15 дахь удаагийн “Улаанбаатар” олон улсын кино наадам энэ сарын 16-нд эхэлнэ. Долоо хоног үргэлжлэх эл наадмаар Монголын болон олон улсын 22 киног олон нийтэд толилуулахаар төлөвлөжээ.
Эдгээр бүтээлийг “Тэнгис”, “Өргөө-3”, “Гэгээнтэн” кино театрт гаргах аж. Уг наадмыг энэ жил найруулагч П.Лхагвадуламын “Сэр сэр салхи” киногоор нээнэ. Эл киноны гол дүрийг бүтээсэн Б.Тэргэл Венецийн олон улсын наадмын “Ориззонти” хэсгийн шилдэг гол дүрийн жүжигчний шагнал хүртсэн билээ. Түүнчлэн наадмын “Үзэхийн хязгаар” хэсэгт 1963 онд бүтээсэн “Аманхуур” киног англи хадмал орчуулгатайгаар, өргөн дэлгэцээр үзэгчдэд хүргэх нь. Наадмын онцлох орон нь Швейцар аж. Үүний хүрээнд тус улсын уран бүтээлчдийн “Нуувч”, “Хар хөөндэй, хар хөөндэй, хармаг” зэрэг бүтээлийг толилуулахаар болжээ. Түүнчлэн кино үзвэрээс гадна уран бүтээлчдийг чадавхжуулах, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой “Ирж яваа цаг” кино форум энэ сарын 17-нд болно.
Мөн киноны дууны найруулгын “Авдраа уудал” сургалтыг 18-20-нд зохион байгуулахаар товложээ. Нийслэлийн ЗДТГ, Соёл урлагийн газар, Монголын урлагийн зөвлөл, Монголын үндэсний кино урлагийн зөвлөл, Швейцарын хөгжлийн агентлаг, “Номадиа пикчерс”, Франц улсын ЭСЯ, “Гёте” институт хамтран “Улаанбаатар” олон улсын наадмыг зохион байгуулах юм.