Москвагийн Crocus City Hall концертын танхимд өчигдөр болсон халдлагад оролцогчдыг баривчилсан талаар Холбооны Аюулгүйн албаны дарга Бортников Ерөнхийлөгч Владимир Путинд мэдэгдэв. Ингэхдээ РИА Новости Кремлийн сайтыг эш татан энэ талаар мэдээлэв. Террористуудыг баривчлах ажиллагаа шөнөжин, өглөөжин үргэлжилсэн юм. Улмаар хэдхэн цагийн өмнө гэмт этгээдүүдийн талаарх мэдээлэл, гэрэл зураг нийтлэгдсэн. Өнөө өглөө хууль сахиулах ажилтнууд сэжигтнүүдийн унаж явсан автомашин болон түүний байршлыг тогтоож чаджээ. Сэжигтнүүдийн зугтаж явсан цагаан өнгийн Renault маркийн автомашин Брянск мужаас олдсон бөгөөд хууль сахиулагчдын зогс гэсэн шаардлагыг биелүүлэлгүй зугтсан байна.
Мөрдлөгийн үеэр буудалцаан болж сэжигтнүүдийн машин онхолджээ. Нийт 11 хүн баривчлагдсанаас 4 нь Crocus-ийн халдлагад шууд оролцсон этгээдүүд байв. Эдгээр дөрвөн гэмт этгээд бүгд Тажик улсын иргэд аж. АНУ-ын тагнуулын албаныхан халдлагыг Исламын Улс зэвсэгт бүлэглэлийн нэг салбар үйлдсэн байх магадлалтайг өөрийн эх сурвалжаас олж тогтоосноо мэдээлжээ. Баасан гаргийн орой ОХУ-ын нийслэл Москва хотын захад оршдог Crocus City Hall концертын танхимд зэвсэгт этгээдүүд халдлага үйлдэн, хүмүүс хүү гал нээсний улмаас 96 хүн амиа алдаж, 100 гаруй хүн шархдав.