-Нарийвчилсан шинжилгээний хариу 72 цагийн дараа гарна гэв-
Нийслэлчүүд өчигдөр тархсан нэгэн “онцгой” үнэрийг юунаас үүдэлтэйг олох, тогтоох эрэлд гарлаа. Учир нь өчигдөр өглөө улаанбаатарчуудыг сэрэхэд хотын төв, зүүн бүс орчимд амьсгалахад илт мэдэгдэм таагүй үнэр тархсан байлаа. Агаарт удаан алхахад толгой өвдөх, хоолой, цээж хорсох, дотор муухайрах зэрэг шинж тэмдэг нийтлэг илэрч байгааг иргэд нийгмийн сүлжээнд хуваалцаж, шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй, цонхоо нээхгүй байхыг, зайлшгүй тохиолдолд амны хаалт зүүхийг нэгэндээ анхааруулж, зөвлөж байсан юм. Зарим иргэн өглөөнөөс ч биш, энэ сарын 11-12-нд шилжих шөнө дундаас эхлэн ийм эвгүй үнэр тархсан талаар нийгмийн сүлжээнд бичсэн байв. Ингээд нийслэлчүүд энэ бүхэн юунаас үүдэлтэй, хаанаас эхлэлтэйг тогтоох эрлээ эхлүүлж, элдэв таамаг дэвшүүлэн, онцгой байдлын байгууллагынхныг үүргээ гүйцэтгэж, ажлаа хийхийг шаардсан юм. Харамсалтай нь, манай улсын холбогдох байгууллагууд өчигдөр шуурхай ажиллаж, дорвитой арга хэмжээ авч чадсангүй. Үүний учир шалтгааныг тогтоох гэж тал талд өдөржингөө мунгинацгаав.
“Налайх дүүрэг дэх төмрийн үйлдвэрт хий дэлбэрснээс нэг хүн амиа алдаж, их хэмжээний хорт хий агаарт тархсан” гэсэн эх сурвалж нь тодорхойгүй мэдээлэл цахим сүлжээнд тархсан ч цагдаа, онцгой байдлын байгууллагынхан үүнийг тэр даруйд нь няцаасан юм. Мөн Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийнхэн Налайх дүүргийн нутаг дэвсгэр, Хонхор орчимд өчигдөр өглөө хяналт шалгалт хийсэн ч ноцтой зөрчил, осол илрээгүйг мэдээлсэн. Нийслэлийн гэр хорооллынхны өдгөө хэрэглэж буй сайжруулсан гэх шахмал, энэ өвөл зарим аймаг, дүүрэгт туршилтаар нэвтрүүлэхээр болсон хагас коксон түлшийг үүнд буруутгаж, хардах хүн цөөнгүй байсан ч Эрчим хүчний яам, нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар, “Тавантолгой түлш” ХХК-ийн зүгээс тийм байх боломжгүй, түлштэй холбоотой ямар нэг өөрчлөлт хийгээгүй, туршилт эхлүүлээгүй гэж мөн л үгүйсгэсэн. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан ОБЕГ-аас 12.00 цагийн орчимд “Бүх дүүргийн Онцгой байдлын хэлтсийнхэн хариуцсан нутаг дэвсгэртээ хяналт шалгалт хийж байна. Хий алдагдсан, дэлбэрсэн тохиолдол илрээгүй” гэж мэдэгдсэн бол үүний дараа Шадар сайд С.Амарсайхан холбогдох байгууллагууд хамтран “Дүнжингарав” худалдааны төв орчимд ажиллаж байгааг мэдээлэв.
...Хотын зүүн хэсэг тэр аяараа таагүй үнэрт автсан гэхээр ямар нэг хүчтэй, багагүй хэмжээний бодис агаарт дэгдсэн нь тодорхой. Агаарын чанарт ч мэдэгдэхүйцээр нөлөөлсөн. Гэтэл нийслэл дэх агаарын чанарын суурин харуулуудын мэдээллийг дамжуулдаг “Agaar.mn” хэмээх сайт, “О2” аппликэйшн өчигдөр Улаанбаатарын агаарын чанарыг “цэв цэвэр” гэж мэдээлсээр байв. Мөн холбогдох байгууллагынхан сэжигтэй объектыг олох хүртлээ агаарт чухам ямар төрлийн бодис тархсаныг шинжлэн тогтоож чадахгүй олон цаг мунгинасан...
