“Элит”, “Метро пүүл” клубийн тамирчин, ОУХМ Б.Нарантуяа Катарын Доха хотод өнгөрсөн сард зохион байгуулсан снүүкер биллиард сонирхогчдын ДАШТ-д улсаа төлөөлж оролцсон Монголын тоглогчдоос хүрэл медальтай ирсэн анхны тамирчин. Дэлхийн аваргуудтай ана мана өрсөлдсөн түүний ур чадвар энэ спортоор сонирхож хичээллэдэг залууст урам өгч, итгэл, найдвар төрүүлэв. Тус хотод өнгөрсөн жил болсон ДАШТ-ий шигшээ наймд шалгарч, Азийн АШТ-д хүрэл медаль гардсан тэрбээр тивийн шилдгүүдийн эгнээнд нүүр бардам жагссан. Монголын биллиардын спортод амжилтынхаа түүхээр нэгэн шинэ хуудас нээсэн тэрбээр пүүл биллиардын УАШТ-д 11 удаа түрүүлж, снүүкер биллиардынхад 12 удаа аваргаар шалгарч байв.
-Азийн АШТ-ээс хүрэл медальтай ирэхдээ дараагийн ДАШТ-д амжилт гаргах боломжоо Дохад олж харсан тухайгаа өмнө нь өгүүлсэн. Катарыг гурван удаа зорьж, дэлхийн шилдгүүдтэй мөр зэрэгцлээ.
-Катарын тэнгэр надад ээлтэй санагддаг. Тэнд анх удаа хөл тавихдаа тивийн тэмцээнээс хүрэл медаль гардаж, Монголынхоо тамирчдад амжилтын жим гаргасан. Улсаа төлөөлж оролцох бүртээ тив, дэлхийн аваргуудтай нөхөрлөж танилын хүрээгээ ч тэллээ. Өмнө нь тэднээс хэн нь ч намайг танихгүй, Азид Монгол Улс хаана оршин тогтнодгийг мэддэггүй байв. Хэдэн тэмцээнд ана мана өрсөлдсөний дараа мэдэж, одоо өөдөөс угтан уулздаг болсон. Энэ удаагийн ДАШТ-д манай эрэгтэй тамирчид багийн төрөлд сайн тоглож, шигшээ наймд шалгарлаа. Бид тэмцээний үед нэгнийхээ дасгалжуулагч, бариач, сэтгэл зүйч болж, хэнийх нь тоглолт түрүүлж болно тэнд очоод урам өгч, зөвлөсөн дөө.
-Та тэндээс медальтай ирсэн цагаас гадаадын тэмцээнд алгасалгүй оролцлоо. Олон жил бодсон зорилгоо биелүүлсэн гэж ойлгож болох уу?
-Би Азийн АШТ-ээс медаль хүртсэнийхээ дараахан Малайзыг зорьж, снүүкер биллиардын зургаан улааны ДАШТ-д өрсөлдөхдөө медалиас атгаад алдсан юм. Ялагдал намайг тэр хэрээр хурцалж, амжилт гаргуулахын төлөө амрах завгүй хөдөлмөрлүүлсэн. Тэмцээнээс тэмцээнд ур чадвараа сорих бүрт сэтгэл зүйн бэлтгэлтэй болж, алдаа, дутагдлаасаа суралцлаа. ДАШТ-д медалийн төлөө тоглоно гэхээс сүрдсэн хэрнээ атгаж үзэх сэн гэх хүсэл өөрийн эрхгүй төрж байв. Дээр нь итгэж найдсан гэр бүл, эх орны нэр хүнд, ивээн тэтгэсэн клубийн хамт олон гээд сэтгэлд олон зүйл бодогдох нь нэг талаар амаргүй санагддаг. Медалийн төлөөх тоглолтод өрсөлдөгчдөө онооны хол зөрүүгүй хожигдох л хамгийн хэцүү. Тийм үед тамирчин хүн сэтгэл зүйгээ хянах нь чухал.
-Энэ удаа ч гэсэн хэсэгтээ хүчтэй өрсөлдөгчидтэй таарч, хүнд тоглолт хийсэн. Тэднийг буулгаж авах амар байгаагүй биз?
