Манай улсад 2021 оноос ерөнхий боловсролын сургуулиудад боловсролын сэтгэл зүйчийг ажиллуулж эхэлсэн. Тэдний нэг, Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловсролын 143 дугаар сургуулийн сэтгэл зүйч Д.Батзаяатай ярилцлаа. Хүүхдүүд, багш, эцэг, эхчүүдтэй хэрхэн хамтарч ажилладаг болон тэдэнд сэтгэл зүйн ямар асуудлууд тулгарч байгаа талаар тэрбээр мэдээлэл өгсөн юм. Д.Батзаяа 2003 онд МУБИС-ийг сэтгэл зүйч мэргэжлээр төгсөж, 2016 онд Удирдлагийн академийн Удирдахуйн ухааны сургуульд нийтийн удирдлагын чиглэлээр магистрын зэрэг хамгаалжээ.
-Боловсролын сэтгэл зүйч мэргэжил манай улсын хувьд харьцангуй шинэ гэхэд ч болохоор. Сэтгэл зүйч нарыг энэ чиглэлээр мэргэшүүлэх сургалтууд өдгөө ид үргэлжилж байна. Таны хувьд боловсролын сэтгэл зүйчээр мэргэшин ажиллах болсон гол шалтгаан юу байв?
-Аливаа өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх, хандлагыг өөрчлөх чиглэлээр хүүхдүүд, багш, ажилтнууд, эцэг, эхчүүдэд зориулан сургалт, нөлөөллийн ажил, оношилгоо, судалгаа, ганцаарчилсан болон бүлгийн зөвлөгөө, трэйнинг зохион байгуулах нь боловсролын сэтгэл зүйчийн үндсэн үүрэг. Намайг их сургууль төгсөх үед буюу одоогоос 20 жилийн өмнө манай улсад сэтгэл судлалын шинжлэх ухаан төдийлөн хөгжөөгүй, тэр дундаа сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлдэг байгууллага ховор байв. Төгсөөд ажиллах байгууллага гэвэл зөвхөн Хүчирхийллийн эсрэг үндэсний төв л байсан. Миний хувьд мэргэжлээрээ ажиллаад10 жил болжээ. Өмнө нь сургуульд нийгмийн ажилтан байлаа. 2021 оноос боловсролын сэтгэл зүйчээр мэргэшин, ерөнхий боловсролын сургуульд тав дахь жилдээ ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд хэд хэдэн төсөл хэрэгжүүлэхэд оролцож, мэргэжлийн үйлчилгээ явуулахад шаардлагатай дэмжлэг, туслалцаа авч, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, трэйнинг явуулах өрөөтэй болсон.
-Таны мэргэжлийн хамгийн сайхан тал нь юу вэ?
-Миний ажил хүний нүдэнд шууд харагддаггүй, хэмжиж, үнэлэхэд ч хэцүү. Гэсэн ч хүний сэтгэл зүйн гүнд хүрч ажиллаж чадсанаар хэсэг хугацааны дараа үйлчлүүлэгчийн бодол санаа, мэдрэмж, харилцаа, хандлага, ажил, амьдрал, бүтээмж зэргээс үр дүн гарч байгаа нь мэдрэгддэг. Ялангуяа сэтгэл зүйн дэмжлэг туслалцаа авсны үр дүнд хүүхэд нь эергээр өөрчлөгдсөн тухай мэдээг багш, эцэг, эхчүүдээс сонсох сайхан байдаг.
-Сурагчдад хамгийн их тулгардаг бэрхшээл нь юу байдаг бол?
-Хүүхдүүд ихэвчлэн үе тэнгийнхний дарамт, дээрэлхэлт, мэргэжил сонгох, өөрийгөө танин мэдэх, үерхэл нөхөрлөл, гэр бүл, багш, хүүхдүүд хоорондын харилцааны асуудлаа сэтгэл зүйчид ярьдаг.
