Үндсэн хуулийн шинэчилсэн найруулгын дагуу сонгуулийг томсгосон тойргоор явуулахаар болж байна. Үүний дагуу сонгуульд нэр дэвшигч нь тухайн бүсээ хэрхэн хөгжүүлэх талаар мөрийн хөтөлбөртөө тусгах аж. Засгийн газраас нийгэм, эдийн засгийг чиглүүлэх, зохицуулах үйл ажиллагаа болох бүсчилсэн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх төлөвлөгөөг боловсруулсан. Академич Т.Доржтой энэ талаар ярилцлаа.
-Бүс нутгууд яаж хөгжих тухай судалгаа, тооцооллыг Эдийн засаг, хөгжлийн яам хийсэн. Та эдийн засагчийн хувьд байр сууриа илэрхийлнэ үү?
-Монгол Улсыг 2020-2050 онд хөгжүүлэх үндсэн үзэл баримтлалыг боловсруулж баталсан. Энэ 30 жилийн хөгжилд Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжил, тэр дотроо бүсчилсэн хөгжлийн үндсэн асуудлыг тусгасан. Алс хэтийн стратегийн төлөвлөгөөг бид дунд, урт хугацааны гэж хоёр хуваадаг.
Улс орны эдийн засгийн хөгжилд аймаг, сум, салбар бие дааж төвлөрөн хөгжөөд хоорондоо нэгдэж, харилцан уялдаа холбоо, зүй тогтолцоотой байдаг. Ийм учраас 330 сум, 21 аймаг бие дааж хөгжөөд, одоо хоорондоо бие биеэ тэтгэх байдлаар нэгнээ дэмжиж, 2050 он гэхэд манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжил тийм дэвшилд хүрнэ гэдэг зорилт тавьж буй юм. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд орон зай, цаг хугацаа, нөөц бололцоо зэргийг бүх талаас нь тооцсон. Энэ үйл ажиллагааг зохион байгуулж, хэрэгжилтэд нь хяналт тавих зохицуулалт хийдэг жамтай. Засгийн газраас хэрэгжүүлж буй ложистикийн, боомтын сэргэлтийн ажил бол энэ ажиллагааг цаашид гүнзгийрүүлэх алхам болж буй. Бид хэрэглэж байгаа бүх зүйлийнхээ 80 гаруй хувийг гаднаас авч, тийм хэмжээний зүйлийг бусад орон луу экспортолдог.Оронд нь машин техник, тоног төхөөрөмж, хувцас, хүнсний зарим зүй лийг харилцан авч байдаг. Үүнийг холбож бай гаа гол зүйл тээвэр, худалдаа. Тийм учраас зөвхөн Эрээн, Алтанбулаг гэхгүй бүх талдаа холбоотой байх үүднээс бусад гарц боомтын үйл ажиллагааг нээж өгснөөр эдийн засаг тэлнэ.
-Бүсчилсэн хөгжлийн бодлого, хөтөлбөр өмнө нь сайн хэрэгжиж чадаагүй гол алдааг та юутай холбон тайлбарлах вэ?
-Манай үе үеийн эрдэмтэн судлаач, салбарын мэргэжилтнүүд, төрийн байгууллагуудын боловсруулсан, УИХ болон Засгийн газраар батлуулсан дунд, урт хугацааны үндэсний болон салбарын бодлогууд сайн хэрэгжихгүй байгаа. Үүний зарим шалтгаан бол төрийн албаны тогтворгүй байдал, бодлогын залгамж чанар хангалтгүй, шийдвэр гаргахад улс төрчдийн нөлөө хэт их, аливаа гаргасан шийдвэрээ тууштай хэрэгжүүлдэггүй, хуулиа ч тэр бүр дээдлэн сахидаггүй, авлига, хээл ха хууль зэрэг сөрөг үзэгдлээс болж эдийн засгийн бодлого тууштай, үр дүнтэй хэрэгжиж чадахгүй өнөөг хүрсэн. Мөн зорилтоо тууштай хэрэгжүүлдэггүй, байнга засаж, өөрчилж ирсэн нь бодлогын тогтвортой байдал, залгамж чанарыг алдагдуулсан. Тогтвортой мөрдөнө гэж УИХ-аар баталсан 15-20 жилийн хөтөлбөрөө 2-3 жил болоод өөрчлөхийг оролдож буй нь манай улсад урт хугацааны битгий хэл, дунд хугацааны хөтөлбөр тууштай хэрэгжихэд хүндрэлтэй байсан зэргийг харуулж байна.
-Шинэчилсэн үзэл баримтлалыг боловсруулахдаа мэргэжилтнүүд юунд голчлон анхаарсан бол?