Зарим иргэн “Дүнжингарав худалдааны төвд их хэмжээний ахуйн хий алдагдсанаас ийм явдал болж. Тиймээс тус төв өнөөдөр гэнэт ажиллахгүй гэж түрээслэгчдэдээ мэдэгджээ” гэх мэдээлэл түгээсний дараа албаныхан энэ талаар тайлбар өглөө. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас 12.30 цагийн орчимд “Нийслэлийн цагдаа, онцгой, байгаль орчны байгууллага болон Ус, сувгийн удирдах газрын албан хаагчид “Дүнжингарав” худалдааны төв орчимд хяналт шалгалт хийх явцдаа хотод тархсан үнэр тухайн хэсэг дэх бохирын цооног (траншейн)-оос маш хүчтэй үнэртэж байгааг тогтоолоо. Албаныхан тусгай багажаар үүнийг шалгаж үзээд техникийн ашигласан тос, масло бохирын цооногт нийлүүлснээс үүдэлтэй байж болзошгүй гэж урьдчилан дүгнэлээ. Голомтыг нь тогтоохоор хяналт шалгалтыг үргэлжлүүлж байна” гэсэн юм. Ахуйн хий, хүхрийн хүчил байж болзошгүй хэмээн нийслэлчүүдийн “оношилсон” бодисын нөлөө тус худалдааны төв орчимд онцгой их, бүр нулимс гоожих, нүд аргах хэмжээнд буйг түүгээр зорчсон, хэрэг болгож очсон иргэд ярьж байв. Худалдааны төв 10.00 цагаас нээдэг ч албаны хүмүүсийг очиход хаалттай, өнөөдөр ажиллахгүй гэсэн зарыг түрээслэгчдэдээ хэдийн түгээсэн байсан гэнэ. Мөн Баянзүрх дүүрэгт байрладаг “Гёте” зэрэг зарим ерөнхий боловсролын сургууль болзошгүй эрсдэлээс сэргийлэхийн тулд сурагчдаа эрт тараав.
Эл асуудалтай холбогдуулан БОАЖЯ, ЭЦА, ОБЕГ, нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар хамтарсан ажлын хэсэг байгуулсан юм. Тэд 16.00 цагийн алдад Баянзүрх болон Налайх дүүргийн нутаг дэвсгэрт хяналт шалгалт хийж байлаа. Агаарт ямар төрлийн бодис тархсан, бохирдол нь хэр түвшинд байгааг нарийвчлан тогтоохоор явуулын станц ажиллуулж, тодорхой байршлуудаас дээж авсан, урьдчилсан хариу нь 24, нарийвчилсан нь 72 цагийн дараа гарна гэж Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооныхон энэ үед мэдээлэв. Харин нийслэлийн Онцгой байдлын газраас 17.00 цагт хэвлэлийн хурал хийхдээ “Улаанбаатар хотод тархсан хурц үнэр Баянзүрх дүүргийн XI хорооны нутаг дэвсгэрт орших “Очир дагинас” ХХК-ийн ойролцоох бохирын цооногоос үүдэлтэйг тогтоосон. Цагдаа, онцгой байдал болон шүүх шинжилгээний байгууллагын хамтарсан ажлын хэсэг тухайн бүсэд яг одоо нарийвчилсан үзлэг, шалгалтыг эхлүүлж байна. Нарийвчилсан шинжилгээ хийсний дараа техникийн тос, масло уу, химийн бодис уу гэдэг нь тодорхой болно. Үүнд үндэслэн ямар арга хэмжээ авахаа шийднэ. Техникийн тос, масло гэдэг нь батлагдвал хэн, хаанаас, ямар зорилгоор нийлүүлснийг мөрдөн шалгах юм. Шинжилгээний хариу эцсийн байдлаар гараагүй учир хүний биед хортой, хоргүй гэж ярих боломжгүй” гэв.
