Монголын цанын үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Ачбадрах энэ спорттой 16 жил нөхөрлөж байна. “Пёнчан-2018”, “Бээжин-2022” өвлийн олимпын наадамд эх орноо төлөөлж оролцсон түүний тэмцээн бүрийг дурдвал сонины нэгээхэн зай багадна. Тэрбээр өнгөрсөн жил Словени улсын Планика хотод зохион байгуулсан ДАШТ-д 100 тамирчинтай өрсөлдсөнөөс 66 дугаар байр эзэлж, улсынхаа амжилтыг ахиулсан юм. Тэгвэл БНСУ-д болсон тус орны гүйлтийн цанын насанд хүрэгчдийн УАШТ-ий 15 км-ийн цуваа гараатай болон 30 км-ийн бөөн гараатай уралдаанаас хошой мөнгөн медальтай ирснээр энэ жил хурд сорих тэмцээнүүдийнхээ салхийг амжилттай хагалжээ. Дасгалжуулагч Д.Баттулгын удирдлагад бэлтгэл базаадаг тэрбээр тун удахгүй Швейцарын Гомс хотыг зорьж, “Дэлхийн цом”-д шилдгүүдтэй мөр зэрэгцэн “тоосоо өргөнө”. Түүний “Бээжин-2022” өвлийн олимпын наадмын нээлтэд өмссөн монгол үндэсний хувцас өдгөө Швейцарын Лозанн хот дахь ОУОХ-ны музейд хадгалагдаж байгаа билээ.
-БНСУ-аас ирсэн даруйдаа бэлтгэл базааж байгаа харагдсан. Өөртөө амрах зав өгөлгүй шаргуу хөдөлмөрлөхийг бодвол дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөх томоохон тэмцээний тов ойртсон байж таарлаа шүү.
-Тийм ээ. Эх орондоо ирсний маргааш бэлтгэлээ үргэлжлүүлсэн. Миний дараагийн өрсөлдөх уралдаан гүйлтийн цанын “Дэлхийн цом”-ын хоёр дахь тэмцээн. Швейцарын Гомс хотод энэ сарын 26-нд эхлэх тул хэд хоногийн өмнө очиж, бэлтгэл хийхээр төлөвлөж байна. “Дэлхийн цом”-ын эхний тэмцээн Финландын Рука цанын баазад боллоо. Миний хувьд өмнө нь цөөнгүй оролцохдоо хувийнхаа амжилтыг ахиулж, шинэчилсэн.
-Гадаадад цанын уралдаан болох газрынх нь цас манайхаас өөр байдаг уу?
-Норвег, Финланд, Швед улсад цаг агаар хүйтэрснээс цанын зарим тэмцээн цуцлагддаг. Саяхан Норвегт болох тэмцээний нэг гараа цуцлагдаж, өсвөр үеийн тамирчид уралдах боломжгүй болсон. Швейцарын Гомс хотод цас их унадаг. Европын орнууд цанын тэмцээн зохион байгуулахаас өмнө есдүгээр сард цасаа буудаж эхэлдэг юм. Буудсан цас байгалийнхтай холилдохоор зөөлөн байдаг. Монгол эрс тэс уур амьсгал, хүйтэн цаг агаартай тул цас нь хатуурч хөлддөг. “Скай ресорт” цанын баазын цас дулаарахаар гүйлт сайн болдог юм. Бид үүнээс гадна Хандгайт дахь цанын баазад бэлтгэл хийдэг.
-БНСУ-ын гүйлтийн цанын 78 дахь удаагийн УАШТ хэр өрсөлдөөнтэй, сонирхолтой болов. Та дараагийн тэмцээнд түрүүлэх боломжоо тэндээс олж харсан биз.
-Тус тэмцээнд оролцох тамирчид гэрээ байгуулж, төлөвлөгөөний дагуу бүтэн жил бэлтгэл хийдэг тул өрсөлдөөнтэй, өндөр зохион байгуулалттай болдог. УАШТ-ээс 6-8 тамирчин үндэсний шигшээ багтаа авч, байрлуулан сургуулилалт хийлгэж, амжилтыг нь ахиулдаг юм билээ. Монголын цаначид тэднээс илүү болохыг сая тэмцээнд оролцохдоо харлаа. Тэнд нэг тамирчинтай дөрвөн дасгалжуулагч ажиллах жишээтэй. Эзэн орны тамирчны намайг ялах үндэслэл нь цанын тосолгоо байв. Миний хувьд цанынхаа тосолгоог өөрөө тестэлж тавьдаг тул зарим нэг зүйл таараагүйгээс бага зэрэг алдаа гаргасан. Тэмцээний үед цаг агаар тогтворгүй, хүндхэн байсан нь багагүй нөлөөллөө. Тус улсад зохион байгуулах “Канвон-2024” залуучуудын өвлийн олимпод оролцохоор очсон Монголынхоо цаначидтай холбогдож, хэрхэн уралдах талаар зөвлөж байгаа.
