“Гудам” фото клубийнхэн өнгөрсөн 6-10 дугаар сард гэрэл зургийн анхны сургалтаа зохион байгуулжээ. Уг сургалтад 27 гэрэл зурагчин оролцсон юм байна. Тэд Улаанбаатар хотын орчин болон гудамжны гэрэл зургуудыг олон сэдвийн хүрээнд уран сайхны аргаар авснаа саяхан “Стрийт фото” үзэсгэлэнд дэлгэсэн юм. Тус үзэсгэлэнд оролцогчдын нэг Г.Мөнх-Одтой ярилцлаа.
-Гудамжны гэрэл зургийг хэзээнээс эхэлж сонирхож эхлэв?
-Монголын үндэсний гэрэл зургийн танхимаас 14 хоногийн сургалт зохион байгуулдаг байлаа. Үүнд анх хамрагдахад маш гоё мэдрэмж төрсөн юм. 2014 оноос зураг авч эхэлсэн. Мөн онд “Хүрээ” дээд сургуулийг программ хангамжийн мэргэжлээр төгсөж байв. Түүнчлэн СУИС-ийн дэргэдэх Дүрслэх урлагийн сургуулийг фото урлаг судлаач мэргэжлээр 2022 онд төгслөө. Мэргэжлийн сургууль байгуулагдаагүй байх үеэс л энэ урлагт татагдан, бие дааж суралцах болсон.
-“Гудам” фото клубээс оролцогчдод анх удаа сонирхолтой арга барилаар сургалт явуулсан гэж сонссон.
-“Батзориг” сангийн үүсгэн байгуулагч Д.Давааням, гэрэл зургийн редактор М.Мөнхжаргал нар санаачилж, гудамжны баримтат зураг авах хүсэл сонирхолтой залуусыг нэгтгээд, хийж буй зүйлийг нь илүү академик түвшинд хөгжүүлэх зорилгоор таван сарын сургалтад хамруулсан юм. 27 гэрэл зурагчин хоёр долоо хоног тутамд өөр өөр сэдвээр зураг авах даалгавартай байлаа. Тухайлбал, заасан хугацаанд хотын гудамжаар явж, “Өнгө”, “Хүмүүс”, “Сонин хачин”, “Хөрөг” зэрэг сэдвээр зураг авсан. Бидний зураг авах талбар нь гудамж. “Өнгө” гэдэг сэдэв өгөхөд хар цагаанаар голдуу зургаа авдаг зарим оролцогч яах вэ гэдэг сорилттой тулгарсан. Тухайлбал, өнгөний зохицол хаана харагдаж байна, өнгөөр зохиомжилж юуг илүү тодотгох вэ гэх зэрэг асуулттай нүүр тулсан юм. Хэдийгээр энэ чиглэлээр суралцаж байсан ч уг сургалтад хамрагдсанаар энэ төрөл нь дотроо өөр өөрийн үзэл санаатай, олон агуулгатай байдгийг илүү системтэй ойлгосон. Мөн мэргэжлийн редакторуудаас маш их зүйл суралцлаа.
-Гэрэл зургийн үзэсгэлэнг үзэгчид хэрхэн хүлээн авч, ямар үнэлэлт, дүгнэлт өгөв?
-Гэрэл зургийн “Сүүдэр” студи үйл ажиллагаагаа өргөжүүлж буйгаа хэлээд, бидний бүтээлээр үзэсгэлэн гаргах санал тавьсан. Өмнө нь бид хөтөлбөрийнхөө хүрээнд жижиг үзэсгэлэн гаргасан нь “Сүүдэр” агентлагийнханд таалагдсан юм билээ. Тиймээс бидэнд Монголын уран зургийн галерейд үзэсгэлэн гаргах санал тавьсан юм. Тэд маркетингийн тал дээр бидэнтэй бас хамтарч ажилласан. “Стрийт фото” гэж анх удаа зарлаж, үзэсгэлэн гаргана гэсэн нь нэршлийн хувьд надад таалагдсан. Маш сонирхолтой үйл ажиллагаа боллоо. Бидний хөтөлбөрийн нэг том хэсэг нь бие биеэсээ суралцах байв. Өөрийнхөө болон бусдын авсан зургийг үзэх нь суралцах томоохон боломж байлаа. Бидний сургалтын хөтөлбөрт Австралийн “RMIT” сургуулийн Гэрэл зургийн тэнхимийн багш нар оролцож, бүтээлүүдэд үнэлэлт өгсөн. Тэд бидний зургуудад редактор хийсэн гэсэн үг. Сургалтын хүрээнд авсан зургуудаар тус сургуулийн Жерри багш ирэх оны дөрөвдүгээр сард Австралийн гудамжинд үзэсгэлэн гаргахаар төлөвлөсөн.
-Бүтээлдээ ямар санааг түлхүү тусгахыг эрхэмлэдэг вэ?
-Хүмүүсийг зүгээр л үнэн байгаасай гэж хүсдэг. Бие биедээ хүндэтгэлтэй ханддаг, гэгээлэг байх хэрэгтэй болов уу гэж боддог.
-Гудамжны гэрэл зургийн онцлог, гол арга барил нь юу бол?
