Зарим монгол иргэн, аж ахуйн нэгж Унгарт хөдөлмөр эрхлэхэд зуучилж иргэд ч олноор очиж буй аж. Гэхдээ тус улсад хүлээж авах үйлдвэрийн гэрээг хуурамчаар үйлдэж виз гаргуулах, зуучилсны хөлс нэрийдлээр хүн тус бүрээс 1500-1800 евро авах, очсоных нь дараа хөдөлмөрийн хөлснөөс нь тодорхой хувь суутгаж авах зэргээр Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийг зөрчиж, иргэдийг хохироож байгааг дээрх орон дахь Монголын ЭСЯ-наас сэрэмжлүүлэв. Иргэд ажлын визэд орохын өмнө зуучлагч компани нь ажиллах хүч гаргах зөвшөөрөл авсан, эсэхийг ХНХЯ-ны Хөдөлмөр эрхлэлт, ажлын байрыг дэмжих хэлтсээс тодруулах, мөн урьсан компани нь Унгарт үйл ажиллагаа явуулдаг, үгүйг e-cegjegyzek.hu сайт руу орж шалгах боломжтой аж. Хэрэв тухайн аж ахуйн нэгж жагсаалтад байхгүй бол зуучлагчаас татгалзах эрхтэйг санууллаа. Мөн өндөр цалинтай ажилд зуучлах хуурамч зар байршуулж иргэдийг залилах тохиолдол нэг бус удаа гарч байгаа гэнэ. Иргэд Унгарт очоод ажилд орж чадаагүйгээс хууль бусаар хөдөлмөр эрхлэх, цалингаа авч чадахгүй байх, эрүүл мэндийн даатгалгүйгээс эмнэлгийн үйлчилгээнд хамрагдах боломжгүйд хүрэх, өөрийн зардлаар эх орондоо буцах тохиолдол ч нэлээд гарч буй аж. Иймээс Унгарт хөдөлмөр эрхлэхэд зуучилж буй аж ахуйн нэгж, иргэд хууль, эрх зүйн хүрээнд ажиллах, зөрчсөн тохиолдолд хариуцлага хүлээлгэх, иргэдэд хэрхэн үнэн зөв мэдээлэл, зөвлөгөө хүргэх талаарх санал солилцох уулзалтыг дээрх ЭСЯ-наас зохион байгуулахаар төлөвлөжээ.
Бэлтгэсэн: Ц.Ундрал