Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддоржтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Цаг үеийн үеийн мэдээллээр ярилцлагаа эхлүүлье. Аймгийн хэмжээнд өвөлжилт ямар байна вэ, та бүхэн хэрхэн бэлтгэв, хүндрэл бэрхшээл хэр их байна вэ?
-Өмнөговь аймгийн хэмжээнд Өвөлжилтийн бэлтгэл ажлийг бүрэн дүүрэн хангаад байна. Энэ жил 1.7 тэрбум төгрөгөөр өвс, тэжээл авч нөөцөллөө. Баруун гурван сумын хувьд сүүлийн гурван жил үргэлжилсэн ган гачгийн улмаас малчид оторлож, нутагтаа өвөлжих малчин өрх цөөрлөө. Нөхцөл байдал маш хүнд, зуд болох эрсдэлтэй байгаа учраас өвлийг хүндрэл багатай давахаар өвс тэжээлээ ахиухан нөөцлөх, малчидаа эргэж тойрох, төрөөс үзүүлэх үйлчилгээг ойртуулах, отрын штаб байгуулах зэрэг ажлууд шат дараалалтай хийгдэнэ.
-Даланзадгад сумын хүн ам өсөхийн хэрээр агаарын бохирдлын асуудал мөн тулгамдаж байх шиг байна. Та бүхэн энэ талаар ямар арга хэмжээ авч, ажиллаж байна вэ?
-Манай аймгийн хүн амын тоо өссөөр 75 мянга давлаа. Даланзадгад, Гурвантэс, Цогтцэций, Ханбогд сумдад төвлөрөл хамгийн их. Агаарын бохирдлыг бууруулахын тулд бид “Агаарын бохирдолгүй, утаагүй Өмнөговь” хөтөлбөр хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийн хүрээнд энэ жил шинэ техник, технологи, инновац шингэсэн дэвшилт шийдлүүд нэвтрүүлэхээр төлөвлөсний нэг нь “Нүүдэлчин” зуух. Давхар шаталттай энэ зуухыг төвийн бүсийн гэр хорооллын өрхийн 60 хувьд буюу 2368 айлд олголоо. Энэ зуух нь угаасан коксжих нүүрс түлэх зориулалттай, давхар шаталттай, хаягдал үнс, утаа тортог, угаарын хий бага ялгаруулдаг, түлшинд хэмнэлттэй зэрэг олон давуу талтай.
Уг зуухыг орон нутгийн засаг захиргааны байгууллага зах зээлийн үнээс 10 дахин бага ханшаар тооцож, 100 мянган төгрөгөөр айлуудад олгож байна. ОХУ, БНХАУ, Европын холбоонд патентжуулсан Монгол эрдэмтдийн зохион бүтээсэн энэхүү бүтээлийн хамгийн анхны хэрэглэгчид нь манай аймгийнхан. Хэрэглэж үзсэн иргэд ч ам сайтай байна. Энэ жил үр дүн сайн байвал ирэх жилээс айл бүрийг энэхүү зуухаар хангахаар төлөвлөсөн. Ингэснээр агаар, орчны бохирдол, эрчим хүчний хэрэглээг бууруулахад чухал хувь нэмэр оруулах юм.
Үүнээс гадна Монгол гэрийн халаалт дулаалгын чип төслийг Даланзадгад сумын хөгжлийн бэрхшээлтэй, өндөр настан, олон хүүхэдтэй айл өрхүүдийг сонгон хэрэгжүүлж байна. Энэхүү багцад уур, ус үл нэвтрэх бүрээс, хаяавч, шалавч, хаалганы дулаалга, халаагуур ширээ зэрэг багтах бөгөөд зах зээлийн үнэ 2,700,000- 2,900,000 төгрөг байна. Бид өнгөрсөн онуудад 200 гаруй айл өрхийн янданг буулгаж уг багцыг нэвтрүүлсэн бол энэ жилийн хувьд 430 айлд нэвтрүүлнэ.