-Манайх өвлийн спортоо хөгжүүлж, аялал жуулчлалын салбараа өөд нь татах дорвитой зүйл хийхгүй юм. Цана, мөсөнд авиралтын Азийн АШТ, “Дэлхийн цом”-ын нэг цувралыг улсдаа зохион байгуулж болно шүү дээ. Монголын цанын тамирчид өвөл гадаадын тэмцээнд оролцдог. Зориулалтын баазгүй тул тухайн улсын орчин, нөхцөлд нь дасан зохицож бэлтгэх хийх амаргүй байдаг юм билээ.
-Тийм шүү, үүнтэй санал нэг байна. “Бээжин-2022” өвлийн олимпын үеэр Ерөнхий сайд цанын цогцолбор бааз байгуулах талаар ам нээсэн ч бүтэхээргүй болсон дуулдсан. Цанын бааз байгуулахад төсөв хөрөнгө их зарцуулна гээд больсон сурагтай. Өвлийн спортыг бусад орноос дутахгүй хөгжүүлэхэд бэлтгэлийн бааз нэн чухал. Монголд эрт хүйтэрдэг. Есдүгээр сарын сүүлч, аравдугаар сарын эхээр агаарынтемпературхасахградустхүрэхэдлбидбэлтгэлээ эхлүүлэх боломжтой шүү дээ. Манайх арав, арваннэгдүгээр сард олон улсын анхны тэмцээний эрхийг авах бүрэн боломжтой. Тэмцээн зохион байгуулахад тухайн улсад тодорхой хэмжээгээр хөрөнгө орж, эдийн засгийн хөгжилд нь багагүй нэмэртэй. Зориглоод эхлүүлэхэд боломжгүй зүйл биш. Зориулалтын бааз байгуулахад цасны буу, цасны машин гээд хэрэг болох техник, багажийг бага багаар бэлдэж, аль ч газар цас буудахад хүүхэд, залууст хичээллэх орчин, нөхцөл бүрдэнэ. Улс энэ спортод багахан хөрөнгө зарцуулахад л хөгжинө шүү дээ. Монголд цас бууддаг болбол Азийн цомын тэмцээний эхний гарааг зохион байгуулах боломжтой. БНСУ дулаан уур амьсгалтай тул арванхоёрдугаар сард Азийн цомын тэмцээн зохион байгуулдаг. Олон улсын цанын холбооны бодлого бол хөгжил буурай орнуудад өвлийн спортыг хөгжүүлэх зорилгоор “Дэлхийн цом”, ДАШТ түлхүү зохион байгуулахад чиглэдэг юм.
-Тамирчны зам сонгох амаргүй. Ар гэртээ зориулах мөнгөө зорилго, тэмүүллийнхээ төлөө зарцуулах заримдаа хүнд санагддаг уу?
-Үндэсний шигшээ баг тамирчдаа дэмжиж, Хил хамгаалах ерөнхий газар, “Хилчин” спорт хороо цалинжуулдгийн хүчинд бид гадаадын тэмцээнүүдэд оролцож байна. Монголд өвлийн спортын тамирчдыг дэмжих байгууллага ховор. Швейцарын цанын холбоотой хамтран ажиллах гэрээ одоогоор цуцлагдсан. Монголын талаас бүх зүйл солигдсон тул байгуулсан гэрээ дуусгавар болж, дахиж сунгагдаагүй. Энэ жил тус улсын цанын холбоотой дахин гэрээ байгуулах талаар ярилцаж байгаа. Өвлийн спорт өндөр хөгжсөн улстай гэрээ байгуулах нь давуу талтай. Гадаадынхан Монголыг тамирчдаар нь мэддэг. Европын Холбоо гүйлтийн цана, биатлоны спортоор гадарлана.