Ер нь бол нас насанд л ямар нэгэн хямралд өртдөг. Тухайлбал, бага ангийн хүүхдүүдийн асуудал нь эцэг, эх, гэр бүлийн хүмүүжлийн арга барилтай хамааралтай гэхэд болно. Өөрөөр хэлбэл, тэдэнд тулгарсан асуудал нь ихэвчлэн эцэг, эх, асран хамгаалагч зэргээр эргэн тойронд нь байгаа томчуудтай холбоотой. Энэ тохиолдолд сэтгэл зүйч эцэг, эх, гэр бүлийн хүрээнд ажиллах нь үр дүнтэй. Дунд, ахлах ангийнхан буюу өсвөр насны хүүхдүүдийн сэтгэл хөдлөл тогтворгүй байдаг. Тиймээс эрсдэлтэй алхам хийх, болох, болохгүй зүйлийг турших, аливаа зүйлд нэг талыг барьж ханддаг онцлогтой. Эдгээр нь сэтгэл зүйн асуудал биш. Харин тархины хөгжил нь хэвийн явагдаж буйг илэрхийлэх үзэгдэл юм.
-Эцэг, эхчүүд голчлон ямар зөвлөгөө авдаг вэ?
-Өсвөр насны хүүхэдтэй эцэг, эхчүүд ихэвчлэн тэдэнтэйгээ ойлголцохгүй байгаа талаар хэлдэг. Хүн бүр үр хүүхдээ сайн сайхан амьдраасай л гэж хүсдэг. “Багадаа ийм байгаагүй. Үгнээс гардаггүй сайн хүүхэд байсан. Харин одоо үгэнд орохгүй, юу ч хэлсэн эсэргүүцээд, маш хэцүү байна” гэдэг. Хүүхэд гэнэт л нэг өдөр өөрчлөгдчихдөггүй. Аав, ээжүүд хүүхдээ гаднаас нь хараад том болж байгааг нь анзаардаг. Харин дотроо, сэтгэл зүйн хувьд хэрхэн өөрчлөгдөж буйг нь анзаардаггүй. Энэ нь үе хоорондын ялгаа, хүүхдийн тархины хөгжил, гэр бүлийн тогтвортой харилцаа зэргээс шалтгаалж байна. Эцэг, эхчүүд хүүхдээ бусадтай харьцуулах, хэтэрхий их шаардлага тавих, эсвэл бүр хяналтгүй, дураар нь байлгах, бүх хүслийг нь биелүүлэх гэх мэтчилэн хүмүүжлийн тэнцвэрийг алдагдуулснаар сэтгэл зүйн асуудлууд үүсдэг. Тиймээс хүүхэдтэйгээ ойлголцохгүй байх шалтгаан нь тэднийг хүмүүжүүлэх арга барилтай холбоотой гэсэн үг. Бас мэргэжил сонгох тал дээр эцэг, эхчүүд өөрсдөө хангалттай мэдлэггүй, хүүхдээ сайн мэддэггүйгээс болж алддаг. Тэд өөрсдийнхөө дуртай, танил тал нь ажилладаг сургууль, салбартаа хүүхдээ ажил хөдөлмөр эрхлүүлэх сонирхолтой байх нь элбэг. Хүүхдийнхээ биш, өөрийнхөө мөрөөдлийг биелүүлэх гэж дуртай мэргэжлээ эзэмшүүлэхээр зүтгэснээр эцэг, эх болон хүүхдийн хооронд зөрчил үүсэх нь бий. Энэ нь олон сөрөг үр дагаварт хүргэдэг. Жишээлбэл, хүүхэд сонирхдоггүй мэргэжлээ сонгосноор цаг хугацаа, хөрөнгө мөнгө үрэх, ажилласан ч сэтгэл ханамжгүй, үр бүтээлгүй, амжилтад хүрч чаддаггүй. Тиймээс эцэг, эхчүүд хүүхэдтэйгээ ярилцах, тэднийг судлах, таних, мэргэжлийн хүнээс дэмжлэг туслалцаа авах нь чухал юм.
Мөн сургуульд дөнгөж орсон зургаан настнууд хичээлдээ явах дургүй байна гэж аав, ээж нь ханддаг. Энэ нь сургуульд ороход хүүхэд болон эцэг, эх, асран хамгаалагч сэтгэл зүйн хувьд бэлтгэгдээгүйтэй холбоотой.
Сүүлийн үед хүүхдийнхээ хүмүүжлийг багшид даатгаад орхичихдог эцэг, эх мэр сэр байна. Ямар нэг асуудал тулгарахад зарим аав, ээж сургууль, багшийг буруутгах хандлага ажиглагддаг. Уг нь сургууль, эцэг, эх, сурагч хамтарч ажиллах нь үр дүнтэй.
