Индонезийн Ерөнхийлөгчийн сонгууль энэ оны хоёрдугаар сарын 14-нд болж, Батлан хамгаалахын сайд байсан Прабово Субианто 96.2 сая хүний санал буюу сонгогчдын 58.6 хувийн дэмжлэг хүлээж Төрийн тэргүүн болсон юм. Тус улсын Төрийн тэргүүний нэг бүрэн эрхийн хугацаа нь таван жил байдаг. Түүнд халаагаа өгсөн Жоко Видодо 10 жил засагласан учир гурав дахь удаагаа нэрээ дэвшүүлэх боломжгүй болж сонгуульд Субиантог дэмжиж оролцсон юм. Харин түүний хүү, 36 настай Ракабуминг Рака Дэд Ерөнхийлөгчийн албыг хаших үүрэг хүлээв.
Прабово Субианто 1951 онд нийслэл Жакарта хотод Индонезийн нийгэм-улс төрийн дээд зиндаанд харьяалагдах айлд төржээ. Эцэг нь эдийн засгийн сургуулийг үндэслэгчдийн нэг, Ерөнхийлөгч Сукарногийн үед Засгийн газар янз бүрийн албанд ажиллаж байж. Эцэг, эх хоёр нь Нидерландад суралцаж байхдаа 1945 онд танилцжээ. Эднийх хоёр хүү, хоёр охинтой айл байв. Прабово 1983 онд Ерөнхийлөгч Сухартогийн охинтой гэрлэж, нэг хүүтэй болсон нь загвар зохиогч мэргэжилтэй, АНУ-ын Бостон хотод амьдарч байгаад одоо Парист суурьжээ.
Прабово 1970 онд Цэргийн академд орж, 1974 онд төгсөв. Хожим нь Индонезийн Ерөнхийлөгч болсон Сусило Бамбангатай тэнд хамт сурч байв. 1974 онд Индонезийн зэвсэгт хүчин Зүүн Тиморын партизануудын эсрэг явуулсан ажиллагаанд Прабово тусгай зориулалтын цэргийн I бүлгийг командлан оролцсон байна. 1985 онд Америкийн Форт-Беннинг гэдэг цэргийн баазад очиж хорлон сүйтгэх ажиллагааны бэлтгэл хийв. 1990-ээд оны эхээр хошууч генерал цол авч, тусгай зориулалтын цэргийн III бүлгийг командлах болжээ. Энэ үедээ Зүүн Тиморын босогчдын эсрэг идэвхтэй тэмцэж байлаа. Энэ тэмцлийн явцад хүний эрхийг зөрчих явдал гарч буйг Прабово хэд хэдэн удаа шүүмжилж байжээ. Тэрбээр Зүүн Тиморт Индонезийн талыг баримталдаг сайн дурын цэрэг бий болгож, үүндээ залуучуудыг татаж байв. 1996 онд Папуаг чөлөөлөхийн төлөөх хөдөлгөөнд барьцаалагдсан 11 судлаачийг чөлөөлөх ажиллагааг удирдав. Прабово 1998 онд Хуурай замын цэргийн стратегийн нөөц хүчний командлагчаар томилогдлоо.
