Монголын жүдо бөхийн үндэсний шигшээ баг, “Женко” клубийн тамирчин Д.Номинзул Монголд энэ онд зохион байгуулсан Улаанбаатарын “Их дуулга” тэмцээн, БНХАУ-д болсон “Чэндү 2021” дэлхийн оюутны спортын унирверсиад наадмаас тус бүр хүрэл медаль хүртсэн билээ. Тэрбээр “Их дуулга”-д 78 кг-ын жинд хүрэл медалийн төлөө ОУХМ А.Адъяасүрэнг нэмэлт цагт торгуулиар ялсан бол Чэндүгийн дэвжээнд өсвөр үеийн Европын аварга, залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт, Италийн бөх Эрика Симонеттийг илүүрхэж, шагналын тавцанд зогссон юм. Насанд хүрэгчдийн УАШТ-ий алт, хошой мөнгөн медальтай тэрбээр өмнө нь самбо бөхийн өсвөр үе, залуучуудын УАШТ-д тус бүр түрүүлж, олон улсын тэмцээнд зодоглох замаа засжээ. Узбекистан улсад болсон самбо бөхийн Азийн АШТ-д аваргалж, Сербид зохион байгуулсан өсвөр үеийн ДАШТ-ээс мөнгөн медальтай эх орондоо ирсэн нь түүний амжилтын эхлэл байв.
-Улаанбаатарын“Их дуулга”-аас хойш та хоёр ч том тэмцээнд зодоглолоо. Спортын талбарт найз ч байсан ял гэдэг бичигдээгүй хууль бий. Эх орныхоо дэвжээнд найзыгаа хожиж, хүрэл медаль зүүсэн баярт агшнаас тань ярилцлагаа эхэлье.
-Миний хувьд “Их дуулга”-д хоёр дахь удаагаа оролцож, шагналын тавцанд зогссон. Монголд анх удаа болоход нь хүрэл медалиас атгаад алдсан. Харинэнэ удаа зорилгоо биелүүлсэндээ сэтгэл өндөр байна. Медалийн төлөөх барилдаанд бид өөр улсын тамирчинтай хүч сорьсон бол шагналын тавцанд хамтдаа зогсох байв. Өсвөр үеийн тамирчин байхаасаа өнөөг хүртэл нөхөрлөж, жил бүр УАШТ-д аваргын төлөө таардаг болохоор нэгнийхээ барилдах арга барил, онцлог, техникийг мэднэ. Бид бэлтгэл хийхдээ ч ана мана барилддаг. Тэмцээнд ялахын төлөө шударга өрсөлддөг ч дэвжээнээс буугаад сайхан нөхөрлөдөг юм. Улаанбаатарын“Их дуулга” өндөрлөсний дараахан багийнхантайгаа ОХУ-ын Буриад улсын Эрхүү хотод 14 хоног хамтарсан бэлтгэл хийсэн. Тэндээс ирэнгүүтээ “Чэндү 2021” дэлхийн оюутны спортын унирверсиад наадамд оролцохоор өмнөд хөршийг зорьсон доо.
-Танд анхны “Их дуулга” олон зүйлийг ойлгуулсан байх. Тэр үед өөртөө дүгнэлт хийж, амжилт хэрхэн гаргах тухай бодож байсан уу?
-Өөрийгөө өрсөлдөгчтэйгөө харьцуулахдаа надад юу дутуу байгааг, барилдаанаа хойшид хэрхэн сайжруулж, амжилт гаргах вэ гэж сайтар бодож, дүгнэлт хийсэн. Миний хувьд тайвширч, тактикийн алдаа гаргасан тал бий. Өнгөрсөн хоёрдугаар сард Парисын “Их дуулга”-ын дараа Франц, Португал улсад хийсэн хамтарсан бэлтгэл хэрэг болсон, үр дүнгээ ч өгсөн. Тэр үед өөрийгөө илүү мэдэрч, өмнөхөөсөө итгэлтэй, эрч хүчтэй барилдах болсон юм. Өмнө нь Тажикистаны Душанбед болсон гран при тэмцээнд ОХУ-ын тамирчинд ялагдсан бол энэ удаагийн “Их дуулга”-д даагаа нэхэж хожсон. Би томоохон тэмцээн эхлэхийн өмнө багш нартайгаа зөвлөлдөж ярилцдаг. Тэмцээнээс тэмцээний хооронд барилдаанаа чамбайруулснаар Улаанбаатарын“Их дуулга”, “Чэндү 2021” оюутны универсиад наадмаас тус бүр хүрэл медаль хүртлээ.
