Уулын спортын олон улсын хэмжээний мастер, Гавьяат тамирчин Б.Цэвээндаш өчигдөр “Nomad ice marathon-2024” хэт холын зайн өвлийн гүйлтийг Сүхбаатарын талбайгаас эхлүүлэв. Тэрбээр Төв, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн нутгаар дамжин, ОХУ-ын хил хүртэл 355 км замыг гүйж туулахаар төлөвлөжээ. Түүнтэй цөөн хором ярилцлаа.
-Та өмнө нь өвлийн улиралд холын зайд гүйж байв уу?
-Өвлийн улиралд ингэж гүйсэн тохиолдол байхгүй. Шинэ он гарлаа. Цаг агаар тогтуун сайхан байна. Монгол түмнээ эрүүл агаарт гараад гүй, алх хэмээн уриалж энэ санаачилгыг гаргасан. Ялангуяа хүүхэд, залуучууддаа үлгэр дуурайл үзүүлэхийг хүсэж байна. Манайд сүүлийн жилүүдэд өвлийн аялал жуулчлал хөгжиж буй. Үүнийг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулахаар ээлжийн амралтаа авч, гүйлтээ эхлүүллээ. Би ШШГЕГ-ын 407 дугаар хорих ангид үйлдвэрийн даргаар ажилладаг юм. Миний санаачилгыг хамт олон минь дэмжсэн. Мөн “Номад трэвл” аялал жуулчлалын компанийн залуучууд намайг ивээн тэтгэж, хамтран ажиллаж байна.
-Хүүхэд, залуус танаас ямар үлгэр дуурайл аваасай гэж хүсэж байна вэ?
-Хүүхэд, залуучууд ханиад, томуугаар өвчлөх нь элбэг болжээ. Үүнээс сэргийлэхийн тулд эмийн сан руу биш, эрүүл агаарт алхаж, тогтмол гүйж байгаасай гэж уриалъя. Хотын түгжрэл, утаа, стрессээс амархан ангижрахад гүйх нь чухал гэдгийг л ойлгуулахыг хүссэн. Монголчууд эрэмгий зоригтой, эрүүл чийрэг хүмүүс. Гэтэл залуус сошиал ертөнцөд хэт автах, залхуурах, сэтгэцийн өвчин, эмгэгт амархан өртөх нь түгээмэл болжээ. Баяр ёслолоор архи, тамхи хэрэглэж, дархлаагаа дэмжихээс илүүтэй эмээр “бөмбөгдөх” нь элбэг байна. Бид хөгжье, эрүүл чийрэг байя гэвэл буруу зуршлаа орхих хэрэгтэй. Гүйснээрээ маш амар амгалан байдлыг олдог. Бас өөртөө итгэлтэй болно.
-Өдрийн хэдэн цагт нь гүйх вэ. Бэлтгэлээ хэр хийв?
-Миний хувьд өдөр болгон гүйдэг. Өдөрт 30-50 км замыг гүйж туулъя гэсэн тооцоотой байна. Өвөл халтиргаатай, өдөр нь богино болохоор арай бага зам туулж магадгүй. Намайг идэр есийн хүйтэнд гүйнэ гэхээр олон хүн дургүйцсэн. Миний эрүүл мэнд, аюулгүй байдалд санаа зовсон байх л даа. Цас ихтэй учраас түрийтэй гуталтай гүйнэ. Хол зам туулахад хөл гар цэврүүтэх, булчин зангирах зэрэг хүндрэл гардаг ч хүсэл мөрөөдөл агуу болохоор даваад гарчихна.
-Таныг Эверестэд гарсан гэж сонссон. Мөн үүнээс өмнө холын замд гүйсэн байх аа?
-Хамгийн сүүлд Хэнтий аймгийн 100 жилийн ойд зориулж, өвөг дээдэс, нутаг усандаа хүндэтгэл үзүүлэхээр машинаар бус, 618 км-ийг 17 хоногт гүйж туулсан. Ингэхдээ ахтайгаа хамт замын дагуух тонн хогийг түүж байв. Миний хувьд хорт зуршлуудаа хаяад гүйж эхэлснээс хойш эрүүл мэнд, амьдралд минь олон зүйл өөрчлөгдсөн. Ажлынхаа алба хаагчид, залуу үеийнхэндээ зөв амьдралын талаар үргэлж зааж зөвлөж, уриалахыг зорьдог. Нэг ч гэсэн хүнийг өөрчлөхийг хүсдэг. Эверестэд гурван удаа авирсан. Бас2008 он хүртэл хорт зуршилтай, архины хамааралтай байв. Ээж, охин хоёртоо архи, тамхинаас гарахаа амлаад, нэг л өдөр пүүзээ өмсөөд гарсан даа. Тэр цагаас хойш одоо хүртэл гүйсээр л байгаа.