Залуучуулын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, санхүүгийн дэмжлэг олгох хөтөлбөрийн хүрээнд Баян-Өлгий аймгийн шилдэг старт-ап баг тодорлоо. Гарааны бизнес эрхлэгч залуучуудад санхүүгийн дэмжлэг олгох шилдэг “Старт-ап” үйл ажиллагааг “СТАРТ-АП Монголия” ТББ-тай хамтран зохион байгуулжээ. Уг арга хэмжээнд 42 залуу оролцсоноос хоёр дахь шатны сонгон шалгаруулалтад 10 баг өрсөлдөж, шилдэг бизнес санаа нь шалгарсан нэг багт 10,0 сая төгрөгийн эргэн төлөгдөх нөхцөлгүй санхүүгийн дэмжлэгийг олголоо. Тус үйл ажиллагаанд хамрагдсан залуучуудад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар нээлттэй ярилцлага хийж, шилдэг Старт-ап багаар шалгарсан “SMART ТҮЛХҮҮР” багт 10,0 сая төгрөгийн батламжийг гардууллаа. Эхний 4 байрт орсон багуудыг “Хурдасгуур” арга хэмжээнд хамруулан бизнес санаануудаа улам боловсронгуй болгох чиглэлээр дэмжиж ажиллахаар боллоо.