-Тамирчид нэгнээсээ суралцдаг давуу талтай. Дэвжээнд бэлтгэл хийдэг шигшээгийнхнээс хэний барилдааныг харж, үлгэр дуурайл авдаг вэ?
-Эрэгтэйчүүдээс Ё.Басхүү ах өөрийгөө хурцалдаг, зоримог, шийдэмгий барилдаантай. Түүний өрсөлдөгчөө ялахыг хараад хаанаас нь ийм их эрч хүч ундардаг юмболгэж боддог. Гаргасан амжилтаас нь зорилгынхоо төлөө тууштай хөдөлмөрлөсөн тэмүүлэл харагддаг юм. Монголд эмэгтэйчүүдийн 78 кг-ын жинд барилддаг бөх олон биш. Дотоодын тэмцээнд жингийнхээ хэдхэн тамирчинтай хүч үздэг болохоор хэр ахиж байгаа нь нэг их анзаарагддаггүй. Харин гадаадын бөхчүүдтэй хамтарсан бэлтгэл хийхэд ур чадвар ахиж, барилдааны техник сайжирдаг юм билээ. Найман тамирчинтай өөр арга барилаар барилдахад сурч мэдэх зүйл их. Тухайлбал, өндөртэй нь ингэж, намхантай нь тэгж барилдах нь. Түүний гар, хөл нь сул тул тийм мэх хийвэл ялах юм байна гэж тодорхой судалгаатай болдог. Би үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Х.Болдбаатар болон Гавьяат тамирчин Д.Цэрэнханд, М.Бундмаа, хүчний бэлтгэлийн Ч.Март багш нарынхаа удирдлагад бэлтгэл хийж, амжилт гаргасандаа баярладаг.
-Гэрийнхэн тань тэмцээн эхлэхээр таны барилдахыг сонирхож харах гээд догдолж суудаг биз?
-Аав, ээж гадаадад амьдардаг. Миний оролцсон тэмцээнийг цагийн зөрүүнээс болоод тэр бүр үзэж амждаггүй. Дүү “Таныг өрсөлдөгчдөө ялагдчих вий гэж бодохоор харж чадахгүй юм билээ. Барьж аваад мэх хийнгүүт нь уначих вий гээд сандраад байсан” гэж билээ. Миний хувьд “Их дуулга”-аас анх удаа медаль зүүсэн болохоор баярлаж, догдлоод хоёр өдөр тайвширч чадаагүй. Дүү холбогдож “Та зүгээр үү, юунд уйлсан юм. Медаль авчихсан л байна шүү дээ” гээд баяр хүргэж байлаа. Манайхан өрөвч, зөөлөн, уяхан зантай, нулимс амархан дуслуулчихдаг. Би тэднийхээ занг бас дуурайчихсан.
-Хойш хөршид хийсэн хамтарсан бэлтгэл үр дүнгээ өгч, Чэндүгийн дэвжээнээс медаль атгууллаа шүү.
-Эрхүүд хийсэн хамтарсан бэлтгэлийн үеэр миний жинд нэг л эмэгтэй тамирчин байсан. Тиймээс эрэгтэйчүүдтэй голдуу барилдсан. Гадаадад олон хонохоор гэрээ санадаг. Тэнд байх хугацаандаа монгол хоолоо их үгүйлсэн шүү.
-Та Японы жүдочдоос Токиогийн олимпын аварга Абэ Үтагийн барилдааныг харах дуртай гэл үү?
-Тийм ээ. Тэрбээр миний хамгийн их биширдэг жүдочдын нэг. 52 кг-ын жинд хүч сорьдог бөхчүүдээс Абэ Үта ухрахгүй, урагшилж барилддаг. Учраа таарсан бөхчүүдээ ялдаг барилдаанууд нь үнэхээр сонирхолтой. Эх орондоо зохион байгуулсан олимпын наадамд Францын тамирчин Амандин Бюшарыг ялж, алтан медаль хүртсэн. Түүний ах Абэ Хифүми мөн жүдогийн дэвжээнд гал гарсан барилдаан харуулдаг. Эрэгтэйчүүдийн 66 кг-д зодоглодог тэрбээр Гүржийн бөх Важа Маргвелашвилийг ялж, олимпын аваргаар тодорч байв. Ах, дүү хоёрын алтан медаль хүртсэн баярт агшныг хараад маш их бахархаж байлаа.
