БНХАУ-ын Харбин хотод болсон “Дэлхийн цом ”-ын тэмцээнд оролцож байгаа нь
Дэлхийн триатлоны холбооноос өвлийн триатлоны чансааг шинэчлэн зарлахад Монголоос 11 тамирчин багтсан. Тэднээс зэвсэгт хүчний 011 дүгээр ангийн ахлах ахлагч, “Роүд Монголиа” клубийн тамирчин, спортын мастер Н.Алтаншагай өмнөд хөршийн Харбин хотод болсон “Дэлхийн цом”-ын тэмцээнд V байрт шалгарсан юм. Мөн Монголд зохион байгуулсан өвлийн триатлоны улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээнээс хүрэл медаль хүртэн, нийт 305.19 оноогоор дээрх чансааны шилдэг 10-т жагссан билээ. Тус тэмцээний дараахан МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар триатлоны тамирчин Н.Алтаншагай, Л.Баярцэнгэл, дасгалжуулагч Ц.Баярхүү нарыг хүлээн авч уулзан МҮОХ-ны алтан медалиар шагнажээ.
-Өвлийн триатлоны тэмцээн өндөрлөж, хаврынх эхлэх нь. Та бэлтгэлээ хэрхэн базааж байна вэ?
-Ажлынхаа хажуугаар зав гаргаад бэлтгэлээ хийж байгаа. Миний хувьд Улаанбаатарт өнгөрсөн сард болсон өвлийн триатлоны УАШТ-д III байрт шалгарсан юм. Тамирчны хувьд хүрэл медаль бол үнэ цэнтэй ирдэг шагнал. Ялж авдаг болохоор их бэлгэшээдэг. Монголд анх удаа болсон тул гүйлтийн цана, биатлоны шигшээ багийн тамирчид өрсөлдөж, тэмцээнийг улам өрсөлдөөнтэй, сонирхолтой болгосон нь үзэгчдэд их таалагдсан. Надад триатлоноос гадна туухай өргөлт, дугуйн тэмцээнээс хүртсэн медаль цөөнгүй бий. Зэвсэгт хүчний 011 дүгээр ангид харьяалагддаг тамирчид дугуй, хөнгөн атлетик, гийр, цана, триатлон гээд спортын олон төрөлд амжилт гаргасан. Би цанын төрөлд ч бас оролцдог. “Дэлхийн цом”-ын тэмцээнд оролцохын өмнө армийн аварга шалгаруулах туухай өргөлтийн тэмцээнд ур чадвараа сорьж, спортын мастер цол хүртлээ. Зэвсэгт хүчин, армийнхан гийрээр хичээллэж, хатуужил тэсвэрт суралцдаг. Гийр хүчний спортын суурь болох төдийгүй биеийг өв тэгш хөгжүүлдэг давуу талтай. Сүүлийн үед үүгээр залуус, албан байгууллагын ажилтнууд хичээллэж, бидэнтэй ана мана өрсөлддөг болсон.
-Та “Дэлхийн цом”-д улсаа төлөөлж анх удаа оролцлоо. 10 гаруй орны тамирчинтай өрсөлдөхдөө ажиглаж харсан зүйл тань юу байв?
-Монголоос оролцсон хоёр тамирчин гадаадын 200 гаруй триатлончтой өрсөлдсөн. Европын тамирчид цаг агаар, орчин нөхцөлийнхөө байдалд зохицуулж, бэлтгэл сургуулилалтаа сайн хийдэг юм билээ. Өвлийн триатлоны тэмцээнд цана, дугуй, гүйлт хосолдог тул манай улсад хөгжих боломжтой. Бид Италийн тамирчдын ур чадвар, туршлагаар их бахархсан. Тэдэнтэй нэг гараанаас гарч уралдахдаа хойшид цана, хэрэгсэл материал, хувцсандаа анхаарал хандуулах хэрэгтэйг ойлгосон. Манайд өвөл нь хүйтэн, халтиргаа гулгаа ихтэй тул дугуйтай бэлтгэл хийх амаргүй. Дугуйны тоног хөлдөж, араа солигдохгүй хүндрэл гардаг. Гадаадын тамирчдыг тэмцээний үед даарч, зутарлаа гээд ярихад бид ажрахгүй л зогсож байлаа. Монголын тамирчид хүндхэн нөхцөлд бэлтгэл хийдэг учраас тэр юмуу, хатуужил, тэсвэрээр илүү байсан шүү. “Дэлхийн цом”-д би V, Л.Баярцэнгэл ахVI байр эзэлж, ДАШТ-д оролцох эрх авсан ч ажлын онцлог, бусад нөхцөл байдлаас шалтгаалаад оролцож амжсангүй. Бид одоогоор дэлхийд амжилтынхаа чансаагаар X, XV байрт жагсаж байна.
-Манайхан дэлхийн шилдгүүдтэй эн зэрэгцэж, эхний 10 байрт жагсана гэдэг томоохон боломж санагдсан шүү.
