Монголчууд үндэсний бахархалт шувуу хэмээн өргөмжилж, гадаад паспортынхоо хуудсанд хүртэл хүндэтгэлтэйгээр “залсан” ч эзний сэтгэлээр хайрлан хамгаалахдаа хөшүүн хойрго хандсаар буй идлэг шонхрын асуудлаар “Монголын махчин шувуу хамгаалах төв”-ийн захирал Г.Доржлхагватай ярилцлаа. Хэн нэгэн хариуцлагагүй хүний түгээсэн мэдээллээс болж энэ намар “Идлэг шонхор нүүдлийн шувуу мөн, биш” гэсэн талцал, маргаан нийгмийн сүлжээнд өрнөсөн. Цаашлаад “Эл шувуу нүүдэллэдэг юм бол арабууд яагаад заавал Монголоос ирж барьдаг юм бэ”, “Ер нь гадаадынхан шонхрыг ямар зорилгоор ашигладаг вэ” гэсэн асуулт гарч, иргэд элдэв таамаг дэвшүүлж байлаа. Тиймээс энэ бүхэнд мэргэжлийн судлаачийн хариултыг хүргэхээр зорьсон юм.
-Идлэг шонхор нүүдэллэдэг шувуу мөн үү . Юуны түрүүнд энэ асуултад хариулт авмаар байна?
-Байгаль орчны салбарт ажилладаг, удирдах түвшний нэгэн албан тушаалтан нийгмийн сүлжээнд “Шонхор шувуу цаг нь болохоор гараад явчихдаг. Квотын дагуу тодорхой тоогоор л бариулдаг, экспортолдог” гэж бичсэн байна билээ. Монголд шонхортон овгийн 10 зүйл шонхор бий. Эдгээрээс зөвхөн идлэг шонхрыг л холбогдох гэрээ, актын хүрээнд экспортлох журамтай. Гэвч арабуудын таалалд нийцүүлэн цагаан болон эгэл шонхрыг цөөн тоогоор гаргадаг.
Энэ нь шонхрын нийт экспортод өчүүхэн бага хувь эзэлдэг. Эдгээр хоёр зүйлийн шонхор нь нүүдлийн шувуу мөн. Алс Дорнодод үржээд, намрын орой, өвлийн эхэн саруудад Монголд нүүдэллэн ирдэг. Харин идлэг шонхор бол нүүдлийн шувуу биш, улирлын шинж чанартай шилжилт хөдөлгөөн хийдэг жигүүртэн. Бид хөдөө хээр явж байгаад хоол хүнсгүй боллоо гэж бодъё. Энэ тохиолдолд хүнс тэжээлээ залгуулахын тулд суурин газар бараадахаас аргагүй болно. Идлэг шонхор яг л үүнтэй ижил нэг газраас нөгөөд шилждэг. Намар, өвлийн цагт цасны давхарга нэмэгдэж, гол идэш тэжээл бологч мэрэгч амьтад нь ховордмогц Хятадын Төвөдийн өндөрлөг бүс рүү, хойд нутаг руу ч юм уу, түр зуурын шилжилт хөдөлгөөн хийдэг. Гэхдээ зөвхөн залуу шувууд л шилждэг. Үржлийн насны шувууд нь барагтаа хөдөлдөггүй, амьдрах чадвар харьцангуй сайтай. Жижиг биетэй бусад зүйлийн шувуугаа барьж идээд л байж байдаг. Сүүлийн үед дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр цас бага ордог болсон. Үүнээс үүдээд залуу шонхорууд нүүх, шилжихээ ч больсон. Тэгэхээр “Идлэг шонхор нүүдлийн шувуу, цаг нь болохоор тэртэй тэргүй гараад явчихдаг” гэж ярих нь үндэслэлгүй. Идлэг шонхор бол нүүдэллэдэггүй, суурин амьдардаг шувуу.
-Хүмүүс үнийг мэдэхгүй учраас ингэж яриад байна уу, эсвэл санаатайгаар ийм ташаа мэдээлэл түгээдэг үү?
