Үзэсгэлэн худалдааны “Крокус сити” төв Москвагаас холгүй Красногорск хотод байдаг юм байна. Энд “Пикник” хамтлаг тоглолт хийж байсан энэ сарын 22- нд зэвсэглэсэн хүмүүс дайрч ороод гал нээж, дор хаяж 133 хүний амь хөнөөжээ. Сүүлийн үеийн мэдээгээр энэ тоог139 гэсэн байна лээ. Энэ талаар олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, түүний дотор “Financial times”, “Wall street journal”, “Al Jazeera”, “Guardian”, “New York times” хэрхэн мэдээлснийг уншигчдадаа тоймлон хүргэж байна.
Дэлхий дахинд алан хядах байгууллага хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн “Исламын улс” бүлэглэл энэ хэрэгт оролцсон гэж өөрөө даруйхан мэдэгдлээ. Гэтэл Владимир Путин ард түмэндээ хандаж хэлсэн үгэндээ алан хядагчид гэмт хэрэг үйлдчихээд Украины зүг хөдөлсөн, тэнд тэдэнд гарц бэлтгэсэн байх магадлалтай гэснээс биш, “Исламын улс”-ын тухай дурдсангүй.
Уг хэрэгт Украиныг буруутгах нь Москвад чухал, маш муу ажилласан Кремлийн тусгай албадаас оросуудын анхаарлыг сарниулах зорилготой байв гэж “Financial times” бичсэн байв. Шинжээчдийн үзэж буйгаар хөрш улсынхаа эсрэг дотооддоо хилэнгийн дөл бадрааж, Украин руу довтлохоор хоёр жилийн өмнө Путин тушааснаас хойш улам бүр нэмэгдсэн Москвагийн аюулгүй байдлыг хангах тогтолцооны алдаа дутагдлаас олны анхаарлыг өөр зүгт чиглүүлэх зорилгоор ийн ярьж буй аж. Оросын газар нутаг дээр тохиолдож болзошгүй томоохон дайралтын талаар хэдэн долоо хоногийн өмнө АНУ анхааруулж байсныг Путин хайхарсангүй. АНУ болон Өрнөдийн бусад улс энэ гэмт хэргийн хариуцлагыг “Исламын улс”-ын Афганистаны салбар болох “ИГИЛ-К”-д тохсон байна. “Al Jazeera”-гийн мэдээлснээр энэ бүлэглэл “Исламын улс”-ын хамгийн идэвхтэй хэсэг юм.
Орос улс эртнээс “Исламын улс”-ын овоо хараанд ороод байгаад “Wall Street journal” эргэлзэхгүй байжээ. 2015 онд Оросын зорчигч тээврийн нисэх онгоцыг дэлбэлж 224 хүний амь хөнөөсний хариуцлагыг чухам энэ бүлэглэл өөртөө хүлээж байсан юм. 2022 онд Кабул дахь Оросын ЭСЯ руу “Исламын улс” довтолж Оросын хоёр дипломатч, дөрвөн афган хүн амь үрэгдэж байв. Ислам шашинтнууд Москвад өширхөх болсон нь ЗХУ цэргээ Афганистанд оруулсан 1980-аад оноос эхтэй юм. Түүнээс гадна 90-ээд онд Чечений автономит эрхийг Кремль хүчээр дарсан нь ч тэдний дургүйг хүргэсэн гэдэг. Бас Ирантай хамтран Сирийн Башар Асадын дэглэмийг Орос дэмжиж, “Исламын улс”-ыг Сирийн Пальмир хотоос 2017 онд хөөж гаргахад Оросын “Вагнер” бүлэг чухал үүрэг гүйцэтгэсэн явдал бий.
Түүнчлэн Төв Азиас гаралтай цагаач иргэд Орост цөөнгүй, тэд байнга гадуурхагдаж байдгийг шинжээчид сануулж байна. Энэ нь тэднийг радикал байр суурьтай хэт даврагч болох зам руу түлхэж байдаг аж. Энд өгүүлж буй алан хядах ажиллагааг Тажикистаны иргэд үйлдсэн байх магадлал бий гэж үзэх хүмүүс байна. “Исламын улс”-ыг дэмжигчид хүчээ зузаатгаад байхад Украинд гол анхаарлаа хандуулсан Москва сэрэмж алдсан нь гарцаагүй. 2021 онд Афганистаны эрх мэдлийг авсан талибуудын дэглэмд “Исламын улс” дайсагнаж ханддаг. Тэгвэл Оросууд талибуудтай түншийн харилцаатай байдаг нь энэ бүлэглэлийн санаанд нийцдэггүй нь ойлгомжтой. “Исламын улс” Орост таагүй хандах нэг гол шалтгаан нь түүний “мусульманчуудын эсрэг чиглэсэн бодлого” юм хэмээн “Al Jazeera” үзэж байна. “Исламын улс” боломж л гарвал христийн шашинтнуудыг устгах хатуу, харгис зорилготой гэж “Wall street journal” тэмдэглэжээ.