-Манай цаначид дасгалжуулагч Марко Исэнсшмитийн удирдлагад Швейцарт нэг хэсэг бэлтгэл хийхдээ чамгүй туршлага хуримтлуулсан гэж боддог юм.
-Түүний удирдлагад бэлтгэл хийхэд биднийг бүх зүйлээр хангадаг байв. Швейцарын өвлийн олимпод оролцдог шигшээ багийнхны цанын тосолгоог бидний цананд ч хийдэг. Миний хувьд түүнтэй холбоотой байж, бэлтгэлийнхээ талаар зөвлөгөө авдаг юм. Тэрбээр Гомс хотод болох тэмцээнд тамирчидтайгаа оролцоно. Гадаадын туршлагатай тамирчидтай бэлтгэл хийх хугацаанд бидний ур чадвар сайжирсан шүү. Швейцарын цанын холбоо Монголын тамирчдыг цанаар хангасан удаа бий. Тэдний бэлэглэсэн цанаар бид тэмцээнд оролцдог юм.
-Та цанын спорттой 16 жил нөхөрлөжээ. Өнгөрсөн жилүүдэд шантарч, урам авах зүйлтэй бишгүй л тулгарсан байх.
-Тамирчин хүн дардан зам туулж, амжилтад хүрдэггүй. Зорилгынхоо төлөө урагшлахдаа хэцүү бүхэнтэй нүүр тулах энүүхэнд. Надад ч гэсэн болих уу, үлдэх үү гэж бодох үе олон байсан. Тэр бүхнээс бэртэж гэмтэх л хамгийн хэцүү. Миний хувьд болгож, бүтээх гэж хичээж ирснийхээ хүчинд 2014 онд шигшээ багт хөл тавьж, дараа жил нь Словак улсад болсон дэлхийн оюутны универсиад наадамд оролцохоор Европыг зорьсон. Финландад 2017 онд болсон цанын Б зэрэглэлийн ДАШТ-ээс хүрэл медальтай ирж, спорт сонирхогчдыг баярлуулсан минь дурсамж болж үлджээ. Тухайн үед өөрийгөө медаль хүртэнэ гэж төсөөлөөгүй. Өмнө нь шилдэг 10 байрт орж үзэх сэн гэж боддог байсан би III байрт шалгарсан ч эргэлзэж, итгэсэнгүй. Э.Очирсүрэн эгчийг “Баяр хүргэе, чи гуравт ор сон байна шүү дээ” гээд хэлэхэд нь ч үнэмшээгүй юм. Медалийн тавцанд гарч, хүрэл медаль зүүхдээ л итгэж билээ. Хойтон жил нь “Пёнчан-2018” өвлийн олимпод оролцохын тулд их хичээ сэн. Би өнгөрсөн жилээс ДАШТ-ий А зэрэглэлд уралддаг болсон шүү.
-БНСУ-д болсон “Пёнчан-2018” өвлийн олимп таны сэтгэлд ямар дурсамж үлдээсэн бол?
-Анх удаа оролцсон болохоор айдас, түгшүүр давхацсан. Тэр үед “Улсын минь нэр гарна. Би сайн оролцохгүй бол болохгүй” гэх бодлоор өөртөө хэт их ачаа үүрүүлсэн тал бий. Ингэж бодох нь нэг талаар дарамт болдог. Хамт явсан албаны хүмүүс “Сайн оролцоно шүү, хичээж үзээрэй” гэх нь түгшүүр улам нэмэх шиг санагддаг. Бээжинд болсон өвлийн олимпод цөөн хүн явсан тул сэтгэл тайван байлаа. Европчуудын адил том бүрэлдэхүүнтэй оролцоогүй ч багийн эмчтэй байхад итгэл төрдөг юм билээ. Монголын цаначид тэргүүлэгчээс 8-10 минутаар хоцордог. Тэгвэл өмнөд хөршийн олимпод түрүүлсэн цаначнаас дөрвөн минутын хойно барианд орсон минь чамлахааргүй амжилт байв. Бэлтгэлээ тууштай хийхэд эхний 30-д шалгарах боломжтойг ч мэдэрсэн. Төр засаг бэлтгэл хийх орчин, нөхцөлөөр хангаж, цанын баазтай болговол манайхан өмнөхөөсөө ч илүү амжилт гаргана. Спорт залуу насандаа амжилт гаргахыг шаарддаг шүү дээ. Тиймээс хөдөлмөрлөж буй цаг үедээ амжилт гаргахыг хүсдэг.