-Шонхрын наймааг хөхиүлэн дэмжих нэг төрлийн тархи угаалт гэж хардаг. “Угаасаа нүүдэллэдэг юм чинь гадаадынханд худалдах нь ашигтай” гэсэн ойлголт төрүүлэх зорилготой. Үүнтэй төстэй бас нэг мунхруулал байдаг нь өндөр хүчдэлийн асуудал. Идлэг шонхор өндөр хүчдэлийн шугамд цохиулж, жилд олон мянгаараа хорогдож байхад цөөн тоогоор экспортлох нь хэвийн зүйл, үхүүлж байхаар худалдсан нь дээр гэж олон нийтэд ойлгуулах, харагдуулахыг оролддог. Энэ чиглэлээр судалгаа хийж буй мэргэжил нэгтнүүдийнхээ ажлыг үгүйсгэж байгаа юм биш. Хамгийн гол нь тэдний хийж буй ажлыг мушгин гуйвуулах байдлаар ташаа мэдээлэл түгээж байна. Ийм мэдээлэл түгээхдээ судлаачдын хийсэн судалгааны үеийн зургийг голдуу ашигладаг. Судалгааны үр дүнд нийт талбайгаас цуглуулсан шонхрын сэг зэмийн зургийг ашиглахдаа “Хэсэгхэн газар, хэдхэн шонгийн орчмоос ийм олон үхсэн шувуу олдлоо” гэсэн агуулгатайгаар мэдээлж, тараадаг. Өөрөөр хэлбэл, бодит нөхцөл байдалтай холбоо хамааралгүй зураг ашигладаг гэсэн үг. Сүүлд ийм шуугиан дэгдэхэд зарим шувуу судлаач байр сууриа илэрхийлсэн шүү дээ. Экспорт болон өндөр хүчдэлийн асуудал нь шонхрын нөөцөд нөлөөлж буй хүний хүчин зүйл мөн үү гэвэл тийм. Аль алиныг нь цэгцлэх ёстой юу гэвэл маргаангүй. Өндөр хүчдэлээс шалтгаалсан үхэл хорогдлыг зогсоох ёстой. Экспортыг нь ч зөв, зохистой, шинжлэх ухааны үндэслэлтэй хий х хэрэгтэй. Харин ингэж нэгийг нь нөгөөтэй нь харьцуулж, ор үндэслэлгүй мэдээлэл түгээх замаар тархи угааж, гадаадынханд худалдахыг хөхиүлэн дэмжих нь зохисгүй.
-Таны хувьд шонхрын экспортыг эсэргүүцэхээсээ илүү зөв, зохистой явуулах нь зүйтэй гэж үзэж байна уу?
- Тийм ээ. Холбогдох хууль, журам, гэрээ, актын хүрээнд тодорхой хяналт, судалгаатайгаар үргэлжлүүлэх ёстой юм. Хоёр улсын дипломат харилцааны түвшний асуудал шүү дээ. Нөхөгддөг баялгаа ашиглаад мөнгөн болон мөнгөн бус хэлбэрээр тодорхой хэмжээний ашиг олох нь зүйн хэрэг. Хамгийн гол нь үүнийгээ шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хийх нь чухал.
