Хан-Уул дүүрэг дэх 18 дугаар сургуулийн зургадугаар ангийн 21 сурагч ямар нэгэн зүйлд хордсон шинж тэмдэгтэй эрүүл мэндийн байгууллагад ханджээ. Тус сургуулийн хүчин чадал хангалтгүйгээс дээрх ангийн сурагчид “Монгол бизнес” дээд сургуулийн байранд хичээллэж байсан гэнэ. Тэд өчигдөр 16.17 цагийн орчимд бөөлжиж, суулгасан гэх шинж тэмдэгтэйгээр эмнэлэгт хүргүүлсэн аж. Нийслэлийн Эрүүл мэндийн газар болон цагдаагийн байгууллагынхан газар дээр нь очиж шалгаад хүүхдүүд хий үнэрлэсэн байх магадлалтай гэсэн урьдчилсан дүгнэлт гаргасан байна. Тиймээс ангийг нь битүүмжилжээ. Өчигдөр 19.45 цагийн үед хүүхдүүдээс дөрвийг нь ЭХЭМҮТ-д хэвтүүлэн эмчилж байв. Бусдынх нь биеийн байдал хэвийн болсон тул гэрт нь хүргэжээ. Манай сонины дугаар шилжих мөчид хордлогын шалтгааныг тогтоохоор холбогдох албаныхан газар дээр нь ажиллаж байлаа.