-Тийм ээ. Хонконг, Польшийн тамирчдад эхэндээ хожигдож явсан ч оноогоор барьж хожлоо. Хэсгээсээ шалгарч, хүрэл медалийн төлөө Германы тамирчин, ДАШТ-ий мөнгөн медальт Диана Стацнытай өрсөлдсөн. Миний хувьд өнгөрсөн жил ДАШТ-д анх оролцохдоо түүнийг буулган авч, шилдгүүдийн нүдэнд өртсөнөөр үзэгчдийн анхаарлыг татсан юм. Тэр тэмцээнд аваргуудтай нэг ч тоглож үзээгүй шинэ танил ирж, дэлхийн медальтныг хожлоо гэж бүгд гайхан, бүр Катар даяар шуугиж байлаа. Тухайн үед би шилдгүүдийн нэг гэдгийг нь мэдээгүй. Энэ удаа түүнтэй дахин тоглохдоо “Нэг хожсон юм чинь хоёр хожилгүй яах вэ” гэж бодоод өөрийгөө зоригжуулсан. Тэрбээр надад дахиж ялагдсандаа уур нь хүрч, тоглолтын танхимаас бухимдалтай гарсан. Дараа нь байрласан буудлын гадаа таарч “Баяр хүргэе, чи сайн тоглосон шүү. Медалийнхаа өнгийг хувиргаж, аварга болоорой” гээд найрсгаар гар барьсан. Тамирчид тэмцээний үед нэгэндээ хожигдсон ч дараа нь амжилт хүсээд сайхан нөхөрлөдөг.
-ДАШТ-ий шилдэг наймд шалгарсан үеэс нөхөрлөсөн тамирчин олон бий байх.
-Бий, бий. Тэдэнтэй тэмцээн бүрт таардаг тул Монголыг сонирхож, биллиардын спорт хэрхэн хөгжсөнийг судалдаг болсон нь анзаарагдсан. Сая очиход “Танай улс тив, дэлхийн тэмцээн хэзээ зохион байгуулах вэ. Хэрвээ болбол бид очиж оролцоно шүү. Монголчууд нүүдлийн амьдралтай, наадам хийж, морь уралдуулдаг гэл үү. Одоо цаг агаар нь хүйтэрсэн үү, дулаан байгаа юу” гээд асуусан. Гадаадын тамирчдад Монголын түүх, соёл сонирхолтой санагддаг. Надад “Монголд дэлхийн талыг эзэлсэн Чингис хэмээх хүчирхэг хаан байсан тухай сонссон. Чи хааныхаа тухай хэр сайн мэдэх вэ” гэхээр нь ”Тийм ээ, Чингис хаан миний өвөө шүү дээ” гэж хэлээд инээлгэсэн шүү.
-Туркийн Анкарад өнгөрсөн зун болсон тивүүдийн АШТ-д оролцож, хүрэл медаль гардсан санагдах юм.
-Америк пүүл биллиардаар Тайваньд болсон оюутны универсиад наадмын ганцаарчилсан төрөлд мөнгө, багийнхад хүрэл медаль хүртэж байв. Анкарад өнгөрсөн зун болсон тивүүдийн АШТ-д хятад пүүл биллиардын төрөлд тивээс хоёр тамирчин оролцуулахаар шалгаруулахад би сонгогдсон юм. Тайланд, БНСУ, Вьетнам, Хонконг, Монгол, БНХАУ-ын тамирчин нэг баг болж өрсөлдсөн. Азиас тивээ төлөөлж, монгол хүн тоглоно гэдэг ховор боломж төдийгүй нэр төрийн хэрэг байлаа. Би Азийн B багийнхантай тоглосон. А багийнхан алт, В нь хүрэл медаль хүртсэн юм. Тив, дэлхийн хүрэл медаль надад үнэ цэнтэй ирсэн. Тэр хэрээр мэдрэмж, ур чадвар, авьяас, туршлага шаардсан даа.
-Дохагийн тоглолтын ширээнд түрүүлэх боломж танд харагдаад л байсан. Медалийн өнгө хувиргах тоглолтод сэтгэл тань ханасан мэдрэмж төрсөн санагдсан шүү.
-Алт, мөнгөн медаль хүртэх боломж надад байлаа. Германы тамирчныг буулган авч, хүрэл медалийн болзол хангахад дасгалжуулагч маань “Чи айх зүйлээ ардаа орхисон ч тоглолтдоо ханаж болохгүй шүү. Энэ эрчээрээ тоглоод медалийнхаа өнгийг хувиргаарай” гэв. Мөнгөн медалийн төлөө өмнө нь Азийн АШТ-д тоглосон Энэтхэгийн Анупама Рамачандрантай таарсан. Түүнийг 3:0-ээр хожиж явсан ч ялагдсан юм. Тэрбээр өсвөр үеийнхний ДАШТ-д аваргалж, мэргэжлийн тамирчдын оролцдог ДАШТ-ий багийн төрөлд түрүүлсэн юм. Надаас найман насаар дүү ч амжилтаараа ид цахиур хагалж байгаа. Түүний зоригтой, эрч хүчтэй, шийдэмгий тоглолтоор бахархсан. Тийм хүчтэй өрсөлдөгчтэй таарч, энэ удаа хожигдсондоо би нэг их харамсаагүй. Тамирчин хүн өрсөлдөгчийнхөө давуу талаас суралцаж, өөрийгөө хөгжүүлдэг. Бид хойшид ч таарна. Тоглолтынх нь онцлог, арга барилыг нь мэдсэн болохоор дараагийн тэмцээнд өөр бодолтой өрсөлдөнө.