Үүнээс гадна Даланзадгад дулааны цахилгаан станц бүрэн хүчин чадлаараа ажиллаж, айл өрх, албан байгууллагыг дулааны эрчим хүчээр хангадаг. Гэхдээ төвийн системд нийлүүлдэг цахилгаан эрчим хүчний хувьд бага зэрэг дутагдалтай. Иймд цахилгаан дулаан хослон үйлдвэрлэх хоёр блок бүхий 50МВт-ын хүчин чадалтай шинэ станц барихаар төлөвлөсөн. Төслийг Эрчим хүчний яамны шинжлэх ухаан, техникийн зөвлөлөөр хэлэлцүүлэхээр хүлээж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн тавдугаар сард манай аймагт ирэхдээ станцын асуудлыг шийдэж өгөхөө амласан. Уг станцыг барих ажлыг аймаг, орон нутгийн зүгээс дэмжиж байна. Шинэ станц барьчихвал цахилгааны дутагдлыг нөхөж, аймгийн төвийн нэмэгдэж буй дулааны хэрэглээг ойрын 10 жилдээ тасралтгүй хангах юм.
-Дулаан, цахилгаан хослон үйлдвэрлэх станц зөвхөн аймгийн хэрэглээг хангах уу?
-Манай аймгийн баруун гурван сум болон Нарийн сухайтын бүлэг орд, зүүн талаар Оюутолгой компани БНХАУ-ын импортын цахилгаан хэрэглэдэг. Иймээс дулаан, цахилгаан хослон үйлдвэрлэдэг станц баривал аймгийн цахилгааны хэрэглээгээ хангахаас гадна улсын хэмжээнд дутагдалтай эрчим хүчийг нөхөхөд хувь нэмрээ оруулна. Дулаан, цахилгаан хослон үйлдвэрлэж байж станц ашигтай ажилладаг. Даланзадгад хотын хөгжил тус станцтай шууд холбоотой. Шинэ бүтээн байгуулалт хийхийн тулд дулаанаар хангах шаардлага бий болно. Одоогийн станцад ийм бололцоо байхгүй. Хүчин чадал нь дээд хязгаартаа хүрчихсэн
-Яндангийн тоог бууруулахын тулд цахилгааны тарифаа хөнгөлөх хэрэгтэй болдог. Аймагт шөнийн хэрэглээний хөнгөлөлт үйлчилдэг үү?
-Иргэдээ шөнийн тарифтай тоолуурт хамруулж буй. Одоогоор 3000 гаруй айл хамрагдаж, тоолуурынх нь 70 орчим хувийг хөнгөлсөн. Яндан буулгаад цахилгаанаар гэрээ халаая гэсэн иргэдээ дэмжинэ.
-Даланзадгад хотын өрхийн 90 орчим хувь нь гэр хороололд амьдардаг. Тэднийг орон сууцжуулах хөтөлбөр хэрэгжүүлэх үү?
-Даланзадгад 30 мянган хүн амтай, 6500 өрхтэй. Иймд орон сууц гэхээсээ илүүтэйгээр хашаандаа сайхан амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлэхийг зорьж байна. Тухайлбал, хашаанд нь цэвэр, бохир усыг нь татаж өгөөд, цахилгааных нь асуудлыг шийдвэрлээд өгвөл сайхан амьдрах боломж бүрэн бий. Хүлэмж барих хүсэлтэй иргэд ч олширсон. “Хашаандаа сайхан амьдрая” төслийг хэрэгжүүлж, эрчим хүчний хэмнэлттэй орон сууц, цэвэр бохир дулааны цогц шийдлүүдийг санал болгох олон арга хэмжээг зохион байгуулан, хашаа байшингаа тохижуулах иргэдэд орон нутгаас эргэн төлөгдөхгүй нөхцлөөр санхүүгийн дэмжлэг үзүүлдэг. Мөн “Шинэ 1000 айл” хөтөлбөрийг хэрэгжүүлж хөнгөлөлттэй нөхцлөөр орон сууцанд оруулах, зорилтот иргэдэд түрээсийн орон сууц олгох зэрэг ажлууд хийгдэж байна
-Говьд газар тариалан эрхлэх амаргүй. Иргэдийг харж байхад хашаандаа ногоо тарьдаг айл олон байгаа нь маш сайхан санагдлаа. Газар тариалан эрхэлдэг иргэдээ хэрхэн дэмждэг вэ?