Манай улс идлэг шонхрыг 1997 оноос дипломат харилцааны үндсэн дээр экспортолж эхэлсэн. 2012 онд шонхрыг үндэсний бахархалт шувуу болгосон. Үүний дараа шонхор экспортлохыг хуулиар хориглосон бөгөөд хоёр орны дипломат, найрамдалт харилцааны үндсэн дээр нууц тогтоолын хүрээнд гаргадаг болсон юм. Өөрөөр хэлбэл, экспортолдог хэлбэрийг нь өөрчилсөн. Ингэснээр шонхрын экспорттой холбоотой мэдээллүүд нууцад шилжсэн. ШУА-ийн Биологийн хүрээлэн зэрэг судалгааны байгууллагад энэ чиглэлийн мэдээлэл өгөхөө больсон. Тэр ч бүү хэл, экспортолж буй шонхруудаа зүйлийн түвшинд тодорхойлуулж, бүртгэхгүй гаргаж байна. Ямар зүйлийн, хэчнээн шувуу хил давуулж байгаа талаар тодорхой мэдээлэлгүй, бүртгэлгүй гэсэн үг. Энэ үйл ажиллагааг маш өндөр нууцлалын дор явуулдаг. “Яг ямар шувуу гаргаж буйг нь харъя” гэж асуудал тавьж байсан хүн үгүй болов уу. Сонирхдог ч үгүй байх. Судлаачид ийм асуудалд маш болгоомжтой ханддаг. Миний хувьд өөр бодолтой. Гадаад руу гаргаж буй шувуу болгоны генийн дээжийг авч, нарийвчлан бүртгэх ёстой гэж үздэг. Генийн сан бүрдүүлэх хэрэгтэй. Магадгүй 100 жилийн дараа гэхэд Монгол Улс шонхоргүй болохыг үгүйсгэхгүй. Энэ байдлаараа хяналтгүй экспортолсоор байвал ийм эрсдэл тохионо. 1990 онд Прежевальскийн тахийг Голландын амьтны хүрээлэнгээс авчирч Монголд нутагшуулсан шиг явдал тохиож ч мэднэ. Гэтэл манайхаас шонхор экспортолдог Арабад шинжлэх ухаан, технологийн томоохон лаборатори, шонхор үржүүлгийн төвүүд байна. Дэлхийн хамгийн том, шонхор хамгаалдаг судалгааны төв ч тэнд бий. Монголчууд тэндээс өөрсдийнхөө шонхрыг авч нутагшуулах явдал хожим тохиох вий. Ийм байдалд орохгүйн тулд экспортолж буй шувуунуудаа зүйлийн түвшинд бүртгэж, генийн сан үүсгэх ёстой.
-Экспортолж буй амьтдаа нарийвчлан бүртгэж, генийн дээж авдаг жишиг дэлхий дахинд хэр түгээмэл юм бол?
-Үнэндээ зэрлэг шонхроо Арабын орнуудад экспортолдог улс Монголоос өөр байхгүй шүү дээ. Египет экспортолдог байснаа больчихсон. Манай улс аргаль, янгир зэрэг тусгай зориулалтаар агнуулдаг, хөхтөн амьтнаа маш сайн бүртгэж, хууль, журмын дагуу экспортолдог. Эдгээр амьтны эвэр, арьс зэрэг олзвороо с ч дээж авч, зургаар баталгаа жуулдаг. Шонхрын хувьд л энэ ажил бэлгэдлийн чанартай байгаад байна. Шувууны томуу, ямар нэг халдварт өвчин байна уу гэдгийг тогтоох зорилгоор л Мал эмнэлгийн хүрээлэнгийнхэн шонхроос арчдас авдаг юм билээ. Тэрнээс биш, шинжлэх ухааны үүднээс бүртгэж, дээж авхуулдаггүй. Тэдгээрийг мэргэшсэн судлаачдаар зүйлийн түвшинд ялгуулж, таниулж, баримтжуулах хэрэгтэй.
-Шувуугаа зүйлийн түвшинд ялган таньдаг боллоо гэхэд ийм боломж олгоно гэж үү. Шонхрын экспортыг нууц тогтоол хэмээх хөшигний цаана хийдэг шүү дээ.
- Боломжтой. Боломж бүрдүүлэх арга бий. Шонхрыг экспортлохоосоо өмнө CITES (Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенц)-ын дагуу зөвшөөрөл, бичиг баримт бүрдүүлдэг. Эдгээрийн дунд, зайлшгүй бүрдүүлэх ёстой бичиг баримтад дээжийн шинжилгээ, тодорхойлолтыг оруулчихад л хангалттай. “Дээжийн шинжилгээ, тодорхойлолтыг мэргэжлийн байгууллагаас авна” гэсэн ганц өгүүлбэрийг журамд тусгаад л шийдчих асуудал.
-Одоо үүнтэй холбоотой ямар нэг ийм зохицуулалт байдаггүй юм уу?
- Байхгүй. Өөр бичиг баримт л шаарддаг.
