“Эрдэнэс Монгол” нэгдлийн Төлөөлөн Удирдах Зөвлөл болон удирдлагын бүрэлдэхүүн өнөөдөр /2023.08.09/ “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-т ажиллаж тус үйлдвэрийн 2023 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайланд үнэлэлт дүгнэлт өгч, тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцлээ. Тус үйлдвэр 2023 оны эхний хагас жилд үйлдвэрлэлийн үндсэн гол үзүүлэлтийн төлөвлөгөөг 100.0-113.9%-иар давуулан биелүүлжээ. 19.5 сая тонн хүдэр боловсруулж, 302.7 мянган тонн зэсийн баяжмал болон 2.97 мянган тонн молибдены баяжмал үйлдвэрлэсэн байна. Ингэснээр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын эхний хагас жилийн нийт орлого 2 их наяд 87,2 тэрбум төгрөгт хүрч, нийт зардлыг төлөвлөснөөс 33,1 тэрбумаар хэмнэн 548,1 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ. Улс, орон нутгийн төсөвт нийт 858.3 тэрбум төгрөгийг бүрдүүлсэн.
Хоёрдугаар хагас жилийн үйлдвэрлэлийн төлөвлөгөөндөө тус үйлдвэр 20 сая тонн хүдэр олборлож, 18,3 сая тонн хүдэр боловсруулахаар ажиллаж байна. Мөн 2023 онд 3,9 их наяд төгрөгийн орлоготой ажиллаж, төлөвлөгөөг 102.2%-иар биелүүлэн, улс, орон нутгийн төсөвт 1,7 их наяд төгрөгийн орлогыг төвлөрүүлэх зорилт тавин ажиллаж байгааг тайландаа дурдлаа.
Гэвч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын үйл ажиллагааны бодит байдал, бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлууд, төсөл хөтөлбөрийг дагасан олон асуудал бий. Тухайлбал, Эрдэнэт үйлдвэрийн зэс, молибдены баяжмалын дагалдах элементэд АМНАТ тооцож буй нь “үндэслэлгүй нэмэлт зардал”-ыг бий болгож, АМНАТ-ийн төлбөр их хэмжээний зөрүүтэй байгаа юм. Мөн цэвэрлэх байгууламжийн өргөтгөлийн үлдэгдэл санхүүжилтийг шийдвэрлэх, үйлдвэрлэж буй эрчим хүчээ өөрийн өртгөөс бага үнээр нийлүүлж, түүнээс өндөр үнээр худалдан авах, үйлдвэрийн техникийн бодлоготой уялдуулах техник тоног төхөөрөмж худалдан авахад хүндрэл үүсжээ. Түүнчлэн “Уурхайчин-2” хорооллын гүйцэтгэгч “Өргөө Хаан констракшн” ХХК гэрээний үүргээ биелүүлээгүйгээс орон сууцны захиалга өгсөн 319 ажилтан хохироод байна.