-Таны ажигласнаар хүүхдүүдийн хүмүүжил, төлөвшилд өдгөө ямар хандлага давамгайлж байна вэ?
-Анги бүрд сэтгэл зүйн хувьд маш тогтворгүй, ууртай, цочмог, хэт хөдөлгөөнтэй, төвлөрч чаддаггүй, эсвэл хэнтэй ч харилцахгүй тусгаарлагдмал 1-2 хүүхэд байна. Үүнд цахим хэрэглээний хэт хамаарал, гэр бүлд халуун дулаан уур амьсгал, амьд харилцаа дутагдсан, гадуурхалт, үе тэнгийнхний дарамт зэрэг нь нөлөөлж байгаа гэж боддог.
-Сэтгэл зүйн хувьд тогтворгүй хүүхэдтэй хэрхэн ажиллах ёстой бол?
-Хүүхэд сэтгэл зүйн хувьд тогтворгүй байхад маш олон шалтгаан нөлөөлж болно. Тухайлбал, тэд сэтгэл хөдлөл, мэдрэмжээ таних, хүлээн зөвшөөрөх, илэрхийлэх, удирдах чадварт суралцаагүй. Мөн цахим хэрэглээний хамаарал, мансуурах бодис, гэр бүлийн тогтворгүй байдал, стресс, бухимдал, сэтгэл гутралаа хэрхэн даван туулахаа мэдэхгүй байх гэх мэт олон хүчин зүйл нөлөөлдөг. Тиймээс асуудлын цар хүрээ, суурь шалтгаан, үргэлжлэх хугацаа, давтамж зэргээс хамааран үйлчлүүлэгчтэй хэрхэн ярилцахаа төлөвлөдөг. Ер нь гурав, дээд тал нь 10 удаа уулзаж, тэдэнд тохирсон үйлчилгээг үзүүлж чадвал тодорхой хугацааны дараа хэвийн байдалдаа орох боломжтой.
-Сургуулийн сэтгэл зүйчид уялдаа холбоотой ажиллаж, туршлага солилцдог уу?
-Сургууль бүрд боловсролын сэтгэл зүйч ажиллах нөхцөл бүрдсэнээр бид туршлага солилцон, хуваалцах нөхцөл бүрдсэн. Хүүхэд бүрд хүрч ажиллах мэргэжилтэн нэмэгдсээр байгаад баярладаг.
Сүүлийн үед анхаарал татаж байгаа асуудал нь онош тодорхойгүй, сэтгэл зүйн хувьд маш тогтворгүй бага насны хүүхдүүд нэмэгдэх хандлагатай болсон нь юм. Тодорхой оношгүй учраас багш нар тэдэнтэй хэрхэн харилцахаа мэддэггүй. Цөөн тохиолдолд эцэг, эхчүүд “Би хүүхдээ яах вэ. Хэрхэн харилцах учраа олохгүй байна” гэж сэтгэл зүйчид ханддаг. Харамсалтай нь, сэтгэл зүйч бүх асуудлыг мэддэг, шийддэг хүн биш. Надад ч бас шийдэж чадахгүй асуудал зөндөө тулгардаг. Ийм тохиолдолд үйлчлүүлэгчдээ хэлээд, албан ёсоор татгалзаж, холбогдох мэргэжлийн байгууллага, нарийн мэргэшсэн сэтгэл зүйч, сэтгэл засалч, сэтгэцийн эмч нарт холбон зуучилдаг.
-Үйлчилгээ үзүүлэхдээ хүүхдийн эрхийг хангахад хэрхэн анхаардаг бол?
-Бидний хувьд хүүхдийн эрхийг хангаж ажиллах нь мэргэжлийн ёс зүйн нэг хэсэг юм. Хүүхэд сэтгэл зүйчид хандах, эсэхээ өөрөө шийдэх, сайн дурын үндсэн дээр цаг аваад үйлчлүүлэх эрхтэй. Эцэг, эхчүүдийн хувьд хүүхдийн сэтгэл зүйн наад захын хэрэгцээг хангах, өөрийгөө илэрхийлэх боломж олгох, сонсох, давуу талыг нь дэмжиж, сул талыг нь хүлээн зөвшөөрөх нь чухал. Хүүхэд үгээ хэлэх, оролцох, хөгжих, хамгаалуулах эрхтэй.