-Олон жилийн судалгаа, практикт үндэслэж боловсруулдаг учраас бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг төрд бүрдүүлэх асуудал хамгийн чухал байдаг. Өмнөх үе үеийн Засгийн газрын боловсруулсан баримт бичгүүд болон дэлхий нийтийн загвартай харьцуулж өнөө үед болон алс хэтдээ ашиглаж болох арга зүйг тооцоолж, судалгаа хийсэн. Монгол хүний амьдралын чанар байнга өсөж байх, мэдлэгт суурилсан, өөрөө өөрийгөө тэтгэдэг эдийн засагт яаж шилжих вэ гэдгийг бид дахин боловсруулсан гэж ойлгож болно. Эдийн засгийн хөгжлийн бүрэлдэхүүн хэсгүүд тус тусдаа задран улам төгөлдөржин хөгждөг жамтай.
Тиймээс орон нутагт эдийн засгийн харилцан адилгүй байдлыг тэнцвэржүүлэхийн тулд бүсчлэн хөгжүүлэх нь зүйтэй гэж эрдэмтэд санал нэгдсэн. Цаашид томсгосон тойргоос гарах УИХ-ын гишүүд Монгол Улсын иргэн бүрийн төлөө ажиллах ёстой. Өмнө нь тухайн нутаг орноо хэн сайн мэднэ, тэр хүн аваад явна гэсэн хандлага байсан. Тэгвэл цаашид зөвхөн өөрийнхөө орон нутгийн төлөө биш, улсын хөгжлийг өргөн хүрээнд харах болсныг зөв зүйтэй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, аймгуудаар бүсчлэн хөгжүүлж байсан бол одоо томсгосон тойрогтой болсноор Монгол Улсын хэмжээнд өргөн хүрээнд харах боломж бий болно.
-Цаашид эдийн засагт баримтлах гол зүйл юу байх бол?
-Манай улсын эдийн засаг өөрийгөө бүрэн тэтгэж чадахгүй байна. Цаашид эдийн зас гийн бүтцийг яаж сайжруулах вэ гэдэгт анхаарах ёстой. Бүс болгон, өөрөө өөрийгөө санхүүжүүлэх хэрэгтэй. 330 сум, 21 аймгийн ихэнх нь буюу 70 гаруй хувь нь төсвөөс татаас авдаг. Өөрөө өөрийгөө санхүүжүүлж чадахгүй байгаа гэсэн үг. Үүнээс үзэхэд манай эдийн засгийн бүсүүдийн хоорондын холбоо маш сул. Ихэнх нь мал аж ахуй эрхэлдэг, ижил төрлийн зүйл үйлдвэрлэдэг. Бие биедээ нийлүүлэх нийлүүлэлт сул. Дотоодын үйлдвэрлэлийн дагналт төрөлжилтийг нарийн зөв хуваарилснаар бидний эрэлттэй байгаа зүйлийг дотооддоо үйлдвэрлэх боломж бүрдэх юм. Ихэнх нь өөрөө өөрийгөө хангаад явж чадахгүй учраас цаашид үүнийг зохистой болгон, бүс тус бүрээр үр ашигтай ажиллах, өөрийгөө тэтгэх эдийн засагтай байхад анхаарах ёстой. Эдийн засагт баримтлах нэг гол зарчим байдаг. “Хэрвээ өөрөө өөрийгөө санхүүжүүлж чадвал хэдэн ч удаа бүсчилж болно. Чадахгүй бол битгий бүсчил” гэсэн шалгуур үзүүлэлт бий. Ийм учраас бүсчлэн хөгжүүлэхэд, нийгэм эдийн засгийн ийм шалгуур үзүүлэлтийг баримталдаг.
Бүс нутгийн хөгжлийг зохис той болгосноор орон нутагтаа нийгмийн асуудлыг шийдэх боломж бүрэлдэж, бүсүүдийн хоорондын эдийн засгийн холбоо сайжирна. Нэг бүс нь жимс, ногоо тариалж байхад, нөгөөх нь цагаан идээ, малын ашиг шимээ нэмэгдүүлж, бие биеэ нөхөж, зарим хэрэгцээгээ хангах замаар бодлого төлөвлөлтөд анхаарах юм. Манай улс бүсчлэн хөгжүүлэхээр олон янзын загвар боловсруулж, хэд хэдэн үзэл баримтлал гаргаж ирсэн. Эцсийн зорилго нь хүн ардын амьдралын чанарын түвшин дээшилж байх эдийн засгийн нөхцөл байдлыг бий болгох нь бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, түүний хэрэгжилтийн суурь болдог. Бүсчлэлийн оновчгүй бодлогоос болж хүн амын шилжих хөдөлгөөн маш өндөр болдог. Янз янзын бүсэд хүний хэрэгцээг хангах нийгэм, эдийн засгийн хангамжийн түвшин харилцан адилгүй байгаагаас улс орны хөгжилд сөргөөр нөлөөлдөг. Тухайлбал, хаана цалин өндөр байна, эмнэлгийн үйлчилгээ, чанар хаана сайн байна гэх мэт. Хөдөөд ийм нөхцөл бүрэлдээгүй учраас Улаанбаатарт хүн амын төвлөрөл үүсэж, дэд бүтцийн хөгжлийн түвшинд саад болж байна. Бүсчилсэн бодлого амьдралын чанарын түвшнийг дээшлүүлэх бололцоотой.