-Жүдод анх хөл тавьсан бөхчүүдийн түүх сонирхолтой санагддаг. Энэ спортын босгоор алхуулсан дурсамжаасаа хуваалцаач.
-Үнэнийг хэлэхэд, тамирчин болох гэж бус, турах гэж жүдод хөл тавьж байлаа. Төв аймгийн Зуунмод сум дахь “Шилдэг жүдо” клубийг зорьж, жингээ хасах зорилготой хэдэн сар хичээллэсэн. Би тэр үед “Хүмүн” цогцолбор сургуулийн 10 дугаар ангийн сурагч байв. Багштайгаа одоо ч холбоотой байж, барилдааныхаа талаар зөвлөлддөг. Намайг “Их дуулга”-аас медаль хүртэх үед багш шавь нараа Баянхонгор аймагт болсон Хүүхдийн спортынзуны VII наадамд оролцуулаад завгүй байсан. Дараа нь баяр хүргэж, аварга болохыг ерөөсөн шүү.
-Зарим эцэг, эх хүүхдээ бөхийн спортоор хичээллүүлэхээс татгалздаг. Охиноо жүдод татагдахыг хараад аав, ээж тань хэр хүлээж авсан бол?
-Би айлын том охин. Намайг жүдогоор хичээллэхэд манайхан эхэндээ дуртай хүлээж аваагүй л дээ. Тэд “Эмэгтэй хүүхэд барилдаж яах юм. Жүдо гэж гүйхийн оронд гэрээ цэвэрлэ” гэдэг байв. Тиймээс бэлтгэл хийх цагаас өмнө гэрийнхээ ажлыг амжуулчихаад клуб рүүгээ гүйчихдэг сэн. Турна гэж хичээллэсэн би хэдэн сарын дараа жүдогоос холдож чадахааргүй болтлоо татагдсан байж билээ. Түүнээс хойш дэвжээнд долоон жил зодоглож байна. Тамирчин болох замналаа эхлүүлж, зуны хамтарсан бэлтгэлд анх гарахад “Рио 2016” олимпын наадам болж таарсан. Тухайн үед олимпын тэмцээнүүдийг зурагтаар үзчихээд иймэрхүү өрсөлдөөнтэй болдог юм байна гэсэн бодол төрж байв.
-Улаанбаатарт ирээд хэний удирдлагад бэлтгэл үргэлжлүүлж, амжилтын төлөө тэмүүлэв?
-Гавьяат тамирчин Х.Эрдэнэт-Од, Д.Цэрэнханд багш нарын удирдлагад үндэсний шигшээ багийн тамирчидтай хамт бэлтгэл хийж эхэлсэн. Зурагтаар гардаг алдартай тамирчин, дасгалжуулагч нарыг хараад өөрийн эрхгүй гайхаж байснаа мартдаггүй. Тэд надад “Чи үүрэх мэхээ сайн давтана шүү” гэж зөвлөдөг байлаа. Одоо үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Х.Болдбаатар болон бусад багш нарынхаа удирдлагад бэлтгэлээ үргэлжлүүлж байна. Энэ жил Э.Жаргалмаа хэмээх охин 78 кг-ын жинд хүч түрэн орж ирж, бидэнтэй өрсөлддөг болсон.
-А.Адъяасүрэн та хоёрт нэгнээсээ суралцдаг зүйл олон байдаг уу?
-Тэгэлгүй яах вэ. Жүдогийн дэвжээнд бэлтгэл хийж танилцсан анхны өдрөөс бид нэгнийхээ давуу талаас суралцсан. Тэрбээр Өвөрхангай аймгийнх. Найзынхаа дайчин, шаргуу хөдөлмөрч зан, зөв төлөвшил, эерэг хандлагаар бахархах дуртай. Олон жил ойр дотно нөхөрлөхөөр нэгнийхээ харц, хөдөлгөөнийг хараад сэтгэл зүйн байдлыг нь мэдэрдэг болчихдог. “Их дуулга”-д барилдахын өмнө бид бие халаалтаа хамт хийчихээд дэвжээнд гарсан. Цөөнгүй таарсан болохоор хэрхэн барилдахаа ч мэдэж байлаа.