-Өсвөр насныханд тохиолддог сэтгэл зүйн өөрчлөлтийн үед тэдэнтэй яаж харилцах нь зүйтэй вэ?
-Насанд хүрэгчдийн хувьд сэтгэл хөдлөлөө хэрхэн удирдах, ямар тохиолдолд тайвшрахаа мэддэг. Харин өсвөр насны хүүхдүүд уур бухимдал, стресс, айдас, түгшүүрийг хэрхэн даван туулахаа мэддэггүй. Өөрөөр хэлбэл, тийм чадварыг эзэмшээгүй байдаг. Өсвөр нас бол хүний амьдралын чухал үе. Бие бялдрын болон танин мэдэхүйн хөгжил хурдацтай явагддаг үе гэхэд болно. Энэ үед хүүхдэд анхаарал хандуулж, тэдэнд сонирхол, хоббигоо нь олоход нь туслах, нөөц боломж, бүтээлч сэтгэхүйг нь хөгжүүлэхэд анхаарах нь зүйтэй. Энэ нь тэдний насан туршийн амьдралын суурийг тавьж байна гэсэн үг. Хэрвээ өсвөр насны үеийг нь эцэг, эхчүүд анхааралгүй өнгөрөөвөл цаашдаа бие хүн болон төлөвших, нийгэмд тодорхой байр суурь эзлэн хөгжихөд нь олон сөрөг асуудал тулгарах эрсдэлтэй
-Үе тэнгийнхний дээрэлхэлт багассан болов уу. Эсвэл улам нэмэгдээд байна уу?
-Багасах биш, сүүлийн жилүүдэд улам ихсэж байгаа гэсэн судалгаа бий. Сургууль дахь хүчирхийлэл, ялангуяа үе тэнгийнхний дарамт, дээрэлхэлт сурлагын амжилт, хүүхдийн сэтгэл зүй, эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй. Тиймээс үүнийг таслан зогсоохын тулд багш, гэр бүлийн гишүүд, суралцагч хамтран ажиллах нь зүйтэй.
-Үүнээс урьдчилан сэргийлэх ямар ажлыг сургуулиудад зохион байгуулдаг вэ?
-“See learning Mongolia” ТББ-ынхантай хамтран гурван сургуулийн 920 хүүхдийг хамруулсан судалгаа өнгөрсөн сард хийлээ. Энэ нь сургуулийн уур амьсгал болон сэтгэл хөдлөл, нийгмийн харилцааны чадварыг судлах зорилготой бөгөөд ахлах ангийн сурагчдыг хамруулсан. Үүний хүрээнд ахлах ангийнхны дунд үе тэнгийнхний дээрэлхэлтэд өртдөг болон дарамт үйлддэг талаарх тандалтыг давхар хийлээ. Гурван сургуулийн судалгааны дүн ойролцоо гарсан. Энэ нь нийт сургуульд үе тэнгийнхний дарамт байна хэмээн таамаглахад хүргэж буй юм. Дарамт үйлддэг болон түүнд өртдөг хүүхэд хоёулаа сэтгэл зүйн хувьд хохирогч байдаг.
Үүнийг таслан зогсоохын тулд бид сургуулийн орчинд хэд хэдэн зүйлийг мөрдлөг болгон ажилладаг. Үүнд сургуулийн хүүхэд хамгааллын бодлого, сургалтын орчин ба дотуур байранд хүүхэд хүчирхийлэлд өртөхөөс сэргийлэх журмыг хэрэгжүүлэх ажил багтдаг юм. Тэдгээрийн хүрээнд үе тэнгийнхний дарамт, дээрэлхэлтийг зогсоох, урьдчилан сэргийлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.