-Өмнө нь гадаадын тэмцээнд оролцож үзэхсэн гэж бодож байснаас биш, өөрийгөө дэлхийд данстай аваргуудтай мөр зэрэгцээд эхний 10т эрэмбэлэгдэнэ гэж огт төсөөлөөгүй. Тэдэнтэй өрсөлдөх нь миний хувьд аз завшаан байлаа. “Дэлхийн цом”оос дэлхийн аварга, Италийн тамирчин Алессандро Саравалле, Жузеппе Ламастра алт, хүрэл, Германы триатлонч Себастьян Ниф мөнгөн медальтай нутаг буцсан. Эзэн орныхон нутагтаа зохион байгуулсан тэмцээнд амжилт тааруухан оролцоход манайхан тивдээ эхний хоёр байрт жагслаа шүү дээ.
-Тамирчдын спортод хөл тавьж, амжилт гаргасан түүх сонирхолтой байдаг юм билээ.
-Би 2018 онд ОУХМ Б.Энх Амгалан багшийн удирдлагад гүйлтийн цанаар хичээллэсэн. Харин дугуйн спортод хоёр жилийн өмнө хөл тавьж, “Роүд Монголиа” клубийнхэнтэй бэлтгэл хийн, тэмцээнд оролцсоноор спортын мастер цол хүртэж байлаа. Спортын гурван төрлөөр хичээллэсэн минь триатлоны тэмцээнд амжилт гаргахад нөлөөлсөн. Триатлон хатуу жил, тэвчээр, зориг шаарддаг. Өвлийн хүйтэнд триатлоны тэмцээнд оролцож, тэр их өрсөлдөөнөөс амжилт гаргана гэдэг амар биш. Зуны триатлоны тэмцээнд оролцогчид гүйж, дугуй унан, усанд сэлдэг. Спортын олон төрлийг багтаасан тэмцээнд өрсөлдөх нь тамирчдын хувьд өөрийгөө ялж буй амжилт юм. Монголд триатлоноор хичээллэдэг залуус олон болсныг УАШТ тодорхой харууллаа. Үзэгчид ч дэмжиж, үздэг болсон байна.
-Та спортод үеийнхнээсээ хожуу хөл тавьжээ. Богино хугацаанд амжилт гаргахад тань юу их нөлөөлөв?
-Багадаа спортоор хичээллэдэггүй байлаа. Амжилт гаргахад хичээллэсэн хугацаа, он жилээс илүү хувийн зохион байгуулалт, тууштай байдал их нөлөөлдөг юм билээ. Би армийн ангиас зохион байгуулсан олс таталт, туухай өргөлт, өвлийн биатлоны хоёр төрөлт тэмцээнд оролцдог юм. Арми, спорт хороо , холбоодын тэмцээн дотооддоо өрсөлдөгч ихтэй. Тэднээс шалгарч байр эзлэх хэцүү. Өөрийгөө ялж, зорилгодоо хүрэхэд сахилга бат, дэг журам, үүрэг хариуцлагатай байх нь хэрэг болдог. Зорилго тавьсан тамирчин олон зүйлийг золиосолж байж амжилтад хүрдэг. Дэлхийд чансаагаараа эхний 10 байрт бичигдсэн нь Монголын триатлоны спортод нэгэн шинэ хуудас нээж, залууст үүгээр хичээллэх урам өгсөн гэж боддог. Шилдгүүдийн ур чадвараас өөрийнхөө хэмжээнд суралцаж, чамгүй туршлага ч хуримтлууллаа. Миний дараагийн зорилго бол ДАШТд оролцох . Гадаадын тамирчидтай хамтарсан бэлтгэл хийхэд ур чадвар сайжирдаг. Монголын триатлоны холбоо тамирчдаа хөрш орнуудад бэлтгэл хийлгэхээр ярилцаж байгаа.
-Гадаадын тамирчидтай найз нөхөд болж, мэдээлэл солилцов уу?
-“Дэлхийн цом”д оролцохдоо гадаадын тамирчидтай танилцан найз нөхөд болж, инстаграмаар голдуу мэдээлэл солилцож байна. Тэднээс Италийн тамирчин , дэлхийн аварга Алессандро Саравалле ДАШТд шилдгээ баталж, түрүүлсэн байв. Харин Германы триатлончид “Дэлхийн цом”д өрсөлдсөн шигээ ДАШТд амжилт хараахан гаргаагүй харагдсан. Харбинд хөл тавиад гадаадын орнууд тамирчдаа хувцас, хэрэглэлээр сайн хангаж, бэлтгэл хийх орчин нөхцөлд нь анхаарал хандуулдгийг хараад бидэнд ч гэсэн ийм сайхан боломж хэзээ нэгэн цагт ирэх байх гэж бодож билээ. Тэндээс ирээд Италийн тамирчды н ур чадвар, техникийг судлах болсон.
-Таныг шантарч, эргэж буцахад үед хэн хамгийн ойр байж зөвлөдөг вэ?
