Манай улсад сүүлийн жилүүдэд өвлийн спортын төрлийн нэг болох биатлон эрчимтэй хөгжиж байна. Монголын биатлоны үндэсний шигшээ багийнхан орос мэргэжилтэн, олимп, дэлхийн аварга Александр Поповын удирдлагад Европын орнуудад бэлтгэл базааж, олон улсын болон тив, дэлхийн тэмцээнд оролцож буй. Тэдний нэг нь ОУХМ Э.Энхсайхан. Тэрбээр Польшийн Якушик хотод өнгөрсөн сард зохион байгуулсан Европын залуучуудын АШТ-ээс алтан медаль хүртэв. Э.Энхсайхан дөрвөн буудлагын шугамд нэг ч сум алдалгүй оносон гурван биатлончийн нэг. Түүний дэлхийн шилдгүүдтэй өрсөлдсөн уралдаан Монголын биатлоны спортын түүхэнд нэгэн шинэ хуудас нээж, энэ спортоор сонирхож хичээллэдэг залуусыг баярлуулсан юм. Тэрбээр өмнө нь Швейцар улсад болсон “Лозанн-2020” залуучуудын өвлийн олимпын III наадамд аваргуудыг ардаа орхиж, ХII байр эзэлсэн нь өнөөгийн амжилтаас атгах эхлэл байв. Чехийн Нове-Место хотод болсон биатлоны ДАШТ-ий дараа тэрбээр эх орондоо ирж, УАШТ-д түрүүлсэн билээ.
-Та гадаадад болсон цөөнгүй тэмцээнд оролцлоо. Улс бүр өөрийн гэсэн ялгарах онцлогтой. Тухайн улсад хөл тавиад хамгийн түрүүнд олж хардаг зүйлээс тань ярилцлагаа эхэлье.
-Надад хамгийн таатай уур амьсгалтай улс нь Казахстан, Беларусь юм шиг санагддаг. Би аль ч улсад очсон сургуулилалт хийх спортын бааз, цогцолборыг нь сонирхож хардаг. Беларусь бол шигшээ багийн дасгалжуулагч Александр Попов багшийн эх орон. Тус улсад бэлтгэл базаах зориулалттай спортын томоохон цогцолборууд байдаг нь их таалагддаг юм. Цаг агаарын хувьд Монголынхтой төстэй. Бусад орныг бодвол манай улс эрс тэс уур амьсгалтай тул өвөл амархан ханиад хүрэх гээд байдаг.
-Польш улс танд сайхан дурсамж үлдээлээ. Тэнд болсон Европын АШТ-д уралдахын өмнө ямар мэдрэмж төрөв?
-Томоохон тэмцээний өмнө бага зэрэг сандарна. Уралдаан үзэхээр ирсэн үзэгчдийн дуу чимээнд сэтгэл догдолж, хөөрөх гээд байдаг. Залуучуудын цуврал тэмцээнд оролцохдоо тайван байж, “Гараанаас гарч сураагүй биш” гэж бодоод уралддаг даа. Польшид хөл тавиад зочид буудалд хамт байрласан шигшээ багийн дүүдээ “Ах нь энэ тэмцээнээс медаль зүүх юм шиг санагдаад байна” гэсэн юм. Дээрх тэмцээний ойрын зайд уралдаж, VI байр эзлэх үед “Надад амжилт гаргах боломж байна” гэсэн бодол төрсөн. Биатлон тааварлашгүй спорт. Тэр өдөр буудлагын шугамд нэг ч сум алдалгүй онох сон гэж зорьж байснаас биш, түрүүлнэ гэж төсөөлөөгүй л дээ.
-Гараанаас гарахын өмнө дасгалжуулагч Александр Попов шавьдаа юу гэж зөвлөсөн нь сонирхол татлаа. Түүний бусдаас ялгардаг зан чанар, давуу тал, арга барил юу вэ?