-Говийн нөхцөлд газар тариалан эрхэлж, ургац хурааж авна гэдэг маш хүнд хөдөлмөр. Тиймээс төмс, хүнсний ногоо, нарийн ногоо, жимс, жимсгэнэ тариалдаг иргэдийг дэмжиж ажиллахыг зорьдог. Сум бүрт газар хагалж, үр суулгах зориулалт бүхий трактор болон дагалдах тоног төхөөрөмж авч өгсөн. Хөнгөлөлттэй үнээр 600 гаруй хүлэмж олгож, ногоочдоо сургалтад хамруулах, туршлага судлуулах зэргээр дэмжиж хамтран ажилласаар байна. Цаашдаа ч эрүүл хүнс эх орондоо бэлтгэж байгаа тариаланчдаа үргэлж дэмжинэ.
-Усалгаагаа хэрхэн шийдвэрлэсэн бэ?
-Газар тариалан эрхлэх хүсэлтэй иргэдэд усаа хөнгөлөлттэй үнээр олгохоос гадна олон өрх нийлж хүнсний ногоо тариалъя гэвэл усыг нь үнэ төлбөргүй шийдэж өгөх зэргээр бид хаа хаанаа л хичээж байна.
-Өрхийн болон бичил бизнес эрхлэгч иргэдэд үйл ажиллагааг нь дэмжих зорилгоор 5-10 сая төгрөгийн зээл олгодог юм байна. Энэ талаар дэлгэрүүлж мэдээлэл өгнө үү?
-Аймгийн зүгээс өрхийн үйлдвэрлэл, иргэдийн гарааны бизнесийг дэмжих хөтөлбөрүүдийг үе шаттайгаар хэрэгжүүлж ирсэн. 5-100 сая хүртэлх төгрөгийн зээлийг нэг удаа олгодог. Үүнээс гадна аймгийн төсвөөс жил бүр таван тэрбум төгрөгийг Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сан руу төвлөрүүлдэг. Ингээд улсаас олгодог нэг тэрбум төгрөгтэй нийлээд, жил бүр зургаан тэрбум төгрөгийг жинхэнэ баялаг бүтээгч, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэдээ олгодог. Үр дүн нь эхнээсээ гарч байна. Залуучууд маань сайхан сайхан бүтээгдэхүүн хийдэг болж. Тухайлбал, Говийн нэрийн хийцтэй цайг брэнд болгож чадсан.
-Сүүлийн үед уул уурхайн бүс нутагт “Өрх толгойлсон хүүхдүүд” гэх нэршил бий болжээ. Ийм нэршилтэй хүүхдүүдийн тоог хэрхэн бууруулах вэ?
-Олборлох үйлдвэрлэл Монгол Улсын эдийн засгийг бүрдүүлж буй гол хүчин зүйл боловч жил ирэх тусам сөрөг үр дагавар нь нэмэгдсээр байна. Уул уурхайн нөлөөлөлд өртөж буй бүс нутагт “Өрх толгойлсон хүүхдүүд” гэх нэршил бий болсон. Эцэг эх нь уурхайд ажиллаж гэрээсээ хол байх болсноос үүдэж, хүүхдүүд өрх толгойлж эцэг, эхийн үүргийг хүлээж амьдралаа авч явах болсон нь харамсалтай.
