам өгч билээ.
-Хүүхдүүд гэр бүлээсээ авч чадаагүй хүмүүжил, төлөвшил, соёлыг спортоос олж авдаг уу?
-Манай клубт хичээллэхээр ирж байгаа хүүхдүүдийн үйл хөдлөл, зан чанараас гэр бүлийнх нь хандлага, төлөвшил харагддаг. Би шавь нараа нэгэндээ хэрхэн хандаж байгааг нь ажиглах дуртай. Тэд хичээллэхээр ирсэн нэгэндээ анхны өдрөөс эмх цэгцтэй байхыг заадаг юм. Энэ мэтчилэн спортын орчин хүүхдүүдийг өөрчилж, зөв дадалд сургадаг. Спорт тамирчдын бие, сэтгэл зүй, ёс суртахууныг зөв төлөвшүүлдгийн учир нь энэ. Намайг “Олимп” сургуульд сурдаг байхад багш нар хэрхэн зөв бие засаж сурахыг заасан. Тэр үеэс хүүхэд бүр өрөөгөө цэвэрлэдэг болсноор хүний хөдөлмөрийг үнэлж сурсан даа. Алдаа дутагдал гаргавал үүрэг хариуцлагаа ухамсарлах ёстойг спортын орчноос суралцаж байлаа. Ингээд бодохоор спорт бол амьдралын зөв зам. Буруу замаар явсан хэн нэгнийг буцаад ирэхэд спорт засаж залруулдаг. Дахиж алдахаас хамгаалан, өөрийгөө ялж урагшлахад уриалдаг юм. Ээж минь “Миний хүү архи, тамхи хэрэглэдэггүй. Хөдөлмөрлөж олсон мөнгөө шоу цэнгээнд үрдэггүй” гээд бахархаж билээ. Би энэ бүх дадлыг өөрийн сайнд сурсан юм биш, спорт л төлөвшүүлсэн. Сүүлийн үед шавь нараасаа зан чанар, хандлага, үйлдэл, заасан бүхнээ олж хардаг болсноор өөрийгөө өмнөхөөсөө илүү хөгжүүлэх хэрэгтэй гэсэн бодол төрсөн шүү.
-Багш байх нь шавь нарынхаа итгэлийг даах, өндөр үүрэг, хариуцлагатай ажил болохыг хэдэн сар бэлтгэл хийлгэхдээ мэдэрсэн байх.
-Мэдрэлгүй яах вэ. Мастеруудын УАШТ-д түрүүлсэн минь үүнтэй холбоотой. Намайг багшаа гэж хүндэлж, бахархдаг тамирчдынхаа өмнө би өрсөлдөгчдөө амархан ялагдаж болохгүй. Дэвжээнд хэдхэн хором барилдахад тэд минь нүдэнд харагдаж, ялахын төлөө бүхнээ дайчилсан. Алтан медаль хүртэхдээ намайг ялалтад хөтөлсөн шавь нараараа бахархаж зогссон доо. Монгол Улсын аварга болсон минь тив, дэлхийн тэмцээнд түрүүлэхээс илүү сайхан санагдсан. Дасгалжуулагч хоол зүйч, эм зүйч, шим тэжээл судлаач, сэтгэл зүйч, тактик судлаач, бариачаас дутахааргүй мэдлэгтэй байх ёстой. Монгол дасгалжуулагчид энэ бүхэнд суралцсан байдгаараа давуу талтай санагддаг. Би клубтээ анхан шатны тусламж үзүүлэх зорилгоор эмийн сантай байхыг хичээдэг юм. Тэмцээн, бэлтгэлийн үед тамирчдын эрүүл мэндэд асуудал тулгарвал түргэн тусламж иртэл амийг нь аврах хүн бол багш нь шүү дээ. Тиймээс тамирчдынхаа бэлтгэл сургуулилалтын ачаалалд анхаарал хандуулдаг. Бэлтгэлийн үед хүүхэд бүрийн бие, сэтгэл зүйн байдлыг сайтар ажиглана. Ар гэрийнх нь амьдралыг судалж, эцэг, эхтэй нь холбоотой байж, хамтран ажилладаг юм.