-Багш цөөн үгээр санаагаа ойлгуулна. Бидэнд “Та нар тэмцээн гэж битгий бод. Үүнийг сайн бэлтгэл гэж бодоорой. Хэт хөөрч болохгүй. Сэтгэл зүйгээ бэлтгэл хийх үеийнх шигээ байлга” гэж зөвлөдөг. Тамирчин бүрийн уралдаанд оролцох байдал өөр. Тэмцээн өндөрлөсний дараа “Чи амжилт тааруухан өрсөлдлөө” гэж зэмлэдэггүй. Харин “Бэлтгэлээ сайн хийх хэрэгтэй шүү” гэдэг юм. Түүний удирдлагад таван жил хичээллэлээ. Тэрбээр зодог тайлтлаа уралдсан тул тамирчдаа ойлгож, ойр байхыг хичээдэг. Бидэнтэй ярилцахдаа бие, сэтгэл зүйн байдлыг сайтар ажиглана. Одоо бол хэн хэн нь нэгнийхээ харц, хөдөлгөөнөөс юу хэлэх гэж буйг нь төвөггүй ойлгодог болсон. А.Попов багш хошин зантай. Бэлтгэл хийхийн өмнө “Багшаа, сум өгөөч, буудъя” гэхэд “Байхгүй ээ. Та нар сумаар яах юм. Надад гранат бий, авах уу” гээд инээнэ.
-Та улс бүрийн тамирчинтай танил болжээ. Тэмцээнд олонхтой нь таардаг байх?
-Гадаадын тамирчидтай бэлтгэл хийхдээ тэмцээний талаарх мэдээлэл хуваалцаж, яриа өрнүүлдэг. Хамгийн сүүлд ХБНГУ-ын шигшээ багт уралддаг тамирчинтай ярилцлаа. Бид найзууд. Би өнгөрсөн жил гадаадын тэмцээнд оролцож ирснийхээ дараахан тус улсад суралцахаар зорьж байв. Надад гэрийнхэнтэйгээ тухтай амарсан өдөр ховор. Европын орнуудад бэлтгэл хийсэн эхний жил гэр бүлээ их санасан. Одоо амжилтын төлөө зорьж байгаа болохоор нөхцөл байдалтай эвлэрч, “Энэ бол жижиг сажиг асуудал” гэж бодох болсон. Би аав, ээжээсээ тусдаа амьдардаг. Монголд эхнэрээ ганцааранг нь үлдээчихээд гадаадад олон сар бэлтгэл хийх амаргүй санагддаг.
-Биатлончид хэдэн насандаа оргил амжилтаа гаргадаг бол. Тэднээс хэнийх нь ур чадвар, туршлагыг сонирхож түлхүү судалдаг вэ?
-Амжилт хэзээ, хэрхэн гаргах нь тухайн тамирчны ур чадвараас хамаардаг. Миний ажигласнаар биатлоны тамирчид 30-35 насандаа амжилт гаргадаг шиг санагдсан. Буудлага, цанын техник хэр эзэмшсэн нь туршлагаас нь харагддаг. Ид цойлж буй залуучуудтай 40 настай тамирчин өрсөлдөх хэцүү шүү дээ. Буудлагын шугамд хашир, туршлагатайгаа харуулж онох ч цанын уралдаанд бол хурдыг нь гүйцэх амаргүй. Надад бол дэлхийд чансаагаар эхний гурван байрт жагсдаг Норвегийн тамирчин Стурла Хольм Лагрейдийн уралдаан илүү сонирхолтой. Чехийн Нове-Место хотод хоёрдугаар сарын эхээр болсон биатлоны ДАШТ-ий үеэр бид уулзахдаа нэгэндээ амжилт хүсэж, зургаа хамт авхуулж байлаа. Сүүлийн үед үеийнхээ хоёр тамирчны амжилтыг түлхүү судалж байна. Нэг нь Шинэ Зеланд, нөгөө нь Францых. Шинэ Зеландын тамирчин өсвөр үеийнхний ДАШТ-д өнгөрсөн жил түрүүлснийхээ дараахан АНУ-ын шигшээ багт нэгдсэн. Францын биатлонч “Дэлхийн цом”-оос медаль хүртэж харагдсан. Тэднийг улс нь бүх зүйлээр дэмжиж байхад амжилт гаргахгүй гээд яах билээ.
-Швейцарт болсон “Лозанн-2020” залуучуудын өвлийн олимпод оролцохдоо хойшид хичээвэл амжилт гаргах боломж байгааг олж харсан болов уу?