-Жүдотой нөхөрлөсөн цагаасаа өөрийгөө хэр нээж, хөгжүүлэв?
-Багадаа хөвгүүд шиг хөдөлгөөнтэй, их нүүрэмгий, нийгмийн ажилд идэвхтэй оролцдог, сургуулийнхаа цоглог, “галзуу”-чуудын нэг байв. Тамирчин болсноор спортын хүндлэл, ёс зүй, тэвчээр хатуужлаас багагүй суралцаж, зөв төлөвшлөө. Төв аймгаас төрсөн жүдочдоос Гавьяат тамирчин Б.Мөнгөнчимэг эгч, Д.Амартүвшин ах уйгагүй хичээллэж, амжилт гаргасан. Энэ жилийн “Их дуулга”-ын дэвжээнд Д.Амартүвшин ах охиныхоо хамт жүдогийн үзүүлэх тоглолт хийсэннь тун сонирхолтой байлаа. Миний үлгэр дуурайл авдаг тамирчин бол 63 кг-д хүч сорьдог ОУХМ Б.Ганхайч эгч. Түүний нөхөдтэйгөө харилцаж байгаа нь, биеэ авч яваа соёл, тусархүү, хүнлэг зан, хүлээцтэй, тайван байдлаас суралцахыг хичээдэг.
-Спортын босгоор алхсан цагаасаа шантармаар саадтай бишгүй тулгарсан байлгүй. Сэтгэлээр унасан үед тань хэн хурцалж, урагшлуулсан бэ?
Ээж минь. Бэлтгэл хийх үед бэртэж, гэмтэх энүүхэнд. Хааяа сэтгэлээр унахыг аав харчихаад “Одоо болих юм уу” гэнэ. Жүдогоор хичээллэх хэцүү санагдаж, халширсандаа хоёр жил завсарласан удаатай. Дэвжээнд бэлтгэл хийгээгүй тэр хугацаанд нөхдөө их үгүйлсэн. Тэр үед ээж “Чи дахиж барилдвал хэзээ чэргэж буцахгүй шүү. Тууштай хичээж, зүтгэ” гэж зоригжуулсан. Би ч гэрийнхэндээ амлалт өгч, жүдогийн дэвжээнд дахин гарсан. Манайхан миний төлөө санаа зовсондоо “Болих юм уу” гэдэг ч жүдогоос холдуулах дургүй нь анзаарагддаг байлаа. Тухайн үед хамт хичээллэсэн тамирчдаас Л.Энхрийлэн эгч зорьсноо биелүүлж, “Их дуулга”, ДАШТ-ээс медаль хүртлээ. Хүнд бэртсэн ч сэтгэлийн хат, тэвчээрээр хэцүү бүхнийг даван туулж, эргэн ирэхийг нь хараад баярласан, бас их бахарсан.
-Тэмцээний тов дөхөх тусам догдолж, сандардаг уу?
-Өмнө нь “Барилдаад ялагдчих вий, медальгүй үлдэж багш нарынхаа сэтгэлийг гонсойлгох вий” гэсэн хүнд бодлоор өөрийгөө зовоож, сэтгэл зүйгээ тайван бус болгодог байлаа. Миний тэр байдлыг М.Бундмаа багш ажиглаад “Чи чадна. Тайван бай, өрсөлдөгчдөөсөө эмээх хэрэггүй. Бэлтгэл дээр хийдэг мэхээ л хий” гэж зөвлөдөг. Х.Болдбаатар багш “Номинзул аа, чи сайн барилддаг. Үүрэх мэхийг гоё хийдэг шүү дээ” гэж урам өгнө. Хүчний бэлтгэлийн дасгалжуулагч Ч.Март багш тэмцээн дөхөхөөр “Бие, сэтгэл зүй ямар байна. Нойр, хоол, амралтаа сайн зохицуулаарай” гэдэг юм. Тэмцээнээс медаль хүртчихээд сэтгэл тайвширдаг. Тэр үед нуруунаас хүнд ачаа аваад хаясан мэт санагддаг юм. Гадаадын тэмцээнээс шагналгүй ирэх л хамгийн хэцүү. Аав, ээжийнхээ хамаг мөнгийг зардалдаазарцуулжявчихаад хоосон ирсэндээ ичиж, нүүрийг нь яаж харна даа гэж халширдаг тохиолдол бий. Хэд хоног амнаас ч үг эвлэж гарахгүй. Энэ удаагийн “Их дуулга”-аас медаль авахад хамаатан садны ах, дүүсээс гадна таних, танихгүй олон хүн баяр хүргэж, урам өгсөн дөө.