Улаанбаатар хотод нүүрлэсэн энэ явдал нийслэлчүүдийг орчны аливаа аюул эрсдэлд бэлэн биш байгааг харууллаа. Хотын зарим хэсэгт цэвэрлэх байгууламжийнх шиг хурц үнэр тархсанаас гадаа удаан явахад элдэв зовуурь, шинж тэмдэг илэрч буйг гайхсан хүн олон атал амны хаалт зүүсэн нь өдрийн од шиг ховор үзэгдэв. Мөн холбогдох байгууллагынхан иргэдийг эрсдэлээс хамгаалах, сэргийлэх үүргээ хангалттай биелүүлж чадсангүй. Хотын баруун хэсэг тэр аяараа таагүй үнэрт автсан гэхээр ямар нэг хүчтэй, багагүй хэмжээний бодис агаарт дэгдсэн нь тодорхой. Агаарын чанарт ч мэдэгдэхүйцээр нөлөөлсөн. Гэтэл нийслэл дэх агаарын чанарын суурин харуулуудын мэдээллийг дамжуулдаг “Agaar.mn” хэмээх сайт, “О2” аппликэйшн өчигдөр Улаанбаатарын агаарын чанарыг “цэв цэвэр” гэж мэдээлсээр байв. Мөн холбогдох байгууллагынхан сэжигтэй объектыг олох хүртлээ агаарт чухам ямар төрлийн бодис тархсаныг шинжлэн тогтоож чадахгүй олон цаг мунгинасан. Тэр ч бүү хэл, иргэдэд дорвитой сэрэмжлүүлэг, зөвлөмж, мэдээлэл өгсөнгүй. Гагцхүү өөрсдийгөө хамгаалж, “Биднээс шалтгаалсан зүйл байхгүй” гэж нотлохыг л хичээв.
Уг нь Улаанбаатар яндангийнхаа тоог цөөлж чадаагүй, хамгийн бохир агаартай хотуудын тоонд зүй ёсоор багтсаар байгаа энэ цаг үед, агаарын бохирдлоос үүдэлтэй өвчлөл хүн амын дунд зонхилж буй нөхцөлд (монголчууд утаанаас үүдэлтэй шинэ төрлийн хавдраар өвчилж буйг тогтоосон) Монгол Улсын Засгийн газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Онцгой комиссоос эхлээд Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар гээд шат шатны нэгж, байгууллага агаарын чанарын асуудалд онцгой анхаарч, тогтмол хяналт тавьдаг байх ёстой сон. Наанадаж л агаарын чанарын суурин харуулуудыг хүртээмжтэй, тогтмол ажиллагаатай, олон төрлийн бодис хэмждэг болгох ёстой.
Хөгжингүй, иргэдийнхээ амьдралын чанарт гойд анхаарал тавьдаг улс орнуудад орчны бохирдлыг (агаар бохирдуулагч бодисуудыг) асар нарийвчлалтай хэмжиж, эрсдэлийг хяналтдаа авдгийг учир мэдэх хүмүүс хэлж байна. Яг үүн шиг тодорхойгүй нөхцөл үүссэн тохиолдолд тухайн бүс нутагт аюулын дохио дуугаргаж, иргэдийг болзошгүй аюулаас хамгаалдаг аж. Гэтэл манай улсын байгууллагууд “Иргэдийн яриад буй шиг хий алдагдсан, дэлбэрсэн явдал болоогүй. Нийгмийн сүлжээнд үүнтэй холбоотой ташаа мэдээлэл их түгээж буй учраас эцсийн дүгнэлт гараагүй байхад хэвлэлийн хурал хийхэд хүрлээ. Агаарт ямар бодис тархсаныг мэдэхгүй учраас хортой, хоргүй гэж ярихад эртэднэ” хэмээн “арьсаа хамгаалсан” тайлбар тавиад сууж байна.