“Ulaanbaatar photo week-2023” гэрэл зургийн нэгдсэн үзэсгэлэнг өчигдөр нээлээ. Соёлын яам, Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоо хамтран уг арга хэмжээг зохион байгуулж байна. Уг үзэсгэлэн нь Монголын гэрэл зургийн салбарын хөгжил, чиг хандлага, нийгмийн үүрэг, ач холбогдлыг тодорхойлох зорилготой аж. Үүний хүрээнд байгалийн, үйл явдлын, баримтат, уран сайхны болон хэвлэл мэдээллийн зэрэг гэрэл зургийн бүхий л чиглэлийн шилдэг бүтээлүүдийг дэлгэжээ. Үүнд гэрэл зургийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг 20 орчим байгууллагын 190 гаруй гэрэл зурагчид оролцож буй гэнэ. Тодруулбал, “Байгалийн гэрэл зурагчдын нийгэмлэг”, “Монцамэ”, “Гамма” агентлаг болон хэвлэл мэдээллийн байгууллагуудын гэрэл зургийн алба, хэлтсийнхэн бүтээлүүдээ дэлгэжээ. Мөн “Бүсгүй мэлмий” эмэгтэй гэрэл зурагчдын нэгдэл, Орон нутгийн гэрэл зурагчдын нийгэмлэг, спортын гэрэл зурагчид, “Хүрээлэн”, баримтат зургийн “Батзориг” сан, өв соёлын “Эгэл” төсөл хэрэгжүүлэгчид, олон улсын гэрэл зурагчид, гэрэл зургийн үйлчилгээ эрхэлдэг студи, клуб, компани, хувь хүмүүс, сонирхогчид оролцож байна. Тухайлбал, манай сонины гэрэл зурагчин Э.Харцага уг үзэсгэлэнд спортын сэдэвт тав, нийгмийн амьдрал, үйл явдлыг илэрхийлсэн гурван бүтээлээрээ оролцож буй юм.
Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбооноос оролцогчдоо дэмжих, сурталчлах ажлын хүрээнд үзэсгэлэнгийн өдрүүдэд агентлаг, нийгэмлэг, хувь уран бүтээлчдийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, бизнесийн үйл ажиллагаагаа явуулах орчныг бүрдүүлжээ. Түүнчлэн “Монголын гэрэл зургийн хөгжлийн чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурал, дрон, гар утасны зураг авах шинэ техник, технологийг танилцуулах сургалт, үзүүлэх тоглолт, зөвлөгөө, ярилцлага, хэлэлцүүлэг зохион байгуулахаар төлөвлөжээ. Мөн гэрэл зурагчны аппарат, бусад хэрэгслийн засвар, үйлчилгээ, “Монголын нэг өдөр” гэрэл зургийн уралдаан явуулж, “Хуучин гэрэл зургийн цүнх” үзэсгэлэн гаргах зэрэг хөтөлбөртэй юм байна. Үзэсгэлэн, арга хэмжээ “Мишээл экспо”-гийн энэ сарын 16-ныг дуустал үргэлжлэх нь.
Бэлтгэсэн Б.Зул