Умайн хүзүүний хорт хавдрын гол эрсдэлт хүчин зүйл нь хүний папиллома вирус байдаг. Ихэвчлэн бэлгийн замаар дамждаг уг вирусийн халдвараас сэргийлэх гол арга нь вакцин гэж олон улсад үзэж буй. Манай улс Дархлаажуулалтын тухай хуульдаа өнгөрсөн онд өөрчлөлт оруулснаар папиллома вирусийн эсрэг вакциныг үндэсний товлолдоо багтаасан. Ингэснээр уг вакциныг заавал хийлгэнэ гэсэнүг юм. Өмнө нь 2012 онд 12-15 насны 10 000 орчим хүүхдэд уг вакциныг хийж байв. Гэвч олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарснаар дархлаажуулалтыг зогсоон, иргэд сайн дурын үндсэн дээр хийлгэх болсон юм. Папиллома вирусийн эсрэг вакциныг үндэсний товлолд оруулсны ач холбогдол, дархлаажуулалтыг хэрхэн зохион байгуулах зэрэг асуудлаар ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагамтай ярилцлаа.
-Дархлаажуулалтын тухай хуульд өөрчлөлт оруулж, умайн хүзүүний хавдраас сэргийлэх вакциныг үндэсний товлолд оруулсны гол ач холбогдлыг та хэрхэн тодорхойлох вэ?
-Манай улс Дархлаажуулалтын тухай хуульд нэмэлт оруулж, заавал хийх вакцинд хүний папиллома вирусийн эсрэг тарилгыг багтаалаа. Тус хуулийн 10.1-т “Заавал хийх дархлаажуулалтад сүрьеэ, халдварт саа (полиомиелит), В вируст гепатит, пневмококк, хүний папиллома вирусийн халдвар, гахайн хавдар, улаануудын эсрэг сэргийлэх тарилга орно” гэж заасан.
Хүний папиллома вирусийн халдварын эсрэг вакциныг нэвтрүүлснээр умайн хүзүүний хорт хавдрын урьдал эмгэгээс сэргийлнэ. Өөрөөр хэлбэл, умайн хүзүүний хорт хавдрыг бууруулахад чухал нөлөө үзүүлэх боломжтой. Тухайлбал, 2019 онд “Лансет” олон улсын сэтгүүлд хүний папиллома вирусийн эсрэг вакцинжуулалтын хөтөлбөртэй АНУ, Австрали, Шотланд зэрэг 14 улсыг хамруулсан судалгааны үр дүнг танилцуулсан байдаг. Уг судалгаагаар хүний паппилома вирусийн эсрэг вакцин нь умайн хүзүүний хорт хавдраас сэргийлдгийг нотолж байв. Жишээ нь, Швед, Дани улсад өсвөр насандаа вакцин хийлгэсэн эмэгтэйчүүд насанд хүрсэн хойноо умайн хүзүүний хорт хавдраар өвчлөх эрсдэл маш бага байгааг тогтоосон.
Хүний папиллома вирусийн эсрэг вакцин нь хавдраас урьдчилан сэргийлэх зорилгоор хийж байгаа хоёр дахь тарилга юм. Нэгдүгээрт В вируст гепатитын эсрэг вакцин ордог.
-Хуулийн өөрчлөлтийг хэзээнээс хэрэгжүүлэх вэ. Өөрөөр хэлбэл, дархлаажуулалтыг хэдийд эхлүүлэх бол?
-Дархлаажуулалтын тухай хууль, Засгийн газрын тогтоолоор баталсан Дархлаажуулалтын үндэсний товлол болон Хавдрын эсрэг арга хэмжээний төлөвлөгөө, Халдварт өвчинтэй тэмцэх, сэргийлэх арга хэмжээний төлөвлөгөөний дагуу уг ажлыг хэрэгжүүлнэ. Умайн хүзүүний хавдрын эсрэг дархлаажуулалтыг улсын хэмжээнд энэ онд багтаан эхлүүлэх төлөвлөгөөтэй. Одоогоор бэлтгэл ажлуудыг хангаж байна.
-Манай улсад умайн хүзүүний хорт хавдрын өвчлөл ямар түвшинд байна вэ?
-ДЭМБ-ын Хавдрын судалгааны төвийн 2021 оны мэдээллээр умайн хүзүүний хорт хавдрын өвчлөл, эндэгдлээр манай улс бүс нутгийн орнуудтай харьцуулахад өндөр үзүүлэлттэй байна. Тодруулбал, Зүүн өмнөд Азийн орнуудад умайн хүзүүний хорт хавдрын өвчлөлийн түвшин 100 000 хүн амд дунджаар 10, нас баралт тав орчим байгаа. Манай улсад 100 000 хүн амд өвчлөл 19, нас баралт 11 байна. 2016-2020 оны үзүүлэлтээр Монгол Улсад эмэгтэйчүүдэд зонхилон тохиолдох хавдрын хоёрдугаарт умайн хүзүүнийх бичигдсэн. Мөн нийт хорт хавдрын шинэ тохиолдлын тоогоор дөрөвдүгээрт, нас баралтын үзүүлэлтээр тавдугаарт эрэмбэлэгдсэн.
