Зүүн гараас Петер Пеллегрини, Роберт Фицо
Словакийн Статистикийн товчооны мэдээнээс үзвэл “Дуу хоолой-нийгмийн ардчилал” намын удирдагч Петер Пеллегрини Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатанд 53.1 хувийн санал авч ялалт байгуулжээ. Энэ ялалт Киевт цэргийн тусламж үзүүлэхийг эсэргүүцдэг Ерөнхий сайд Роберт Фицогийн эрх мэдлийг бэхжүүлсэн байна. Өнгөрсөн оны аравдугаар сард болсон парламентын сонгуульд Фицо дөрөв дэх удаагаа ялсан юм. Словакт гүйцэтгэх эрх мэдлийг Ерөнхий сайд хэрэгжүүлж, Ерөнхийлөгч нь баталсан хуульд хориг тавьж, Үндсэн хуулийн шүүхэд маргаан үүсгэх эрхтэй байдаг. Ерөнхийлөгч бас Үндсэн хуулийн шүүхийн гишүүдийг томилно. Фицог ялалт байгуулахаас өмнө Словак улс Украины хамгийн үнэнч холбоотны нэг байв. Сөнөөгч МиГ-29 онгоцоо бүгдийг нь Киевт өгч байлаа. Пеллегринийн тэргүүлсэн “Дуу хоолой” намын нэгдсэн Фицогийн эвсэл Украинд зэвсэг нийлүүлэхээ больсон юм. Оросын өдөөсөн дайнд Өрнөдийн баримталж буй байр суурийг шүүмжилж, Украинд цэргийн тусламж үзүүлэхгүй хэмээж, галаа зогсоон, Москватай хэлэлцээ хийхийг уриалж байв. Украиныг НАТО-д элсүүлэх нь дэлхийн III дайны галыг асаана гэж тэр үзэж байгаа юм.
“Би иргэдийнхээ амьдралыг сайжруулахын төлөө Засгийн газраа дэмждэг Ерөнхийлөгч байх болно. Словак улсыг ямагт энх тайвны талд байлгахын тулд бүхнийг хийнэ” гэж Пеллегрини мэдэгдлээ. Тэрбээр гадаад бодлогодоо суурь өөрчлөлт хийх гэж яарахгүй. “Европын Холбоо болон НАТО-гийн хүчтэй гишүүн байхыг би батлан илэрхийлж байна” гэж хэлсэн байна.
Сонгуульд Пеллегринитэй өрсөлдсөн Иван Корчок Европын Холбоонд Словакийн төлөөлөгч, АНУ-д Элчин сайд, Гадаад хэргийн сайдаар тус тус ажиллаж байж. Украинд цэргийн тусламж үзүүлэхээ зогсоох нь энх амгаланд хүргэхгүй, харин Оросыг ялуулна гэж тэрбээр үздэг байв.
Намын тэргүүн, парламентын спикер байхдаа Эрүүгийн шүүхэд Фицогийн хэрэгжүүлж байсан өөрчлөлтөд саад хийгээгүй гэж сөрөг хүчин Пеллегриниг буруутгадаг. Энэ нь авлига, эдийн засгийн томоохон хэргийг мөрдөн шалгуулахаар 20 жилийн өмнө байгуулсан Тусгай прокурорын байгууллагыг татан буулгасныг хэлж буй юм. Уг байгууллага Фицогийн намын өндөр албан тушаалын хэд хэдэн хүнийг шүүх ажиллагаанд оролцож байжээ. Түүнчлэн эрэн сурвалжлах сэтгүүлч Ян Куцак, түүний сэтгэлт бүсгүй Мартина Куснироваг 2018 онд хөнөөсөн хэргийг мөрдөн шалгах ажлын явцыг хянаж байсан аж. Энэ аллага Словакийн нийгмийг цочроож, тус улсын улс төрийг доргиосноор тухайн үед хоёр дахь удаагаа эрх мэдэлд хүрсэн Фицог огцроход хүргэж, дараахан нь болсон Ерөнхийлөгчийн сонгуульд либерал үзэлт хатагтай Зузана Чапутова ялсан байдаг. Түүнийг Фицо “Америкийн тагнуул” гэж нэрлэсэн удаатай. Чапутова сая Пеллегринитэй өрсөлдөхөөс татгалзсан байна.
Петер Пелегриниг сонгуульд ялахад нөлөөлсөн нэг хүчин зүйл нь Унгарын Ерөнхий сайд Виктор Орбаны дэмжлэг байсан гэж үздэг. “Унгарын телевиз Пеллегринийг оролцуулан 30 минутын бичлэг хийж үзүүлснээс Пеллегрини Словакийн өмнөд нутгийн сонгогчдоос хүчтэй дэмжлэг авсан” гэж шинжээч дүгнэжээ. Словакийн гадаад бодлогын шинжээч Александр Дулебагийн тэмдэглэснээр Словак, Унгарын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Иван Корчокийг Украинд тусламж үзүүлэхийг дэмждэг “дайны нэр дэвшигч”, Пеллегринийг Оростой хэлэлцэн тохирох боломжийг хайдаг “энхийн нэр дэвшигч” гэж сурталчилжээ. Гэхдээ улс төр судлаач Иван Преображенскийн тэмдэглэснээр Словакийг Европын Холбоо, НАТО-гоос гарч Москвагийн тэргүүлдэг олон улсын ямар нэг байгууллагад орно гэж хүлээх нь бодит байдалд нийцэхгүй. Харин Унгар шиг юм уу, саяхан болтол Польшийн баримталж байсантай адил Европт үл итгэгчийн дүрд тоглож болзошгүй аж.
