Английн Манчестер хот хүртэл дугуйтай аялахаар өнгөрсөноны тавдугаар сарын 5-нд Улаанбаатараас хөдөлсөн Б.Очирваань өчигдөр буюу 255 дахь өдрөө Хорват улсад очжээ. Тэрбээр аяллынхаа туршид 13 мянган км зам туулахаар төлөвлөсөн бөгөөд өдгөө үүнийхээ 90 орчим хувийнх нь ард гараад буй аж. Хорват нь түүний хувьд аяллаа эхлүүлснээс хойш очсон 13, энэ жилийн дөрөв дэх улс юм байна. Үүнээс өмнө тэрбээр Монтенегро, Умард Македон, Косово улсад хөл тавьжээ. Б.Очирваань Английн“Манчестер юнайтед” багийн үнэнч шүтэн бишрэгч аж. Тэрбээр дэлхийн хөл бөмбөгийн алдарт багийн эх нутаг болон түүхт “Олд траффорд” цэнгэлдэх хүрээлэнг үзэх мөрөөдлөө биелүүлэхээр дугуйтай аяллаа эхлүүлжээ.