-2012 онд уг вакциныг манай улсад туршилтын журмаар нэвтрүүлж байсан. Тэр үед хийсэн дархлаажуулалтын үр дүнг судалсан болов уу?
-Тухайн онд Баянгол, Багануур дүүрэг, Сэлэнгэ, Өмнөговь аймагт 11-15 насны 9125 охиныг вакцинд хамруулсан. Ингэхдээ гурван удаагийн тунгаар 64.9 хувийг нь хамруулан дархлаажуулж байв. 2017-2018 онд Б.Цэцэгсайхан нарын судлаачид “Хүний папиллома вирусийн эсрэг вакцин хийлгэсэн, хийлгээгүй бүлэгт вирусийн тархалт тогтоох” судалгаа хийсэн. Үүнд 1518 эмэгтэйг хамруулсан байдаг. Судалгааны үр дүнд вакцин хийлгээгүй бүлгийн 10 хувьд буюу 79 тохиолдолд папиллома вирусийн халдвар илрүүлсэн. Харин вакцин хийлгэсэн бүлэгт 0.9 хувь буюу долоон тохиолдол илрүүлсэн байна. Энэ нь уг вакцины ач холбогдлыг харуулж буй юм.
-Олон улсад вакцины үр нөлөөг хэр сайн судалсан бол?
-Өмнө дурдсанаар “Лансет” сэтгүүлд нийтэлсэн олон улсын тойм өгүүлэлд өндөр хөгжилтэй 14 орны судалгааны 65 өгүүллийн дүн мэдээг ашигласан байдаг. Судалгааны үр дүнд 13-19 насны охидод хүний папиллома вирусийн тархалт вакцин хийснээс хойш 5-8 жилийн дараа 83 хувиар буурсныг тогтоожээ. 20-24 насны эмэгтэйчүүдэд 66 хувиар буурсан байна. Харин бэлгийн үү 15-19 насны хөвгүүдэд 48, 20-24 насны залууст 32 хувиар буурсан үр дүн гарчээ.
-Вакцинд хэдэн насныхныг хамруулах вэ?
-Улс орнууд өвчлөлийн нөхцөл байдал, вакцины хангамж, нийлүүлэлтээс хамааран аль насныханд хэдэн тунгаар хийх товоо тогтоодог. Зөвхөн охид төдийгүй хөвгүүдэд ч хийдэг. Учир нь уг вирус аль ч хүйснийхэнд халдварладаг. Ингэхдээ охидод умайн хүзүүний хорт хавдрын өвчлөл болон хүндэрдэг нь тогтоогдсон. ДЭМБ-аас вакциныг 9-13 насны хүүхдэд тухайн улс орны дагаж мөрдөж буй үндэсний товлолын дагуу хийхийг зөвлөж байна. Шинэ судалгаа, нотолгоонд үндэслэн уг зөвлөмж өөрчлөгдөж болно. Мөн тухайн улс онцлогтоо тохируулан шийдвэр гаргаж болно гэж зөвлөсөн.
Манай улс Дархлаажуулалтын тухай хуульдаа заасны дагуу сайн дурын үндсэн дээр аль ч насны эмэгтэйчүүдийг вакцинжуулах боломжтой. Энэ тохиолдолд вакцины заавар дээрх зөвлөсөн тун, товлолоор дархлаажуулдаг. Өөрөөр хэлбэл, наснаас хамааран хийх тунгийн товлол өөрчлөгддөг. Тухайлбал, 15-аас дээш насныханд гурван тунгаар хийнэ. Ингэхдээ эхний тунг тарьсан өдрөөс хойш хоёр сарын дараа хоёр дахийг нь хийнэ. Эхнийхийг тарьсан өдрөөс хойш зургаан сарын дараа гурав дахь тунгаар дархлаажуулдаг.
-Бусад улс оронд уг вирусийн эсрэг вакциныг хэрхэн нэвтрүүлсэн бэ?
-Хүний папиллома вирусийн эсрэг вакциныг 150 гаруй улс нэвтрүүлсэн. Тэдгээрээс 120 гаруй нь дархлаажуулалтын үндэсний хөтөлбөртөө багтаасан байна. ДЭМБ-ын гишүүн орнуудын 60 орчим хувь нь эл вакциныг охиддоо хийж байгаа. Өндөр хөгжилтэй 30 гаруй орон тус вакцинд зөвхөн охид биш, хөвгүүдийг ч хамруулдаг болсон. Энэ нь зөвхөн умайн хүзүүний хавдраас сэргийлэх бус, хүний папиллома вирусээр үүсгэгддэг бусад төрлийн хавдраас ч сэргийлдэг.