-Миний хамгийн ойр дотнын зөвлөгч бол эхнэр минь. Одоо Онцгой байдлын газрын харьяа аврах, гал унтраах 14 дүгээр ангид ажилладаг. Багадаа бөх, тулааны спортоор хичээллэж байсан болохоор тамирчин хүний зовлон, жаргалыг сайн мэднэ. Цэрэг, армийн байгууллагын ажилчдад гэртээ тухалж амрах цаг зав бага гардаг. Ажиллахын зэрэгцээ бэлтгэл хийж, тэмцээнд оролцоход бүх талаар дэмжин, түшиг тулгуур болдог ханьд аа баярладаг. Манайх гурван хүүхэдтэй. Тэд минь нас бага болохоор спортоор хичээллэхэд арай эрт байна. Триатлоны “Дэлхийн цом”д оролцохдоо дасгалжуулагч Ц.Баярхүү багшийн удирдлагад бэлтгэл хийсэн юм. Тэмцээний өмнө аваргуудыг хараад эхэндээ сүрдэж, сандарсан. Тийм үед дасгалжуулагч тамирчдадаа түшиг болдгийг мэдэрсэн дээ. Гараанаас гарахын өмнө багш “Тайван бай, битгий сандар. Биеэ сулла. Өрсөлдөгчдөөсөө эмээлгүй, өөрийнхөөрөө уралд” гэж зөвлөсөн нь тус болсон. Бид хамтарч ажиллаад дөрвөн жил болж байна. Харбинд болсон “Дэлхийн цом”д оролцох үед интернэт байгаагүй тул хэнтэй ч холбогдоогүй. Монголд ирээд цахим хуудсаа нээтэл таних, танихгүй олон хүн баяр хүргэж, амжилт хүссэн байлаа.
-Спорттой нөхөрлөхөд гэрийнхэн тань юуг их захидаг болов?
-Би Завхан аймгийн Яруу сумд төрж өссөн. Хүүхэд насны дурсамжуудаа санахаар нутаг минь өөрийн эрхгүй бодогддог. Манай сумаас төрсөн самбо, жүдо , чөлөөт болон үндэсний бөхийн тамирчид бий. Триатлоноор хичээллэсэн нь одоогоор би л байна. Намайг спортоор хичээллэхэд аав, ээж, гэр бүлийн хэн минь дуртай хүлээж авсан. Манайхан одоо “Олонтой эвтэй явахыг үргэлж хичээ. Хүнээс зэмлэл, магтаал сонсож сурах хэрэгтэй. Хэлсэн үг, хийсэн ажилдаа эзэн болж яв. Бэлтгэлээ сайн хийж, бэртэл гэмтлээс хол байгаарай” гэж захидаг юм. Арми, спорт хоёр хатуу жил тэвчээрт сурган, намайг жинхэнэ утгаар нь хүмүүжүүлсэн. Хөдөөгийн хөрслөг бор хүүг аль аль нь нээн хөгжүүлж, дэлхийн тамирчин болголоо . Багадаа цэргийн хүн болно гэж мөрөөддөг байсан хүслээ би биелүүлсэн. Тамирчин болж эх орон, аав, нутаг, байгууллагынхаа нэрийг гаргаж байгаадаа бахархдаг. Намайг Харбинаас ирэхэд удирдлага, хамт олон минь сэтгэл өндөр хүлээж авсан. Зэвсэгт хүчний жанжин штаб, Батлан хамгаалах яамны цахим хуудсанд амжилтын минь талаар бичсэн байхыг хараад сэтгэл догдолж, огшсон шүү.
-Монголд эгэл жирийн малчны хотоос дэлхийн шилдгүүдийн нэг болсон цөөнгүй тамирчин бий.
-Би ч гэсэн жирийн малчин айлын хүүхэд. Багадаа адуу , малтай ойр өссөн. Аавынхаа уясан хурдан морийг унаж, наадмын уралдаанд айраг, түрүү авсан удаа бий. Адуу эр хүний хийморийг сэргээдэг. Хүүхэд байхдаа хурдан хүлгийн зоон дээр салхи сөрж давхидаг байсан сайхан мэдрэмж хэзээ ч мартагддаггүй. Тиймдээ ч одоо дугуй, цанаар хичээллэн, уралдаж байна. “Дэлхийн цом”д оролцсоныхоо дараахан аавындаа очиж хэд хоног амрахдаа нутгийнхаа уул, ус, салхинаас эрч хүч, энерги аваад ирлээ. Яруу сумд энэ жил цас их унаж, малчдын өвөлжилт хүндхэн харагдсан.
-Туузанд залсан шагналуудынхаа ихэнхийг спортын аль төрлөөс хүртсэн бэ?
-Шагналынхаа ихэнхийг армийн тэмцээн, дугуйн спортоо с гардсан байдаг юм. Үүнээс Монголд 2020 онд болсон биатлоны тэмцээнээс хүртсэн мөнгө, хүрэл медаль нүдэнд хамгийн түрүүнд тусдаг. Тэр тэмцээнд өөрт байгаа бүх зүйлээ шавхан гаргаж билээ. Түүнээс хойш тэмцээнд оролцох бүрдээ “Тэр их саад, бэрхшээлийг даван туулсан байж одоо чи яагаад чадахгүй гэж” өөртөө хэлдэг юм. Мөнгө, хүрэл медаль маань намайг одоо ч их хурцалдаг шүү.