-Дэлхийн аваргууд хүртэл таны харцнаас эмээж, тоглодог тухай өмнө нь сонсоод эхэндээ их гайхаж билээ.
-Тамирчдын хэр шийдэмгий зан харцнаас нь харагддаг. Дасгалжуулагчид тамирчныхаа өрсөлдөгчдийн зан чанар, тоглох техник, сэтгэл зүйн байдлыг гярхай харж, судалдаг юм билээ. Тайландын дасгалжуулагч Азийн АШТ-д миний тоглохыг хараад манай дасгалжуулагчид “Танай тамирчны шийдэмгий зан, ширүүн харц нэг л өдөр юм дуулгана шүү” гэж хэлсэн гэдэг.
-Медалийн тавцанд зогсоход танд ямар бодол төрсөн бол?
-Монголын тамирчин гээд зарлахад эх орон, аав, ээж, ах дүүс, амжилтад хөтөлсөн дасгалжуулагч, тусалж дэмждэг клубийнхээ удирдлага, хамт олон, найз нөхдөөрөө их бахархсан. Хүүхэд байхаасаа биллиардын спорттой нөхөрлөж, амжилтад хүрэхийн тул олон жил хөдөлмөрлөлөө. Өнгөрсөн хугацаанд халширмаар зүйлтэй багагүй тулгарсан ч зорилгынхоо төлөө даван туулаад ард гарсандаа баярладаг. Хичээллэх хугацаанд “Биллиард спорт биш. Чи амжилт гаргаж чадах уу. Шантраад л хаяна, одоо боль” гэдэг хүн байхад “Энэ хүүхэд юм дуулгачихаасай” гэж дэмжсэн хүмүүс ч бий.
-Азийн орнуудаас танд шигшээ багтаа тоглуулах санал тавьдаг уу?
-Азийн АШТ-ээс хүрэл медаль хүртсэний дараахан өмнөд хөршийн дасгалжуулагч “Чи манай улсад ирж бэлтгэл хийж болно шүү. Хэзээ ч ирсэн бид хүлээж авахад бэлэн” гээд санал тавьж байлаа. Сая болсон ДАШТ-д Хятадын тамирчин өөр улсын тоглогчдыг хожиж, өндөр оноо авсан ч надтай таарахдаа бэргэж, тэдэнтэй тоглосон шиг өрсөлдөөн гаргаагүй. Биллиардын ямар ч төрлийн тэмцээнд оролцсон Тайланд, Хятад, Хонконг, Энэтхэгийн тамирчид түрүүлдэг. Хонконгийн тамирчин дэлхийн гурван удаагийн аварга Онь И Нг аваргын төлөө Хятадын тоглогчид ялагдаж, мөнгөн медаль хүртлээ. Снүүкер биллиардын 15 улааны ДАШТ-д БНХАУ-ын тоглогч тэргүүлж, Хонконгийнх удаалан, Энэтхэгийн хоёр тамирчин хүрэл медаль зүүсэн юм. Тэгвэл зургаан улаан ДАШТ-д Энэтхэгийн тамирчид эхний хоёр байрт шалгарч, Монгол, Хятадын тоглогч хүрэл медаль гардсан. Энэ удаагийн ДАШТ өрсөлдөөн ихтэй, сонирхолтой боллоо. Бельгийн тоглогч, дэлхийн 12 удаагийн аварга Венди Жанс шигшээд шалгарсан ч медальгүй нутаг буцсан. Шилдгүүд оролцсон тэмцээнд бүртээ аваргаа хамгаалж тоглох амаргүй л дээ.
-Гэрийнхэн тань өнөөг хүртэл найдвартай ар тал болж ирсний ач тус таныг хожилд олон удаа хөтөлсөн гэж бодож байна.