-Арабууд идлэг шонхрыг хэрхэн , яаж барьдаг юм бэ. Та Арабын орнуудад шонхрын судалгаа хийж байсан туршлагатай, шувуутай ойр хүний хувьд сайн мэдэх болов уу?
- Арабууд гэж ярих нь зохисгүй. Мэдээж Арабын хаан, эсвэл түүний гэр бүлийнхэн өөрсдөө ирж, шонхор барихгүй нь ойлгомжтой. Тэд шонхор бариулахын тулд ажилчдаа манай улс руу илгээдэг. Тэр дунд нь голдуу пакистан, сири, йордан, ирак хүмүүс байдаг. Ядуу, үймээн самуунтай улсын иргэдийг явуулдаг гэсэн үг. Тэдэнд ямар боловсрол, байгаль дэлхий, зэрлэг амьтдыг хайрлах сэтгэл байх вэ дээ. Мөнгөний төлөө л ирж байгаа хүмүүс шүү дээ. Тиймээс шинжлэх ухааны үндэслэлгүй, асар хэрцгий аргаар шонхор барьдаг. Тэд нэг үе тагтаа ашигладаг байсан бол сүүлийн үед монгол ногтрууг сонгодог болсон. Ногтруу бол цөлөрхөг хээр, говь цөлийн бүсэд амьдардаг, үрждэг, Монголын унаган, Төв Азийн эндемик гэж хэлж болохоор шувуу юм. Цөлийн эмзэг экосистемийн хамгийн чухал зүйлд тооцогддог. Олон амьтан түүгээр хооллодог учир идэш тэжээлийн гинжин хэлхээний суваргын суурь болдог. Ногтрууны тоо толгой цөөрөхөд энэ суварга нурах эрсдэлтэй. Гэтэл шонхор барихаар манай оронд ирдэг хүмүүс энэ чухал шувууг хэдэн зуугаар нь барьж, өгөөш болгон ашиглаж байна. Ингэхдээ ид үржлийнх нь үед барьдаг. Барихдаа бас л хэрцгий арга хэрэглэдэг. Үүрлэж байгаа газарт нь буюу гэрт нь шөнө очоод, машинаар хөөж барьдаг. Энэ хэвээр байвал бид шонхроо ч, ногтруугаа ч устгах магадлалтай. Зарим нь “Ногтруу говьд маш олноороо байдаг. Тэнгэр харанхуйлтал сүрэглэдэг” гэж эсрэг зүйл ярьж магадгүй. Угаасаа тагтааны овгийн шувууд намар сүрэглэдэг шүү дээ. Үүнийг тоо толгой нь эрс ихэссэн, олноороо байдаг гэж үзэх нь өрөөсгөл. Казахстанд нэг зүйлийн ногтруу устсан тохиолдол бий. Нэг шувуу барихын тулд нөгөөг нь золионд гаргадаг энэ аргыг халахгүй бол ногтруу тархац нутгаасаа шахагдаж , дайжина . Аюул заналхийлэл тохиоход ямар ч амьтан биеэ хамгаалж, дайжихыг бодно биз дээ. Ногтруу ч тэгнэ.
-Тэгвэл Арабын орнуудад шонхрыг ямар аргаар барьд аг юм бол?
Өгөөш тавиад, тороороо барьдаг. Харин Монголд ногтруунд урхи зүүдэг. Нэг шувуу барихын тулд хэдэн зуун ногтрууг талд шиддэг. Тал, хөндий газрыг цайртал урхитай ногтруугаар дүүргэсэн гэж нутгийн хүмүүс ярьдаг юм билээ. Шувуу баригчдын гарт орж, урхи зүүлгэсэн ногтруу удаан амьдрах магадлал бага. Урхинаасаа болж эрэмдэг зэрэмдэг болно. Бүргэд, сар зэрэг бусад махчин шувуунд ч амархан баригддаг. Нэг урхи нэг шувууны амь авдаг гэж ойлгож болно. “Шонхроо бариулж, экспортолж болно, хамгийн гол нь шинжлэх ухааны үндэслэлтэйгээр энэ бүхнийг хийгээч ээ” гээд байгаагийн бас нэг шалтгаан нь энэ. Бид XXI зуунд амьдарч байгаагаа мартаж болохгүй.