Мөн уул уурхайн хөгжил болон шилжилт хөдөлгөөнөөс үүдэлтэйгээр өөр нэг ноцтой үр дагавар гарсан нь гэр бүл тусдаа амьдрах явдал. Зарим тохиолдолд эцэг, эх хоёулаа өөр, өөр газарт уул уурхайд ажил хийж, хүүхдүүд нь хамаатан садныдаа эсвэл харгалзах том хүнгүй бие даан үлдэх тохиолдлууд гарч байна. Ийм хүүхдүүд гэмт хэрэг, зөрчилд өртөх эрсдэл өндөр. Иймээс аймаг, сумдын төв дээр шинээр ажлын байрууд бий болгож, өрхийн үйлдвэрлэлүүдийг дэмжиж, газрыг нь үнэгүй олгож, ус, тогийг нь төсвөөс гаргаад гэр бүлтэйгээ ойр ажиллах боломжийг нь бүрдүүлэхээр хичээж байна.
-Хүүхдүүд гэмт хэрэг, зөрчилд өртөх эрсдэл өндөр гэлээ. Энэ асуудлыг шийдвэрлэх камержуулалтын "Ногоон бүс" төслийг нэвтрүүлж, Даланзадгад сумын төвийн хэсгийг жишиг болгох ажил ямар шатандаа явж байгаа вэ?
-Бид Өмнөговийг “Хүүхдэд ээлтэй аймаг” болгохоор зорьж буй. Хүүхэд, эмэгтэйчүүд инээж, баяр хөөртэй байх нийгмийг бий болгох нь бидний тэргүүн зорилтын нэг. Сүүлийн үед улсын хэмжээнд гарч буй хүүхдийн эсрэг аймшигтай хэргийг гаргахгүйн тулд “Ногоон бүс” төсөл хэрэгжүүлнэ.
Хичээлдээ явахаар гэрээсээ гарч буй хүүхэд дандаа гэрэлтэй гудмаар, камерын хяналтан дор ирж очдог болгоно. Тухайн бүс нутгийг камержуулалтын бүрэн хяналтад авах, дэвшилтэт технологи нэвтрүүлнэ гэсэн үг. Ингэхдээ камерыг хоёр дахин нэмэгдүүлж, суурилуулчхаад орхих биш үргэлж арчилж торддог хүмүүсийг нэмэлтээр цалинжуулна. Ирэх жил энэ төсөл ажил хэрэг болно. Учир нь камержуулалтын ажлын бүх шат дамжлага тодорхой тооцоо, судалгааны үндсэн дээр өрнөдөг. Шаардлагатай цэгт байрлуулах ёстой учраас гэмт хэрэг зөрчил үйлдэгддэг буюу давтан гараад байдаг хяналт шаардлагатай цэгүүдийг хамгийн эхэнд сонгодог. Ингээд байршуулах цэгийг тогтоосны дараа инженер техникийн ажилтнууд холбогдох тооцооллоо хийж, дэд бүтцийн ажлыг гүйцэтгэн камер суурилуулдаг. Камеруудын байршлын хувьд нэг нь нөгөөгөө дагаж харж байрладаг. Ингэж байж хяналт нь тасралтгүй үргэлжилдэг, гэмт хэрэгтний явсан мөрийг тасралтгүй бичиж үлддэг гэсэн үг.
“МОДОН ЖОРЛОНТОЙ СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ, ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА МАНАЙ АЙМАГТ БАЙХГҮЙ”
-Хөгжлийг хүн бүр өөрөөр тодорхойлдог. Тэгвэл таныхаар хөгжил гэж юу вэ?
-Хөгжлийг янз бүрээр л тодорхойлох байх. Зам харгуй, барилга байшин, техник технологийн дэвшил гээд бүгд л хөгжлийн нэг шалгуурт орно. Миний хувьд хөгжлийг ахуйн соёлоор жишдэг. Модон жорлонгоосоо салж, цэвэр усны найдвартай эх үүсвэртэй байх хэрэгтэй. 21-р зууны хүүхдүүд тэрэг түрж, усанд явж байгааг хармааргүй байна. Хашаанд нь усных нь эх үүсвэрийг татаж өгье гэж боддог юм. Түүнчлэн эрүүл мэнд, боловсролын асуудал яригдана. Боловсролтой гэж эрүүл мэнддээ анхаардаг хүнийг хэлнэ. Машиныхаа эд ангийг цаг алдалгүй үзүүлдэг хэрнээ эрүүл мэндийн үзлэгт ордоггүй байж таарахгүй. Эрүүл чийрэг, боловсролтой иргэн бэлтгэх нь хөгжлийн хамгийн том тулгуур гэж боддог доо.