-Манайхан миний үнэнч, хөгжөөн дэмжигч. Тэднийгээ түшиг тулгуур болж, дэмжсэний хүчинд амжилт гаргаж, зорилгынхоо төлөө тэмүүлж яваа. Ээж ДАШТ-ээс медаль хүртсэнийг сонсоод баярлаж, хамаатан садныхаа ах дүүс, ойр дотнын найзууддаа “Миний охин хүрэл медаль хүртсэн” гээд дуулгасан байна билээ. ДАШТ-ээс медаль хүртэхэд олон хүн баяр хүргэж, урам хайрласан. Тэр үед хайр хүндлэлийг нь дааж, итгэл, найдварыг нь алдахгүйг хичээж явах сан гэж их бодсон. Аав, ээж намайг тэмцээнээс медаль хүртэхээр гэрийнхээ уньнаас өлгөдөг байлаа. Сүүлдээ багтахаа ч больсон. Манайд зочилсон хүмүүс хойморт залсан медалиудыг минь сонирхож харахаар аав “Би тэмцээнд оролцуулсан уяач нь, морь нь миний охин” гэж хэлдэг сэн. Одоо бол гадаадын тэмцээнүүдээс хүртсэн медалиудаа өлгөдөг юм. Гэрийнхнээс минь гадна надад тусалсан олон хүний дэм тус амжилт гаргахад ихээхэн нөлөөлдөг. Би очсон улсынхаа сайхан бүхэнтэй нь танилцаж амждаггүй ч хөгжлийг нь хараад ирдэг. Гадаадад хөл тавиад хамгийн түрүүнд эх оронтойгоо харьцуулна. Миний хардаг зүйл бол дэд бүтэц, зам, тээврээ хэрхэн хөгжүүлснийг сонирхдог. Ямар ч улсад очсон автоамашины түгжрэлийг шийдэж чадсан нь сайхан санагддаг юм. Малайз улс манайхыг бодвол өндөр хөгжилтэй. Гэхдээ ядруухан амьдардаг хүмүүст нь хэвтэх, суух газар ч олддоггүй юм билээ. Тэгвэл дуртай газраа гэрээ бариад, хэвтэх эх орныхоо уудам тал нутгаар бахархсан шүү.
-Та Английн Лондонд өнгөрсөн хавар хөл тавихдаа мэргэжлийн тамирчдын өрсөлддөг тэмцээнд оролцож, дээгүүр “цойлсон” гэсэн. Тэр тухайгаа сонирхуулаач.
-Надад амьдрахад хамгийн таатай улс Англи санагдсан. Биллиардын спортын өлгий орон нь шүү дээ. Тэнд дэлхийд алдартай мэргэжлийн тамирчдын олонх нь амьдардаг. Би Лондонд өнгөрсөн тавдугаар сард очиж, мэргэжлийн тамирчдын дасгалжуулагчидтай уулзахдаа ДАШТ болдог “Крусибл” театрыг сонирхож үзсэн. Тэнд байх хугацаандаа мэргэжлийн тамирчдын өрсөлддөг тэмцээнд тоглож, шилдэг наймд шалгарсан юм. Үүнээс өмнө Тайландад гуравдугаар сард болсон мэргэжлийн тоглогчдын ДАШТ-д оролцохдоо Хонконгийн тамирчин дэлхийн гурван удаагийн аварга Онь И Нг, сая болсон ДАШТ-д түрүүлдэг Энэтхэгийн Видя Пиллайг хожиж, мөн шилдэг наймд үлдсэн. Тэр үед шилдгүүдийн хараанд нэг ч өртөөгүй сонирхогчдын ангилалд тоглодог тамирчинд хоёр аварга ялагдахыг хараад үзэгчид “Хөөх, Онь И Нг ялагдлаа гэж үү” гээд их гайхсан. Тэдний хэн нь ч миний тоглох арга барилыг мэдэхгүй болохоор хүчтэй өрсөлдөнө гэж таамаглаагүй. Тэр тоглолтын дараа дэлхийн шилдгүүд надтай таарахдаа бэргэж байв . Мэргэжлийн тамирчдын тэмцээнд хоёр удаа өрсөлдсөн миний чансаа эхний 100 байраас 50-д бичигдсэн тул Английн мэргэжлийн холбооноос урилга илгээсэн юм. Лондонд хөл тавьсан учир нь тэр. Одоо чансаагаа ахиулж, эхний 10 байрт жагсдаг болохоор зорьж байгаа. Бельги, Албани улсад ирэх жилийн нэгдүгээр сард болох олон улсын нээлттэй тэмцээнтэй. Дараа нь Англид дөрөвдүгээр сард зохион байгуулах мэргэжлийн эмэгтэй тамирчдын ДАШТ-д өрсөлдөнө. Энэ мэтчилэн дараалж болох тэмцээнд оролцох тул бэлтгэлээ шаргуу хийж байна. Миний хувьд 2024 он мэргэжлийн томоохон тэмцээнүүдэд өөрийгөө сорьсон жил байх болов уу.