-Тийм шүү. “Лозанн-2020” залуучуудын өвлийн олимпод уралдахаас өмнө ОХУ-д нэг жил бэлтгэл хийсэн. Тухайн үед 99 тамирчинтай өрсөлдөхдөөXII байр эзэлнэ гэж бодоогүй. Надад нэг дутагдал бий. Би өмнө нь болсон зүйлээ дараа нь бодож хямардаг. Тэр өдөр буудахдаа тэд оносон бол гэж бодоод л байна. Шартай зан минь нэг талаар хурцалж, урагшлуулдаг юм. Тэр үеэ бодвол буудлага минь сайжирсан. Гэхдээ алдахгүй гэж бардам хэлэхгүй. Дэлхийн шилдгүүд хүртэл буудлагад таван сум алдах тохиолдол ч бий. Тэр жилийн олимпод ОХУ, Беларусийн тамирчид хүчтэй өрсөлдсөн. Өвлийн олимпын дараа ОХУ-ын Сахад болсон “Азийн хүүхдүүд” спортын VII наадамд оролцоход телевиз, сонин хэвлэлээр намайг өсөх ирээдүйтэй тамирчин гээд ярьсан юм билээ. Хүмүүс тэр цагаас миний оролцсон тэмцээнүүдийг сонирхож үздэг болсон байх.
-Тэр жил та Швeйцар, Финланд, Чeх, Франц, Испани, Италийн тамирчдын өмнө жагссан. Залуучууд гаргасан амжилтаас тань урам авсан гэж боддог юм.
-Хэн нэгэнд амжилтаараа урам өгөх сайхан. Монголын хүүхэд, залуусыг биатлоны спортоор дурлаж хичээллээсэй гэж хүсдэг. ДАШТ-ээс ирээд Монголд зохион байгуулсан УАШТ-д оролцсон. Энэ удаагийн тэмцээнд олон тамирчин өрсөлдлөө. Өмнө нь хоёр удаа болоход ингэж өрсөлдөөгүй санагдана. УАШТ-ийг хойшид жил бүр зохион байгуулахаар болсонд баяртай байна. Зодог тайлсан тамирчид, Монголын биатлоны холбоонд ажиллаж байсан гишүүд, мөн гэр бүлийнхэн минь гээд олон хүн ирж үзсэн. Тухайн улсад ямар ч спортыг хөгжүүлэх орчин нөхцөл бүрдэхэд тамирчид нь амжилт гаргаж эхэлдэг. Улс дэмжээд өгвөл манайд хичээллэх залуус бий. Тэдэнд чадахгүй, мэдэхгүй зүйлийг нь заагаад өгөхөд хурдан хүлээж авдаг.
-БНСУ-д болсон “Канвон-2024” залуучуудын өвлийн олимпод манай залуус оролцлоо. Тэднийг гадаадын тамирчидтай харьцуулж хараад ямар дүгнэлт хийв?
-Тэднээс өөрийнхөө тамирчин болж байх үеийн алдаа, дутагдлыг олж харлаа. Манай залуус буудахдаа сум алдчихаад хямарч байгаа нь анзаарагдсан. Сэтгэл зүйгээ сайтар бэлдэж, тэмцээний үед өөр зүйл бодохгүй байх нь чухал. Би ч бас уралдахдаа тэдэнтэй адил хямардаг байсан болохоор сэтгэл зүйгээ удирдах нь амаргүйг ойлгож байлаа. Ялагдаад ирэхээр яалт ч үгүй хоолой зангирдаг л юм. Тамирчин хүний сэтгэл зүй бусад хүнийхээс өөр. Уралдааны орчин нөхцөл тамирчдад олон зүйл ойлгуулдаг. Спортын өрсөлдөөн бол тэр чигээрээ тэмцэл шүү дээ.
-Таны хувьд завгүй хөдөлмөрлөдөг цаг хугацаа өвөл байх.