-Аймгуудын өрсөлдөх чадварын үзүүлэлтээр Өмнөговь аймаг санхүү, эдийн засгийн тал дээр 2-3 дугаар байранд орсон ч эрүүл мэнд, хүрээлэн буй орчны тал дээр 11-т эрэмбэлэгдсэн. Тэгэхээр орон нутгийн удирдлагын зүгээс энэ чиглэлд ямар бодлого баримтлан ажиллаж байгаа вэ?
-Бидэнд эрүүл мэндийн асуудалд онцгой анхаарах шаардлага тулгарсан. Сүүлийн жилүүдэд хорт хавдар, халдварт өвчний үзүүлэлтээрээ манай аймаг улсын дунджаас дээгүүрт ордог болсон. Энэ нь уснаас эсвэл уул уурхайн тоосжилт, сөрөг нөлөөллөөс үүдэлтэй юү гэдгийг шалгаж байгаа. Юуны өмнө бүх иргэдээ эрүүл мэндийн үзлэгт хамруулж, хэдэн хувь нь ямар өвчлөлтэй вэ гэдгийг мэдэх зорилготой. Усаа шинжлүүлж байна. Хангайн устай харьцуулахад манай аймгийн ус хатуулаг өндөртэй. Үүнээс ч болоод өвчлөл нэмэгдсэн байх магадлалтай. Төвийн орон сууцнуудын цэвэр усны шугам хоолойд ус цэнгэгшүүлэх төхөөрөмжийг 40 гаруй орон сууцанд суурилууллаа. Хавдрын өвчлөл их байгаатай холбогдуулан хими эмчилгээг аймагтаа хийх боломжийг анх удаа олгож, өвдөж зовж яваа иргэдийнхээ зардал мөнгийг хэмнэх, цаг алдалгүй эмчүүлж эдгэрэх нөхцлийг бүрдүүллээ. “Нисдэг баг” төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд яаралтай эмнэлгийн тусламж авах шаардлагатай тохиолдолд дараагийн шатны эмнэлэгт хүргэх бага оврын онгоцны үйлчилгээг шинээр нэвтрүүлээд байна. Мөн үндсэн иргэдээс гадна хөдөлгөөнт хүн ам ихтэй тул эрүүл мэндийн тусламж үйлчилгээний ачаалал хэт их, тиймээс чанар хүртээмжийг нэмэгдүүлэх тал дээр онцгой анхаарч байна.
-Хөгжлийн нэг үзүүлэлт бол бүтээн байгуулалт. Өмнөговь аймгийн ерөнхий төлөвлөгөөний дагуу ямар бүтээн байгуулалтууд хийж байгаа вэ?
-Бид цар тахлын хүнд цаг үед 800 хүний суудалтай шинэ ХЖТ-ыг барьж ашиглалтад орууллаа. Мөн говийн Байгаль, түүхийн музейтэй боллоо. Сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилгуудаа шинэчилж дууслаа. Гэхдээ хуучин сургууль, цэцэрлэгийн барилгуудаа нураалгүй, цэвэр устай, бохирын шугамтай, халаалттай орчин үеийн орон сууц болгоод төрийн албан хаагчид болон орон сууцанд орох нэн шаардлагатай иргэдээ оруулсан.
Нэг зүйлийг баяртайгаар хэлэхэд Өмнөговь аймгийн бүх сумдын төрийн байгууллагууд модон жорлонгоосоо салсан анхны аймаг болсон. Модон жорлонтой сургууль, цэцэрлэг, төрийн байгууллага манай аймагт байхгүй. Одоо орчин үеийн шийдэл бүхий номын санг ашиглалтад оруулах гэж байна.