1997 онд Ази дахинд учирсан хямралын уршгаар Индонезийн эдийн засаг эрчимтэй унаснаас Сухартогийн ганцаар захирах дэглэмд дургүйцэх хандлага ихсэв. 1998 оны тавдугаар сард Жакарта хотод эмх замбараагүй байдал эхэлж, түүнд оролцогчид Сухартог огцрохыг шаардлаа. Өөрийн командалдаг стратегийн нөөцийн цэргийг нийслэлд оруулахыг зөвшөөрөхийг Прабово Зэвсэгт хүчний ерөнхий командлагч генерал Вирантогоос хүссэн ч татгалзсан байна. Тиймээс жагсагчдын эсрэг тэмцэлд армиар хүч нэмэгдүүлэхийг дэмжихийг Прабово уриалж, тусгай зориулалтын цэргийн ангиудыг Жакарта руу оруулсан ч тухайн үедээ уг цэргийн командлагч биш байсан тул түүний шийдвэр захирах, захирагдах журмыг зөрчсөн гэж үзэв. Мөн генерал Вирантогийн нэр төрийг гутааж, өөрөө Зэвсэгт хүчний ерөнхий командлагч болж Ерөнхийлөгчийн суудлыг эзлэхийг санаархсан хэмээн түүнийг буруутгав. Түүнээс гадна Сухартог эсэргүүцсэн хөдөлгөөний 22 идэвхтэнг үймээн дэгдээхээс хэдэн сарын өмнө хулгайлж, тамласан гэж үзэх болов. Энэ 22 хүний 13 нь хожмоо сураггүй алга болсон гэдэг. Өөрт нь оноосон бүх бурууг Прабово хүлээн зөвшөөрсөнгүй. Огцорч буйгаа Сухарто 1998 оны тавдугаар сард зарлав. Түүнийг орлох болсон Дэд Ерөнхийлөгч Бухаруддин Юсуф Хабиби өөрийнх нь хүсэлтийн дагуу Субиантог Зэвсэгт хүчний ерөнхий командлагчаар томилоогүйгээр барахгүй хуучин албан тушаалаас нь огцруулчихав.
Хор шар нь хөдөлсөн Прабово шинэ Ерөнхийлөгчид хүч хэрэглэн нөлөөлөхөөр шийдэж, Төрийн тэргүүний өргөөг бүслэх тушаалыг өөртөө үнэнч цэргүүдэд өгсөн ч Сухартогийн зөвлөгөөг авч энэ үйлдлээ зогсоожээ. Түүгээр ч зогсохгүй хүмүүсийг хулгайлснаа Прабово хүлээн зөвшөөрч, 1998 оны наймдугаар сард албанаасаа халагдан штабын коллежид багшлах болов. Удалгүй Прабово Иорданид очиж, эртний танил II Абдалла ханы ивээлд оржээ. Цэргийн албанаас халагдаад Прабово ахтайгаа хамтран бизнес эрхлэх болов. Хятад гаралтай, Сухартотой ойр дотно харилцаатай Боб Хасаны мэдэлд байсан целлюлозын Kiani Kent¬las компанийг өөрийн болгожээ. Одоо бол Прабовогийн компаниудын бүлэг 27 фирмийг нэгтгэсний дотор нефть, байгалийн хий, нүүрс олборлодог, загас агнуур, тариалан эрхэлдэг аж ахуйн нэгжүүд байгаа аж. 2009 онд Прабовогийн хөрөнгө 1.5 их наяд рупий (150 орчим сая ам.доллар), 7.5 сая ам.доллар гэж үнэлэгдэж байв.
Сухартогийн засаглалын үед Прабово тухайн дэглэмд харш бүхэнд дарамт үзүүлэхэд Ерөнхийлөгчтэй тогтоосон хэлхээ холбоогоо ашиглаж, тэднийг улс төрийн тавцангаас зайлуулдаг байв. Прабово, ах Хашим нарын хүчин чармайлтаар нэртэй сэтгүүлч, яруу найрагч Гунаван Мохамедын эрхлэн гаргадаг “Темпо” сэтгүүлийг 1990 онд хаасан аж. 1992 онд мусульманы байгууллагын тэргүүнтэй Прабово уулзаж улс төрийг орхин, Сухартог шүүмжлэхээ зогсоохыг зөвлөж байв. 2009 онд тэрбээр хатагтай Мегавати Сукарнопутритэй хослон Ерөнхийлөгч, Дэд Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлсэн ч ердөө 27 хувийн санал авч тухайн үед Ерөнхийлөгч байсан Сусило Бамбангад ялагджээ. 