-Өвөл тэмцээнд оролцох нэг их хэцүү санагддаггүй. Харин зун амрах завгүй, ачаалал өндөртэй бэлтгэл хийх л амаргүй. Сунаж унахаас холгүйхэн бэлтгэл хийж байж өвөл сайн уралдана шүү дээ. Европын тамирчид зун бэлтгэлээ шаргуу хийж, өвөл уралдааны улирал эхлэхэд амардаг гэж ярьдаг. Би 2019 оноос хойш шинэ жил, Цагаан сарыг гадаадад өнгөрүүллээ. Томоохон тэмдэглэлт баярын үеэр гэрийнхнээ их боддог. Манайхан надад “Хүний нутагт өөртөө байнга санаа тавьж, олонтой эвтэй яваарай” гэж захидаг юм.
-Спорт сонирхогчид таныг “Милано-Кортина-2026” өвлийн олимпод амжилт гаргах гол найдвар гэж хардаг болсон шүү.
-Италид болох “Милано-Кортина-2026” өвлийн олимпод амжилттай оролцох зорилго тавьсан. Өмнөд хөршид ирэх жилийн хоёрдугаар сарын 7-14-нд зохион байгуулах “Харбин-2025” Азийн өвлийн IX наадамд оролцоно. Мөн өвлийн олимпын оноо цуглуулах тэмцээнүүдэд сайн оролцох ёстой. Зун бэлтгэл хэрхэн базааснаас хойшид оролцох тэмцээн шалтгаална. Азийн орнуудаас сүүлийн үед өмнөд хөршийн биатлончид томоохон тэмцээнд оролцох боллоо. Норвегийн домогт тамирчин Уле-Эйнар Бьёрндален, түүний эхнэр болох Беларусийн алдарт биатлонч Дарья Домрачева нарыг улсдаа дасгалжуулагчаар ажиллахаар урьж, удирдлагад нь шигшээ багийн тамирчдаа бэлтгэл хийлгэж байна. БНХАУ-ын тамирчид тэмцээн бүрд оролцдоггүй. Томоохон уралдаанд хааяа өрсөлдөхдөө дээгүүр байр эзэлдэг юм.
-Биатлоны үндэсний шигшээ багт та “Лозанн-2020” залуучуудын өвлийн олимпод оролцсоныхоо дараа хөл тавьсан байх аа?
-Тухайн үед цалинтай болж, амжилтынхаа төлөө зарцуулах нь надад сайхан санагдаж байлаа. Монголын биатлоны холбоо, Биеийн тамир, спортын улсын хороо шигшээ баг бүрдсэнээс хойш тамирчдаа сайн дэмжих болсон. Холбоо дэмжсэний үр дүнд бид Европын орнуудад бэлтгэл хийж, гадаадын тэмцээнүүдэд оролцож байна. Түүнчлэн туршлагатай сайн дасгалжуулагчийн удирдлагад бэлтгэл хийсний үр дүнд амжилт гаргаж эхэлсэн. Би наймдугаар сард болох тэмцээнд насанд хүрэгчдийн ангилалд уралдана.
-Та зэвсэгт хүчний 326 дугаар ангид цэргийн гэрээт алба хаагч юм билээ. Хүүхэд байхдаа цэргийн байгууллагад ажиллахыг мөрөөддөг байсныг ярилцлагаас тань олж уншсан л даа.
-Би зэвсэгт хүчний 326 дугаар ангид харьяалагддаг. Гадаадын тэмцээнд оролцохдоо улсынхаа болон харьяалагддаг байгууллагынхаа нэрийг өндөрт гаргахыг үргэлж хичээдэг. Тиймээс аль ч оронд очсон биеэ зөв авч явахаас гадна дэг журам, сахилга бат, үүрэг хариуцлагатай байхыг эрхэмлэнэ. Надад цэргийн байгууллагын дотоод журам, дүрэмт хувцас сайхан бодол төрүүлдэг шүү.
-Танд хэзээ нэгэн цагт зодог тайлах үе ирнэ. Тэр үед дасгалжуулагчаар ажиллах уу?
-Дасгалжуулагчийн ажил амаргүй санагддаг. Тиймээс хэзээ нэгэн цагт тамирчны карьераа өндөрлүүлбэл фитнесээр хичээллэнэ. Надад энгийн, сэтгэл тайван амьдрах нь илүү таалагддаг.