Үе тэнгийнхний дарамт, дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх журмыг сургууль бүр боловсруулж гаргасан байх ёстой. Дэмжлэгийн, хамтарсан гээд хүүхэд хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ажилтнууд багтсан баг бий. Тэдгээр баг нь сургуулийн сэтгэл зүйч, нийгмийн ажилтан, эмч, хоол зүйч, сургалтын менежер, анги удирдсан багш гээд өргөн бүрэлдэхүүнтэй. Гэхдээ зөвхөн эдгээр ажилтан, албан тушаалтан биш, сургуулийн орчинд ажиллаж буй бүх хүн, эцэг, эх, асран хамгаалагчид, хүүхдүүдийн оролцоотойгоор дээрэлхэлт, дарамтыг мэдээлэх, арга хэмжээ авах, дэмжлэг үзүүлэх, багасгах, таслан зогсоох боломжтой. Харамсалтай нь, бичиг баримтуудыг мөрдөх төдийд шийдэгдэх асуудал энэбиш. Харин хүн бүрийн хандлагыг өөрчилснөөр шийдэгдэх юм.
Ялангуяа эрэгтэй сурагчид насаар бага хүүхдээс мөнгө нэхэж дарамтлах, өгөхгүй бол зодох тохиолдол гардаг. Охидын хувьд цахим орчны дээрэлхэлт, гадуурхалтад суурилсан сэтгэл санааны дарамт хүчирхийлэл элбэг байна. Үе тэнгийнхний дээрэлхэлт, дарамтаас шалтгаалан хүүхдүүд сэтгэлээр унах, ганцаардах, өвдөх, сургуулиа орхих, амиа хорлох зэрэг маш олон эрсдэл, аюултай тулгардаг. Тийм учраас үе тэнгийнхний дээрэлхэлт, дарамтыг таслан зогсоох нь чухал. Зарим тохиолдолд үүнийг ангийн багш нь мэдэж байгаа ч ямар нэг арга хэмжээ авахгүй, эсвэл хэрхэхээ мэддэггүй нь үе тэнгийнхний дарамт, хүчирхийлэл буурдаггүйн шалтгаан. Насанд хүрэгчид хүүхэд хичээл хийх, сайн сурах ёстой гэдэг шаардлага тавьдаг хэрнээ бусадтай зөв боловсон харилцах, зөрчил, маргааныг хүчирхийллийн бус аргаар шийдвэрлэх арга замыг заадаггүй. Хүүхэд наснаасаа найз нөхөд, үе тэнгийнхнээ ойлгож, хүлээн зөвшөөрч, хүндэлж сурах нь чухал. Ингэснээр ирээдүйд бусадтай зүй зохистой харилцдаг, багаар ажиллах, хамтрах чадвартай бие хүн болон төлөвших юм.
-Хүүхдүүддээ зөвлөгөө өгөхдөө нууцлалыг хэрхэн хангадаг вэ?
-Сэтгэл зүйчийн хувьд мэргэжлийн ёс зүйг эрхэмлэн ажиллах нь чухал. Зөвлөгөө авахаар ирсэн үйлчлүүлэгчидтэй хамгийн түрүүнд зөвшөөрлийн гэрээ байгуулдаг. Гэрээнд нууцлалыг хэрхэн зохицуулах тухай тодорхой заасан. Мэдээллийг зөвшөөрөлтэй, нууцлалтай, заавал мэдээлэх гэж ангилдаг. Зайлшгүй мэдээлэх шаардлагатай нь амь насанд аюул учирсан, эсвэл учрах эрсдэл өндөр, нийгмийн эсрэг үйл ажиллагаа явуулахыг төлөвлөсөн, завдсан тохиолдол юм. Мөн бэлгийн болон бусад хүчирхийлэлд өртсөн, өртөх эрсдэл өндөр тохиолдлуудыг үйлчлүүлэгчийн зөвшөөрлийн дагуу мэдээлнэ. Ингэхдээ аль хэсгийг мэдээлэхээ ч зөвшилцөх ёстой. Түүнчлэн мэдээлэл хүлээж авсан албан тушаалтан, ажилтанд нууцыг хадгалах, задруулсан тохиолдолд хүлээх хариуцлагыг тодорхой хэлэх, сануулах, гарын үсэг зурж баталгаажуулах шаардлагатай юм. Хүүхэдтэй ажиллахаар гэр бүлийн асуудал яригддаг. Тиймээс эцэг, эх, ах, эгчтэй нь ч зайлшгүй харилцах, сэтгэл зүйн туслалцаа үзүүлэх шаардлага гардаг. Харамсалтай нь, хамтарч ажилладаг эцэг, эх тун цөөн.