-Тэгвэл шонхроо сонгохдоо юуг чухалчилдаг вэ. Барьсан болгоноо авдаггүй л байх.
- Дан эм, залуу, 1-2 насны бодгалиудыг л авдаг. Ингэж шигшихээр яаж ч бодсон эрсдэлтэй шүү дээ. Жилд 300 орчим шонхор экспортолдог гэсэн мэдээ бий. Энэ тооны бодгаль барихын тулд мөн ийм хэмжээнийхийг “цааш нь харуулдаг” гэдэгт итгэлтэй байна.
-“Монгол орны нийт газар нутгийн 46 хувьд буюу 12 аймгийн нутаг дэвсгэрт 10 300 шонхор бий” гэж БОАЖЯ-ныхан өнгрсөн сард мэдээлсэн. Энэ хэр чиг баримжаатай тоо вэ?
- МУИС, ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн судлаачид БОАЖЯ-ны дэмжлэгтэйгээр судалгаа хийгээд, ийм тооцоо гаргасан юм. Гэтэл английн судлаач Эндрю Дексин үүний тал хувьтай тэнцэхүйц тооны буюу 6000 шувуу байна гэж тооцоолсон. Би үүнийг илүү бодитой гэж үздэг. Учир нь тэр бол дэлхийн хэмжээнд шонхор судалдаг хүн. Шонхрын хамгийн том хоёр популяц Монгол, Төвөдийн өндөрлөг бүсэд бий. Шонхрыг тоолдог, нас, хүйсээр нь ялгадаг туршлагатай судлаач Монголд ч, Биологийн хүрээлэнд ч дутмаг
-Арабууд чухам ямар зорилгоор Монголоос шонхор авдаг юм бол?
- Монголчууд үүнд хоёр төрлийн таамаг дэвшүүлдэг. Хар тамхи зөөлгөдөг гэдэг. Мөн махыг нь иддэг гэлцэх нь ч бий. Угтаа аль аль нь биш юм. Арабууд 2000 жилийн түүхтэй хүн төрөлхтний соёлын биет бус соёлын өв (шувуулахуй) тээгчид. Манай Баян-Өлгийн бүргэдчид шиг шонхроороо ан ав хийлгэж, Монголын эрийн гурван наадам шиг тэмцээн, уралдаан зохион байгуулдаг. ЮНЕСКО шувуулахуйг 2010 онд хүн төрөлхтний соёлын биет бус өвөөр бүртгэсэн. Үүн дотроо 16 орныг соёлын өв тээгч улсаар бүртгэж, баталгаажуулсан байдаг. Тэр дунд Арабын хойгийн бүх орон болон Монгол багтсан. Угтаа бол шувуулахуйн өв соёл монголчуудаас гаралтай шүү дээ. Арабынх 2000, Монголынх 4000 жилийн түүхтэй. Тэднээс даруй 2000 жилийн өмнө энэ соёлыг тээж байсан гэсэн үг. Бидний өвөг дээдэс болох Хубилай, Хүлэгү хаан, Хүннүгийн эзэнт гүрнийг үндэслэгч Модун шаньюй шонхор сургадаг, барьдаг, түүгээрээ ан ав хийдэг, туг, сүлдэндээ тахидаг байсан тухай баримт бий. Чингис хааны хүлэг баатар Боорчи, ууган хүү Зүчи нь хүртэл шонхроор ан ав хийдэг байсан талаарх баримт “Монголын нууц товчоо” болон түүхийн бусад эх сурвалжид бий. Үндсэндээ шувуулахуйн өв соёл монголчуудаас улбаалан дэлхий дахинд тархсан. Харин арабууд үүнийг харьцангуй сайн хадгалж үлдсэн ард түмэн. Тэд энэ уламжлалаа хадгалан авч үлдэх зорилгоор л шонхор экспортолж, өсгөж үржүүлдэг.