-Тамирчдад тэмцээнээс хүртсэн анхны медаль нь эрч хүч өгч, амжилт гаргах зорилгод хөтөлсөн байдаг шүү дээ.
-Жүдогоор хичээллэсэн эхний жил Улаанбаатарт зохион байгуулсан өсвөр үеийн УАШТ-ээс мөнгөн медаль хүртчихээд их баярласан. Шагналаасаа эрч хүч авч, залуучуудын УАШТ-д оролцохдоо аваргын төлөө А.Адъяасүрэнтэй анх удаа барилдаж, жиндээ хүчтэй өрсөлдөгчтэй болохоо мэдэж билээ. Дараа жил нь дагах барилдаанд Г.Одонжаргал эгчтэй хүч үзэхийн өмнө багш “Өрсөлдөгч чинь үүрдэг шүү. Хийх мэхийг нь мэдэрч, татаж барилдаарай” гэв. Дэвжээнд гарангуут тэрбээр нүд ирмэхийн зуурт үүрчихэв. Өөрөөсөө том хүнд үүрүүлнэ гэж тэр үед огт төсөөлөөгүй. Тэгтэл багш “Чи уналтаа яасан сайн сурсан юм бэ” гээд зэмлэж байлаа. Тэр жилээ самбо бөхийн өсвөр үе, залуучуудын УАШТ-д түрүүлж, Азийн АШТ-д оролцох эрх авсан юм. Узбекистан улсад болсон тивийн тэмцээнээс алтан медальтай ирж, үргэлжлүүлээд Сербийг зорьж, өсвөр үеийн ДАШТ-д зодоглохдоо ОХУ-ын бөхтэй аваргын төлөө таарч, мөнгөн медаль хүртсэн. Ташкентын дэвжээнд аварга болчихоод Төрийн дууллаа сонсох мөч үгээр илэрхийлэмгүй санагдаж байлаа. Миний хувьд насанд хүрэгчдийн УАШТ-ээс алт, хошой мөнгөн медальтай. Надад бодож, төлөвлөсөн зүйл олон бий. Тиймээс жилээс жилд зорилгоо ахиулж байгаа.
-Найзууд тань зав гаргадаггүй гэж хааяа гомдоллодог биз?
-Намайг ойлгодог болохоор гомдоллох нь ховор. Найзууд “Номинзул хэзээ завтай болно, тэр өдөр уулзъя” гэдэг юм. Би “Их засаг” их сургуулийг эрхзүйч мэргэжлээр төгссөн. Хойшдоо мэргэжлээрээ ажиллах бодолтой. Оюутан цагийн он жилүүдийг бэлтгэл, тэмцээн гэж завгүйхэн өнгөрүүлсэн ч хичээлээсээ хоцрохгүйг хичээж, анхаарал хандуулдаг байлаа. Сургуулийн удирдлага, багш нар дэмжээд тэмцээнд оролцуулдаг байсан нь амжилт гаргахад нөлөөлсөн гэж боддог. Энэ ташрамд, жүдогоор хичээллэдэг дүү нартаа “Өөрийнхөө зорилгод үнэнч байгаарай. Тэвчээр, хатуужил хүнийг зорьсон зүйлийнх нь ард гаргаж чаддаг юм шүү” гэж хэлье. Мөн тусалж дэмждэг гэр бүл, ах, дүүс, найз нөхөд, “Женко” клубийн хамт олон, үндэсний шигшээ багийн дасгалжуулагч багш нартаа болон тамирчдадаа баярласнаа илэрхийлье.