-Цанын тамирчдын олонх нь орон нутгаас төрсөн байх юм аа.
-Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сум миний төрж, өссөн нутаг. Хүүхэд байхдаа хөрш ахын цанаар гулгахыг харж, энэ спортод сэтгэл татагдсан. Тэр үед манай сумд гүйлтийн цанаар хичээллэдэг тамирчин олон байлаа. Тэднийг ажил, амьдралд хөл тавьсны дараахан цанын спорт нэг хэсэг завсардсан. Намайг X анги төгсөх жил Б.Батдорж багш бэлтгэл хийлгэж, УАШТ-д анх оролцуулсан юм. Улаанбаатарт ирснийхээ дараахан Ж.Дашдондог дасгалжуулагчийн шавь болж, залуучуудын шигшээ багт дуудагдсанаар тамирчны гараагаа эхлүүлсэн. Дасгалжуулагч Д.Баттулга багшийн удирдлагад Булган аймагт шигшээ багийнхантай бэлтгэл хийхдээ Б.Бямбадорж ахын техникийг харж, түүн шиг болох сон гэж бахархаж байснаа мартдаггүй. Д.Баттулга багш шинийг байнга эрэлхийлдэг. Түүний заах арга барил бусдаас өөр. Тэрбээр хурд, сэргэлтийн бэлтгэлийг хэзээ хийлгэхээ сайн мэддэг. Одоо түүний удирдлагад Монголын өсвөр үеийн цаначид БНСУ-д зохион байгуулж буй “Канвон-2024” залуучуудын өвлийн олимпод өрсөлдөнө.
-Та гүйлтийн цанын ДАШТ-д 2015, 2017, 2019, 2021, 2023 онд оролцсон. Хамгийн сайхан бодол төрүүлсэн орон ямар улс байв?
-Словенийн Планика хотод болсон гүйлтийн цанын 43 дахь ДАШТ өндөр зохион байгуулалттай, орчин, нөхцөл нь таатай байсан нь сайхан сэтгэгдэл төрүүлсэн. Надад оролцсон олон тэмцээн бий. МУБИС-ийн Биеийн тамирын сургуулийн оюутан байхдаа Словак, ОХУ, Казахстанд болсон оюутны универсиад наадамд өрсөлдсөн юм. Бэлтгэл, тэмцээн гэж завгүй явахад оюутны дөрвөн жил нүд ирмэхийн зуур өнгөрсөн дөө. Сургуулийнхаа багш нараас өвөл чөлөө авч, намар, хаврын сард хичээлдээ суудаг сан. Биеийн тамирын сургуулийн зөвлөх багш С.Жамц, Д.Баярлах нар бидний бүх зүйлийг зохицуулж, тэмцээнд идэвхтэй оролцуулдаг байлаа.
-Аав, авга эгч, эмэгтэй дүү тань ч цанаар хичээллэдэг гэсэн байхаа?
-Хэн нэгнийг хүсэл сонирхлоороо спортод уриалдаг хүн байдаг. Тэдний минь цанаар хичээллэдэг байсан нь намайг энэ спортод хөл тавихад нөлөөлсөн. Дүү цанаар нэг хэсэг хичээллэж байгаад больсон. Одоо цэргийн байгууллагад ажилладаг. Хөрш ах цанаар өдөр бүр гулгаж, хорхойг минь хүргээгүй бол би өдийд тамирчин болоо ч уу, үгүй ч үү гэж боддог юм. ДАШТ-ээс хүрэл медаль гардахдаа намайг цанад дурлуулсан түүнд талархаж байснаа мартдаггүй.
-“Бээжин-2022” өвлийн олимпын нээлтэд өмссөн таны дээл, малгайг Швейцарын Лозанн хот дахь ОУОХ-ны Соёлын өвийг хамгаалах сангаас Олимпын музейд тавих хүсэлт тавихад ямар бодол төрсөн бэ?