-Гудамжинд зураг авахад “ан хийх”, “загасчлах” гэсэн хоёр арга байдаг. “Ан хийх” гэдэг нь урьдчилан тооцоолох боломжгүйгээр тухайн агшныг авч үлдэх. Харин “загасчлах” гэдэг нь зураг авах байршлаа хараад өрнөж буй үйл явдлыг ажиглаж, зөв агшныг онож буулгах юм. Миний хувьд “ан хийх” нь илүү таалагддаг. Тухайн хүн зураг авч байгааг мэдээгүй байх нь чухал. Нөгөө талаар тухайн хүмүүстээ мэдэгдээд, “Таны зургийг авъя, та хайр гэдгийг юу гэж илэрхийлэх вэ” гэх мэтээр асуух арга барил ашигладаг. Гудамжийг хүн л “амь оруулдаг”. Хүнтэй байвал тухайн орчин илүү сонирхолтой болдог юм. Хүмүүстэй харилцаж байж авсан зураг өгөөжтэй болдог нь ажиглагдсан.
-Дэлхийн шилдэг гудамжны гэрэл зурагчдаас хэнийг хүндэлж явдаг вэ, яагаад?
-Францын гэрэл зурагчин Роберт Доисно, Анри-Картье, Швейцарын гэрэл зурагчин Роберт Фрэнк нарын зургууд болон хувь хүн нь таалагддаг. Хийж буй зүйлийнхээ мөн чанарт илүү хүрсэн хүмүүс гэж хардаг.
-Та дараагийн бүтээлийн санаагаа олсон уу?
-Би ес дэх жилдээ зураг авч байна. Энэ хугацаанд цөөнгүй зураг аваад, хадгалсан. Тэдгээр зургаа хүмүүст үзүүлэх ёстой. Тэднийгээ үзүүлэхгүй, мэдэрсэн зүйлээ гаргаж илэрхийлэхгүй байх нь сэтгэл зүйд ямар нэг хэмжээгээр нөлөөлдөг. Тиймээс өөрийгөө жаахан хоосолсны дараа өөр зүйл эхлүүлэх санаа төрөөд байгаа. Хамгийн эхэнд хийх ажил нь зургуудаараа ном гаргах юм. Ашгийн төлөө биш, хийсэн бүтээлээ ном болгоод үлдээх нь чухал. Сонирхогчид номоос миний дотоод мөн чанар, туршлага, мэдрэмжийг хуваалцаасай гэж хүсдэг. Мөн зургуудад минь ямар өөрчлөлт гарсныг харах юм. Миний хувьд гудамжинд хүмүүст юуг үзүүлэх вэ гэдгээ сайн бодож, мэргэжлийн түвшинд ажиллахыг зорьж байна.
-Есөн жилийн өмнө зураг авч эхлэх үеийн гудамжийг одоогийнхтой харьцуулахад хэрхэн өөрчлөгдсөн байна вэ?
-Тухайн үед би өөрөө, бас нийгэм, гудамж ч одоогийнхтой харьцуулахад өөр байв. Одоо үед бүгд ухаалаг утас хэрэглэж, зураг авдаг болсон. Үүний нэг сөрөг тал нь миний ажигласнаар зураг авч байгаа хүнийг олон нийт болохгүй зүйл хийх гэж байна гэж хардаж, уцаарлангуй ханддаг болж. Энэ нь бага зэрэг хүндрэлтэй байдаг.
-Гудамжинд гоё зүйл өрнөдөггүй гэж цөөнгүй хүн боддог байх. Харин та бүхний зургуудаас аялал, зугаалга, хөдөлмөр, хошин шог, зовлон, жаргал гээд хүний амьдралын салшгүй хэсгүүдийг олж харлаа.
-Тийм ээ. Хүмүүсийн өдөр тутмын амьдрал гудамжинд л өрнөдөг. Тухайлбал, “Хөрөг” сэдвийн хүрээнд гудамжнаас нэг хүн олоод, хөрөг зургийг нь дарах даалгавар авсан юм. Үүнд голдуу залуус л оролцохыг зөвшөөрсөн. Тэдний нээлттэй, өөртөө итгэлтэй чанар нь таалагдсан. Харин ахимаг насныхан байгаадаа сэтгэл хангалуун бус ч юм шиг. Эсвэл өөрийг нь сөрөг талаас нь авах вий гэж болгоомжилж байгаа нь ажиглагдсан. Бид “Энэ эгчийн хажуу талаас нь зураг авбал хамар нь гоё гарах юм байна. Энэ талаас нь гэрэл гоё тусах нь” гээд сайхан зүйл бодож байхад тэд байгаа байдлаасаа ичиж, эсвэл биднээс болгоомжилж байв.
-Гудамжны гэрэл зургийн ач холбогдлыг та хэрхэн тодорхойлох вэ?
-Нийслэл маань олон жилийн түүхтэй. Гэтэл хотод ийм төрлөөр авсан зураг ховор. Гадаадын хүмүүс манай орныг адуу мал, байгалиар ихэвчлэн төсөөлдөг. Дэлхий дахинд үзүүлж байгаа зургууд голдуу байгалийнх байдаг. Тийм болохоор монголчууд нийслэлдээ хэрхэн амьдардгийг олон улсад харуулахыг зорьдог юм. Янз бүрийн мэдээллийн сайтаас үзэхэд ч ийм зургууд ч ховор. Өмнө нь хотын гэрэл зургийн үзэсгэлэн мэр сэр гарч байсан. Цаашдаа Монголын талаарх хуучны дүр зургийг эвдэх, шинэлэг мэдээллийг олон улсад харуулах боломжтой гэж боддог.