Энэ хандлага нь хүчирхийллийг шатлан өргөжүүлж байна. Сэжигтнүүдийг их харгис хэрцгий байцааж байгааг “Guardian”-д бичсэн байна. Кремлийн хүчнийхэн тэдний нэгийнх нь өрөөсөн чихийг огтлон аманд нь чихсэн гэж энэ хэвлэлийн сэтгүүлчид ярьсан байна. Сэжигтнүүдийн нүүр ам хөхөрсөн байсан төдийгүй нэг нь шүүх дээр бүр тэргэнцэртэй иржээ. Түүнчлэн сэжигтнүүдийг өмгөөлөхөөр томилогдсон хүмүүсийг заналхийлж, шүүхийн ажиллагаанд оролцохоос татгалзахыг шаардан, биелүүлэхгүй бол маш хатуу, ширүүн аргаар өөрсдөд нь төдийгүй гэр бүлийнхэнд нь хандана гэж айлгаж, сүрдүүлсэн аж. “Зэрлэг аллага”-ын ард байгаа хүмүүсийг цээрлүүлэхээ Путин амласан. Тэгэхээр Оросын ислам шашинт цөөнх хэлмэгдүүлэлтийн шинэ давлагаанд өртөж мэднэ. Ислам шашинтнууд энэ алан хядах ажиллагааг амжилттай боллоо хэмээн “тэмдэглэж”, түүний хариуцлагыг бид хүлээнэ гэх мэдэгдлийг идэвхтэй тарааж байна. Ийм дайралт довтолгоон түүнийг үйлдэгчдэд итгэх үзлийг дэврээж, санхүүжүүлэх, шинээр хүн элсүүлэх, суртал нэвтрүүлэг хийх цар хүрээг нь тэлж байна гэж шинжээчид үзэж буй. Украин руу хийсэн Москвагийн довтолгооныг шинэ дайчид элсүүлэхэд “Исламын улс” 2022 оноос ашиглах болсныг “Wall street journal” тэмдэглэсэн байна. Оросын төлөө байлдаж буй чеченьчүүд, Украины талд тулалдаж яваа Крымийн татаруудыг энэ сөргөлдөөнд оролцохгүй байхыг ислам шашинтнууд уриалсаар байгаа юм. “Исламын улс”-ын санаархал цаашдаа Оросоор хязгаарлагдахгүй гэдэгт “New York times” анхаарлаа хандуулжээ. Тиймээс Европ бүхэлдээ сэрэмжтэй байх шаардлагатай болох нь. НҮБ-ын алах хядах ажиллагаатай хийх тэмцлийг хариуцсан өндөр албаны нэгэн “Парист энэ зун болох Олимпын тоглолтын төлөө санаа минь зовж байна” гэж хэлснийг “New York times” эш татсан байна.
Оросын сөрөг хүчний сэтгүүлч Игорь Яковенко Москва орчимд болсон энэ алан хядах ажиллагааг Путиний заавраар Оросын тусгай албадын бодож төлөвлөж хийсэн санаатай өдөөн хатгалга гэж үзэж буйгаа илэрхийлжээ. “Крокус сити”-д үйлдсэн алан хядах ажиллагаа нь “Исламын улс”, Оросын тусгай албадын хамтарсан “төсөл” гэх үг ч дуулдаж байна. Эдний хоорондын ийм “бүтээлч” нөхөрлөл шинэ юм биш. Анхных нь 1999 оны есдүгээр сард болж, хэд хэдэн байшин дэлбэлж, үүний давлагаан дээр Путин эрх мэдэлд хүрсэн гэж Яковенко ярьжээ. Путиний дэглэм гадаадын ажилчдын томоохон давхарга бий болгосноос Орост алан хядах үйлдэл хийхэд ихээхэн хялбар болсон байна. Эдгээр ажилчин нь үнэн хэрэгтээ бол Оросын газар нутагт маш дорд үзэгдсэн боолууд юм. Тэдний дотор исламын номлолын таатай орчин болох шүтлэг ихтэй хүн олон байдаг хэмээн сөрөг хүчний сэтгүүлч тэмдэглэсэн байх юм. Түүний үзэж буйгаар үймээн самуун дэгдээх үүр бий болгохоор олон хүний сэтгэл санааг нь урвуулах боломж Орост олон бий гэнэ.
Түрэмгийлэл үйлдэгч Орос улсын цэрэг, улс төрийн удирдлагад өширхөх олон шалтгаан “Исламын улс”-д байгаа аж. Тухайлбал, арван жилийн хугацаанд багаар бодоход Афганистанд нэг сая иргэнийг устгаж, Сирийн нутаг дэвсгэрт“Исламын улс” гээчийг нь бут ниргэсэн билээ.
Олсон мэдээллээ олон түмний сонорт хүргэж, “Исламын улс” Оростой хамтран ажилладгийг нотоллоо гэхэд энэ нь Путиний оролцоогүйгээр бүтэхгүй, энэ үнэний тун багахан хэсэг нь л Оросын нийгэмд хүрнэ, тэглээ ч оросуудад, дарангуйлагчдаа тэдний хандах хандлагад ямар нэг байдлаар нөлөөлөх ч юмуу, үгүй ч юмуу. Баримт олдлоо ч Оросын хүн амын өргөн цар хүрээлэлд мэдээллийг хүргэнэ гэдэг тусдаа асуудал. Оросын мэдээлэл голлон түгээгчид хийгээд хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь төрдөө юм уу, түүнд харьяалагддаг бүтцийн мэдэлд байдаг юм гэж Яковенко хэлсэн байна.
Энэ материалыг бэлтгэж байх явцад бидний олж авсан мэдээллээр уг хэрэгт Украиныг холбогдуулах гэсэн Путинтэй санал нийлэхгүй хүн түүний ойрын хүрээлэлд ч байгаа бололтой. Ер нь Украиныг буруутгах нотолгоо Оросын эрх баригчдад байхгүй аж.
Бэлтгэсэн: Р.Жаргалант