-Зарим багш сурагчдаа амьдралын түвшин, хувцсаар нь хүртэл ялгаварлах тохиолдол бий гэдэг. Ийм зүйл танд ажиглагддаг уу?
-Санаатай болон санамсаргүй байдлаар, үг болон үйлдлээрээ хүүхдүүдийг ялгаварлан гадуурхсан, бусадтай харьцуулсан, үерхэл нөхөрлөлийн асуудлыг нь задруулсан, нууцыг нь хадгалж чадаагүй, нэр хүндийг нь унагасан зэрэг асуудлаас үүдэн багш, сурагчийн хооронд үл ойлголцол үүсдэг. Энэ нь багш, ажилтнуудын хүний эрхийн суурь мэдрэмж, сэтгэл зүйн боловсрол, хүн чанараас хамаардаг гэж боддог. Багш нар хүүхдүүдийг ялгаварлахгүйгээр тэгш хандах ёстой. Санаатай болон санамсаргүй байдлаар эд хөрөнгө, царай зүс, авьяас чадвараар нь ялгах хандлага ажиглагддаг.
Хүүхдүүдийн сурах чадвар ялгаатай учраас үүнийг харгалзан хичээл, сургалтаа төлөвлөх, тэдний чадварын түвшнийг ахиулахад нь туслах, дэмжих, зөвлөх нь чухал.
-Эцэг, эхчүүд, багш нарын хувьд үл ойлголцол гарах тохиолдол бий юү?
-Эцэг, эхчүүд хүүхдийнхээ дэргэд багшийг шүүмжлэх нь элбэг. Ийм сөрөг хандлагаас болж хүүхэд ангид ирэхдээ багшид шүүмжлэх байр сууринаас ханддаг. Энэ нь багш болон сурагчийн, мөн багш, эцэг, эхийн хооронд зөрчил үүсгэж байна. Багш нар нэг үеэ бодвол сэтгэл зүйчтэй хамтарч ажилладаг болсон. Ялангуяа анги удирдсан багш нар илүүтэй ханддаг. Хариуцсан ангийн сурагчдынхаа насны онцлогийн талаар, тэдэнтэй хэрхэн харилцах, ямар арга барилаар ажиллах талаар зөвлөгөө, зааварчилгаа авч байна.
Бид багш нарт хүүхдийн нас, сэтгэхүйн онцлог, ялгаатай байдал, мэдээлэл хүлээн авах, боловсруулах хурд, хугацаа, танин мэдэхүйн үйл явцын онцлогийн талаар мэдээлэл, зөвлөмж өгдөг.
-Сургуулийн сэтгэл зүйчид өөрсдийгөө хэрхэн хөгжүүлдэг вэ?
-Боловсролын ерөнхий газар, Монголын сэтгэл зүйчдийн нийгэмлэгийнхэн хамтран боловсролын мэргэшсэн сэтгэл зүйчдийг бэлдэж байгаа. Тиймээс бид цаашдаа илүү олуулаа болно. Сэтгэл зүйч тасралтгүй хөгжих шаардлагатай. Тэр дундаа боловсролын сэтгэл зүйч нь хариуцсан салбараа ойлгох, мэдрэх, хүүхэдтэй ажиллах арга зүй, эв дүйг эзэмших, хүний эрхийг хангах, хамгаалах чиглэлээр тасралтгүй суралцаж, хөгжих ёстой. Үүний хүрээнд мэргэжлийн төрийн болон төрийн бус олон байгууллага сургалт зохион байгуулдаг болсон. Тийм учраас сэтгэл зүйч нар хүссэн сургалтдаа хамрагдаж, нарийн мэргэших боломж их бий. Тухайлбал, Монголын сэтгэл зүйчдийн нийгэмлэг, ШУА-ийн Тархи, сэтгэл судлалын хүрээлэн, “Бүтээлч тархи”, “Сэтгэл судлалын хүрээлэн”, “Сэтгэл заслын хөгжлийн хүрээлэн”, “Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэн”, “Монгол өрх”, “Гэр бүл анхаарлын төвд” ТББ, Монголын урлагийн сэтгэл заслын холбоо зэрэг байгууллага үйл ажиллагаа явуулж, олон сэтгэл зүйчийг бэлтгэх, мэргэших боломжоор хангаж байна.