2014 оны Ерөнхийлөгчийн сонгуульд оролцоно хэмээн Прабово 2011 онд зарлав. 2012 онд явуулсан санал асуулгаар тэрбээр бүх нэр дэвшигчийг тэргүүлж байлаа. “Гериндра” нам нь парламентын сонгуулийн дүнгээр гуравдугаарт орж, Прабово Ерөнхийлөгчийн сонгуулийн өрсөлдөөнд оролцох эрхтэй болов. 2014 оны сонгуульд түүнийг Эв нэгдэл, хөгжлийн, Үндэсний мандатын нам зэрэг улс төрийн хэд хэдэн хүчин дэмжсэн ч бүгд нийлээд 48.9 хувийн санал авч, 52.1 хувийн дэмжлэг хүлээсэн Ардын төлөөлөгчдийн зөвлөлд ялагдсан байна. Түүний гол өрсөлдөгч нь Жоко Видодо байлаа. 2019 онд Ерөнхийлөгчийн сонгуульд Жоко Видодод хоёр дахь удаагаа ялагдсаны дараа Прабовогийн талынхан эсэргүүцлээ илэрхийлсэн нь яваандаа цагдаа нартай мөргөлдөхөд хүрэв. Хэдэн сарын дараа Ерөнхийлөгч Жоко Видодо 2019 онд Прабово Субиантог Батлан хамгаалахын сайдаар томилов. Улсынхаа зэвсгийн үйлдвэрлэлийн дотоод боломжийг өргөтгөхөөр Прабово төлөвлөв. Тус улсын жил бүрийн хэрэгцээ нь нэг тэрбум зэвсэг байхад хүчин чадал нь ердөө 450 саяыг үйлдвэрлэдэг байжээ. Индонезийн зэвсэгт хүчнийг Америкийн “General dynamics F-16 fighting falcon”, Францын “Dassault rafale” шиг шинэ сөнөөгч онгоцуудаар бэхжүүлэхийг хүсэж байлаа. 2020 оны нэгдүгээр сард явуулсан судалгаагаар түүнийг Жоко Видодогийн танхимын хамгийн нэрд гарсан сайд гэж үнэлсэн байна. 2020 оны аравдугаар сард Прабово Батлан хамгаалахын сайдын хувиар Америкийн Батлан хамгаалахын сайд Марк Эсперийн урилгаар АНУ-д айлчлав. Урьд нь түүнийг тус улсад нэвтрэхийг хориглоод байсан юм. “Amnesty international” зэрэг хүний эрхийг хамгаалах байгууллага энэ айлчлалыг цуцлахыг Трампын засаг захиргаанаас шаардаж байв. 2019 оны эцсээр Прабово Хятадад айлчилсан байна. Батлан хамгаалахын асуудлаар Сингапурт болсон дээд хэмжээний уулзалт дээр тэрбээр Орос, Украины хоорондох дайныг зогсоохыг уриалсан энхийн төлөвлөгөө санал болгов. Даруй гал зогсоох, цэргүүдээ хилийн шугамаас 15 километр холдуулах, цэрэггүй бүсэд энхийг сахиулагчдыг байрлуулах, маргаантай газар нутагт НҮБ бүх нийтийн санал хураалт явуулах зэргийг Прабово саналдаа тусгасан байв. Гэвч Европын Холбооны гадаад бодлого хариуцсан байгууллагын тэргүүн Жозеп Боррель, Украины Батлан хамгаалахын сайд Алексей Резников нар түүний саналд шүүмжлэлтэй хандсан байна. Москва ч, Киев ч Прабовогийн саналыг дэмжсэнгүй.
2004 онд түүнийг Индонезийн фермийн аж ахуйн эрхлэгчдийн холбооны ерөнхийлөгчөөр, 2010 онд улираан сонгов. Зах зээлийн уламжлалт худалдаачид холбооныхоо даргаар түүнийг 2008 онд сонгож байжээ. Энэ бүхэн нь Засгийн газрын бус байгууллагад Прабовогийн гүйцэтгэсэн үүрэг байлаа. 2024 оны Ерөнхийлөгчийн сонгуульд гурав дахь удаагаа оролцохоор Прабово Субианто 2023 оны эхнээс кампанит ажлаа эхлүүлэв.
Индонезийн шинээр сонгогдсон Ерөнхийлөгч, Дэд Ерөнхийлөгч нар аравдугаар сард ажилдаа орно.
Бэлтгэсэн Р.Жаргалант