-Орон нутагт үйлдвэрлэлийг хөгжүүлэх, дэмжих, дэд бүтцийг шийдэх зорилгоор 2022 онд Өмнөговь аймгийн ИТХ-ын тогтоол гарч, Даланзадгад сумд үйлдвэр, технологийн цогцолбор парк" байгуулахаар шийдвэрлэсэн. Энэ ажлын явцын талаар уншигчдад мэдээлэл хүргэнэ үү?
-Даланзадгад сумын зүүн урд ДЦС-ын урд 100 га талбайд ноос боловсруулах, оёдол нэхмэл, барилгын материал, мод модон эдлэлийн үйлдвэрүүд барина. Ингэхдээ гадаад болон дотоодын хөрөнгө оруулалттай үйлдвэрийн төслийг дэмжих зориулалттай тээвэр ложистикийн иж бүрэн үйлдвэрлэлийн цогцолбор байхаар төлөвлөлтөд тусгасан. Үйлдвэрлэл технологийн паркийн тухай хуулиар энэ бүс нутагт байгуулсан үйлдвэр эхний таван жилд бүх төрлийн татвараас чөлөөлөх хуультай. Энэ бүсэд их итгэл найдвар хүлээж байна. Мөн бид “Өмнөговьд үйлдвэрлэв” төвийг нээж иргэд, жижиг дунд үйлдвэрлэгч нараа бараа бүтээгдэхүүнээ худалдан борлуулах төвийг нээсэн. Үйлдвэрлэгчид маань энэхүү төвдөө бүтээгдэхүүнээ худалдан борлуулж, гадаад, дотоодын иргэдийн заавал ордог газар болоод байна. Цаашид Өмнөговь аймагтаа үйлдвэрлэгдэх бараа, бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх тал дээр бүх тал дээр нь дэмжиж ажиллахаар зорьж байна.
Ингэснээр үйл ажиллагаа эрчимжиж, томоохон үйлдвэрлэл орон нутагт хөгжсөнөөр ажлын байр олноор бий болно. Цаашлаад орон нутгийн иргэд тогтвортой ажлын байртай болох, гэр орон, үр хүүхдэдээ ойр ажиллаж амьдрах орчин нөхцөл бүрдэх, цалин хөлсөө тогтмол авах зэрэг нааштай үр дүнгүүд гарах юм.
-Сүүлийн үед эдийн засгийн нөхцөл харьцангуй дээрдсэн. Тэгвэл орон нутагт ч энэ байдал мэдэгдэж байгаа байх. Төсвийн орлого бүрдүүлэлт ямар байна вэ. 2024 оны хөрөнгө оруулалт нэмэгдэх үү?
-2021 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжсэн Татварын хуулийн шинэчлэлээр аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 40 хувийг аймгийн төсөвт үлдээж, эдийн засаг, нийгмийн асуудлаа өөрсдөө бие дааж шийдвэрлэх, хуулиар тогтоосон хүрээнд өмчийн удирдлагыг хэрэгжүүлэх, татварын хувь хэмжээ тогтоох эрх мэдлийг тогтоосон. Өмнө нь тухайн төлсөн татварыг Сангийн яаманд төвлөрүүлдэг байсан явдлыг халсан юм. Татварын орлого аймагт төвлөрснөөр бүс нутгаа хөгжүүлэх, дотооддоо асуудлаа шийдэх, ажлын байр нэмэгдүүлж, иргэдийн амьжиргааны түвшин дээшлэх зэрэг боломжийг нээж байна. Түүнчлэн эл хуулиар тухайн сумд ажиллаж буй иргэдийн хувь хүний амын орлогын албан татварыг 100 хувь харьяа газрын төсөвт төвлөрүүлж байгаа. Ингэснээр улсын төсөвт бүртгүүлж байгаа орлого энэ жил 260 тэрбумаас 470 тэрбум болтлоо өссөн. Ирэх жил 700-800 тэрбум төгрөгийг улсад төвлөрүүлэхээр