Саяхан “Вышеградын дөрвөл” буюу Польш, Чех, Словак, Унгарын төлөөлөгчдийн уулзалт болжээ. Түүний үр дүнгээр Украины эсрэг Оросын өдөөсөн дайнд хэрхэн хандаж буйгаараа энэ дөрөв тэнцүү хуваагдсан байна. Унгар, Словак хоёр нь Москвагийн эрх ашгийг Өрнөд харгалзах нь зүйтэй гэж үзсэн бол Польш, Чех улс Украиныг цаашид дэмжих хэрэгтэй гэсэн бодолтой байжээ. Дэлхийн II дайны үед ч эдгээр улс мөн талцаж, Унгар, Словак нь нацист Германы холбоотон, Польш, Чех нь гитлерчүүдэд эзлэгдэн, эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөж байж. Унгарт Оросын адил Орбаны тэргүүлдэг эрх баригч явцуу бүлгийн ашиг сонирхол давамгайлдаг. Энэ ашиг сонирхол нь Москватай авлигын нягт холбоо сүлбээтэй, Унгарыг Оросын нефтийг боловсруулж, Зүүн болон Төв Европт үйлчилдэг “шатахуун түгээх газар” гэж нэрлэсэн явдал бий. Энэ бол ганцхан жишээ, ийм баримт олон арав бий гэж мөнөөх Преображенский тайлбарласан байна.
Петер Пеллегрини 1975 онд Чехословакт итали гаралтай гэр бүлд төрж, эдийн засгийн болон техникийн их сургууль төгсөн, 1998-2002 онд мэргэжлээрээ ажиллажээ. 2006 онд “Чиглэл-нийгмийн ардчилал” намаас Үндэс ний зөвлөлийн депутат болж, хоёр бүрэн эрхийн хугацаанд эдийн засгийн болон санхүү, төсвийн хороонд ажиллаад 2012-2014 онд Словакийн Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга хийж байв. 2014 онд хэдхэн сар Ерөнхий сайд Роберт Фицогийн Засгийн газарт Боловсрол, шинжлэх ухаан, судалгааны яамыг толгойлж байгаад Үндэсний зөвлөлийн даргаар сонгогджээ. 2014-2016 онд парламентын даргаар ажиллав. 2016-2018 онд Ерөнхий сайд Роберт Фицогийн Хөрөнгө оруулалт, мэдээлэл, сурталчилгаа эрхэлсэн шадар сайд, 2018 оны гуравдугаар сараас Ерөнхий сайдын үүргийг гүйцэтгэх болжээ. Пеллегрини чех, англи, герман, орос хэлтэй, гэрлээгүй.
Словакийн Ерөнхийлөгч нь улс төрийн тогтолцоонд хязгаарлагдмал бүрэн эрхтэй байдаг юм. Парламентын зөвшөөрснөөр Ерөнхий сайдыг, түүнчлэн Үндсэн хуулийн шүүхийн гурван гишүүн, шүүхийн Зөвлөлийн гурван шүүгчийг томилно. Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөөс бусад парламентын баталсан хууль, шийдвэрт хориг тавих эрхтэй байдаг.
Пеллегрини энэ оны нэгдүгээр сард Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлжээ. Сонгуулийн эхний шатанд 37.2 хувийн санал авч, Гадаад хэргийн сайд байсан, бие даан өрсөлдсөн Иван Корчокийн дараа орсон байна. Тэрбээр орон сууцыг хүртээмжтэй, арван гурав дахь сарын тэтгэвэр бий болгож, дундаж хэмжээнд буюу 640 евро байх, орлого багатай өрхөд тэтгэмж олгодог тогтолцоо бий болгохоор тусгажээ. Словакийг Европын Холбоо болон НАТО-гийн гишүүн байхыг Пеллегрини дэмждэг ч Украинд цэргийн багц тусламж үзүүлэхийг эсэргүүцдэг Роберт Фицотой санал нэг байдаг. Киевт цэргийн тусламж үзүүлэх нь олон мянган цэрэг, энгийн иргэдийн амь насыг сүйтгэхээс өөр үр дүнд хүргэхгүй гэсэн байр суурьтай. Аливаа зөрчлийг энхийн аргаар шийдвэрлэхийг эрхэмлэж, яриа хэлэлцээр хийх нь зүйтэй гэж үздэг аж. Словакийн цэргийг Украин руу илгээх, улс орноо зөрчил, сөргөлдөөнд татан оруулахыг эсэргүүцдэг.
Тэрбээр телевизээр иргэддээ хандахдаа “Украин дахь дайн аль болох богино хугацаанд дуусаасай. Оростой харилцах боломжийг эрэлхийлнэ” гэж хэлсэн байна. Сонгогчид түүнийг дэмжихдээ эрх мэдлийн дээд түвшинд хэл амаа илүү ололцоно найдсан бөгөөд урьдах Ерөнхийлөгч хатагтай Зузана Чапутова нь Украиныг дэмждэг, Ерөнхий сайд Роберт Фицо нь Киевт цэргийн биш дэмжлэг үзүүлэх нь зүйтэй гэж үздэгээс тэдний хооронд зөрчил анзаарагддаг байсан аж.
Петер Пеллегрини зургаадугаар сарын 15-наас бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлнэ. Словакийн Нийгмийн асуудал судлах хүрээлэнгийн ерөнхийлөгч Григорий Месежников өмнөх Төрийн тэргүүн Андрей Киска, Зузана Чапутова нарын яг эсрэг дүр хэмээн түүнийг тодорхойлжээ.
Бэлтгэсэн Р.Жаргалант