-Бээжингийн өвлийн олимпын нээлтийн ёслолд Төрийн далбаагаа бариад үндэсний хувцастай оролцоход ӨМОЗО-ы иргэд их баярлаж, сэтгэл өндөр хүлээж авсан. Монгол хувцасны өнгө, өвөрмөц загвар, хийц олимпын нээлтийг чимснийг олон улсын үзэгч харсанд баярладаг. Үндэснийхээ хувцсыг ОУОХ-ны Олимпын музейн төлөөлөгчид эх орон руугаа буцахын өмнө дурсгал болгон хүлээлгэж өгөхдөө өвөг дээдсийнхээ түүх, өв соёлоор бахархаж, сэтгэл их догдолсон. Олимпын наадамд оролцсон Монголын тамирчдын хувцсыг үндэсний үйлдвэрлэгч “Michel & Amazonka” компанийнхан урласан юм. Тус хороо өвлийн олимпод оролцсон орноос зөвхөн монголчуудын үндэсний хувцсыг дурсгал болгож авах хүсэлт тавьсан нь онцлох зүйл байсан. Хожим Лозанн хотыг зорихдоо Олимпын музейд дурсгал болгож үлдээсэн дээл, малгайгаа хараад дурсамж минь сэргэж, сайхан бодол төрнө гэдэгт итгэлтэй байна.
-Та дэлхийн шилдгүүдтэй мөр зэрэгцэж олон тэмцээнд оролцлоо. Одоо ч тэдний олонхтой нь найз нөхдийн холбоотой болсон биз?
-Тэгэлгүй яах вэ. Бид бэлтгэл сургуулилалт, тэмцээний талаарх мэдээлэл солилцдог болоод удаж байна. Хамгийн сүүлд Швейцарын тамирчидтай холбогдож, “Дэлхийн цом”-ын тэмцээний талаар ярилцлаа. Өмнө нь бэлтгэл хамт хийж байсан болохоор ойр дотно нөхөрлөдөг. Тэднээс ихэрхүү зан хэзээ ч харагддаггүй. Хандлага, харилцаа, энгийн, нийтэч байдал нь их таалагддаг. Бидэнтэй байгаа зүйлээ харамгүй хуваалцаж, инээж, хөгжилдөөд сайхан нөхөрлөдөг юм. Цанын томоохон тэмцээнд Норвег, Швед, Швейцар, Францын тамирчид хүчтэй өрсөлддөг. Бие, сэтгэл зүйн онцлог байдлаасаа хамаараад тэдний уралдах арга барил нь өөр. Тиймээс би Европын цаначдын техник, тактик, төлөвлөгөөг нь сонирхож судалдаг.
-“Сочи-2014” өвлийн олимпыг үзэж байсан, эсэхийг тань асуух сан гэх бодол яриа өрнүүлэх үеэс төрөөд байлаа.
-Би тэр жил Улаанбаатарт оюутан болж ирээд удаагүй байв. Цанын спортод ид дурласан байхдаа өвлийн олимпыг эхлэхээс нь дуустал алгасалгүй үзсэн. Тэр үед өвлийн олимп иймэрхүү зохион байгуулалттай болдог байх нь гэсэн анхны ойлголттой болсон юм. Сочигийн олимпод Монголын багийн тугчаар Б.Бямбадорж ах сонгогдож, С.Отгонцэцэг эгчтэй цанын төрөлд өрсөлдсөн. Тус олимпын нээлтийг зурагтаар үзэж суухдаа “Хэзээ нэгэн цагт тэдэн шиг ингэж оролцох сон” гээд бодож билээ. Тэр хүсэл, мөрөөдлөө дөрвөн жилийн дараа биелүүлж, “Пёнчан-2018” өвлийн олимпод оролцсон доо.
-Эхнэр тань цанын тамирчин байсан юм билээ. Тамирчид дэмждэг гэр бүл, найдвартай ар талтай байхад амжилт гаргадаг гэж ярьдаг.
-Эхнэр цанын спортын тамирчин байхдаа залуучуудын ангилалд уралддаг байлаа. Бид оюутан байхдаа танилцаж, гэрлэсэн. Тамирчин хүнийг гэр бүл нь ойлгоно гэдэг том тус шүү дээ. Хэрвээ ар гэртээ санаа зовдог байсан бол би өдий зэрэгтэй амжилт гаргахгүй л байсан болов уу. Аав, ээжийнхээ тууштай дэмжиж, тусалж ирсэн сайхан сэтгэлд их баярладаг. Хүүгийнхээ оролцох тэмцээний зардалд нэмэрлэнэ гээд мөнгөө үрэхгүй хадгалдаг юм. Тэмцээний зардлаас гадна хоол хүнс, хувцас, цанын хэрэгсэл аваарай гээд илүүчилнэ. Тэднийхээ ачаар энэ спортыг эргэж буцахааргүй сонгож байлаа.