байна. Үлдсэнээр нь татвар төлдөг иргэд, аж ахуйн нэгжүүдээ дэмжиж ажиллана. Хийх ажлуудаа эрэмбэлж, ард иргэдийн дунд санал асуулга явуулж, ирэх онд ямар ажлыг түрүүлж хийх вэ гэдгээ шийднэ. Саяхан бид төрийн албан хаагчдынхаа цалинг үе шаттай нэмлээ. Төрийн албан хаагчид маань уул уурхай салбарт хөрвөж, шилжсэнээр төрд ажиллах хүнгүй болсон. Иймд цалинг нь нэмээд, нэмээд сар бүр 400 мянган төгрөг олгохоор болсон. Зарим албан хаагчид эргээд ажилдаа орж байна. Мөн Улаанбаатар хотоос шилжиж ирж байгаа ажилтнуудыг сайхан угтах ёстой. Нэмж хэлэхэд, арваннэгдүгээр сарын 1-нээс хавдрын химийн эмчилгээг аймагтаа хийж эхэллээ. “Нутгийн хишиг” хөтөлбөрт тусгагдсан “Эрүүл Өмнөговьчууд” зорилтын хүрээнд Бүсийн оношилгоо эмчилгээний төвд хавдрын хими эмчилгээний хэсгийг байгуулсан. Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар барилгын засвар, нэн шаардлагатай тоног төхөөрөмжөөр ханган, шаардлагатай нарийн мэргэжлийн эмч, сувилагч, эм зүйчийг богино болон урт хугацааны сургалтад хамруулан мэргэшүүлж ажилласны үр дүнд өнөөдөр хавдрын химийн эмчилгээг эхлүүлж чадлаа. Одоо манай аймгийн иргэд заавал Улаанбаатарт очиж химийн эмчилгээнд орох биш, цаг алдалгүйгээр аймагтаа бүх үйлчилгээгээ авах боломжтой болсон. Ингэснээр асар олон хүний зардал, цаг хугацааг хэмнэнэ.
-Хавдрын эрт илрүүлгийг ч аймаг дээрээ хийж байгаа гэсэн үг үү?
-Тийм ээ. Манай аймгийн хавдрын тасгийн лаборатори маш сайн, тоног төхөөрөмж нь улсын эмнэлгүүдтэй адилхан, зарим нь илүү ч болов уу. Саяхан бид Монголд гуравхан байдаг томографийн аппаратыг БОЭТ-дөө шийдвэрлэж өгсөн. Гэвч хөдөө орон нутагт ажиллах нарийн мэргэжлийн боловсон хүчин дутмаг. Тиймээс тухайн тоног төхөөрөмжүүд дээр ажиллах боловсон хүчнийг хотоос урьж ажиллуулж байна. Багш нарыг ч мөн адил. Тэдний амьдрах орчныг сайжруулснаар орон нутагт ирж ажиллах нь нэмэгдэнэ шүү дээ.
“ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН АЖИЛЛАХ НӨХЦӨЛ, НИЙГМИЙН БАТАЛГААГ ХАНГАЖ ӨГЧИХӨӨД ХАРИУЦЛАГЫН АСУУДАЛ ЯРИХ ЁСТОЙ”
-Улаанбаатар хотын төвлөрлийг саармагжуулах зорилгоор Засгийн газраас орон нутагт ажиллаж, амьдрах сонирхолтой залууст боломж олгож байгаа. Сүүлийн үед хотоос шилжин суурьших хөдөлгөөн нэмэгдэж байна уу?
-10 жилийн өмнө 45 мянган хүн амтай байсан аймаг маань одоо 75 мянган хүн амтай болжээ. 2050 он гэхэд Монголын хамгийн их хүнтэй аймаг болно гэсэн тооцоолол гарсан. Иймд Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хотоос шилжиж ирсэн иргэдийг сайхнаар угтаж авах, тэднийг ажилтай, орлоготой, сайхан амьдрах нөхцөл боломжийг нь бүрдүүлэхээр хичээн ажиллаж байна.
-Хүн ам ихсэх тусам төрийн албаны ачаалал нэмэгдэнэ. Гэтэл иргэдээс төрийн албан хаагчдын хүнд суртал, чадваргүй байдлын талаар гомдол их ирдэг. Өнгөрсөн хугацаанд төрийн албан хаагчдыг чадавхжуулах талаар ямар ажил хийсэн бэ?
-Юуны өмнө төрийн албан хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангаж өгчихөөд хариуцлагын асуудал ярих ёстой гэж боддог. Цалинг нь 80 хүртэлх хувиар нэмсэн. Мөн “Нутгийн дэм” хөтөлбөрийн хүрээнд 5800 албан хаагчдад сар бүр 400 мянган төгрөг, зарим үйлчилгээний ажилчдад 600 мянган төгрөгийн урамшуулал өгч байгаа. Үүний дараа хуулийн дагуу шаардлагуудаа тавиад, хүнд суртал, ашиг сонирхлыг байхгүй болгох ёстой. Манай аймгийн хувьд төрийн албаны ачаалал асар их байдаг. Өргөдөл гомдол тасардаггүй. Гэсэн хэдий ч иргэддээ төрийн үйлчилгээг хүнд сурталгүй, түргэн шуурхай хүргэх нь бидний үүрэг.
Төрийнхөө бүх үйлчилгээг цахимжуулж чадвал ачаалал багасаж, ойлголцолд эерэг нөлөө үзүүлэх байх.
-Бүх нийтийн цахим боловсролыг нэмэгдүүлэх, бүх нийтийн цахим боловсролыг дэмжихэд чиглэсэн олон ажлыг “Цахим Өмнөговь” хөтөлбөрт тусгасан. Үүний хүрээнд аймгийн нэгдсэн дата төвийг барьж байна. E-mongolia дотор манай аймгийн 20-иод үйлчилгээ орчихсон. Үүнийг нэмэгдүүлнэ. Иргэдийн төлөө төрийн албан хаагчид яаж ажиллах ёстой, тэр шаардлагыг тавина. Манай аймгийн хувьд байгаль орчны доройтол, усны хомдсол, гэмт хэргийн зөрчил, шилжилт хөдөлгөөн их учир ачаалал өндөр. Ачаалал өндөр байлаа гээд төрийн албыг чанаргүй хийх эрх бидэнд байхгүй. Иймд бид дор бүрнээ хичээж ажиллаж байна.
-Ер цаашид Өмнөговь аймаг ямар чиглэлээр хөгжих боломжтой вэ?
-Аялал жуулчлал, хөдөө аж ахуйн чиглэлээ түлхүү хөгжүүлж байж манай аймгийн эдийн засаг тогтвортой болно. Ялангуяа, аялал жуулчлалын салбарт маш их итгэл найдвар тавьж байна. Өмнөговь төвийн бүсийн аялал жуулчлалын хамгийн том, хүчирхэг сүлжээ болно. Өмнөговь аймгийг чиглэсэн аялал жуулчлал ихсэж байж түүнийг дагаж орон нутгийн бизнесүүд ашиг орлоготой болно. Иймд аялал жуулчлалын эвент, арга хэмжээнүүдийг жил бүр тогтмол зохион байгуулж гадаад, дотоодын олон аялагч ирж үзэж сонирхдог юм.
Монголд ирдэг жуулчдын 70-80 хувь нь Өмнөговийг зорьдог гэсэн судалгаа бий. Энэ зун Солонгос жуулчид их ирсэн бол ирэх жил Японоос жуулчид их ирэх төлөв гарсан. Япон улсад зохион байгуулагдсан дэлхийн гурван том аялал жуулчлалын үзэсгэлэнд оролцож, “Говь” нутгаа сурталчлах ажлыг зохион байгууллаа. Товчхондоо, бид уул уурхайд түшиглэсэн эдийн засагтай бус солонгорсон эдийн засгийн эх үүсвэртэй болох зорилттой.