Манай улс өнгөрсөн долдугаар сарын 28-наас энэ сарын 3-нд 1.48 сая тонн нүүрс экспортолжээ. Улмаар энэ он гарснаас хойш 36.01 сая тонн нүүрс нийлүүлсэн байна. Ингэснээр уг бүтээгдэхүүний экспортын 2023 оны төлөвлөгөө биелжээ. Мөн 2023 оны эхнээс хойш 904 мянган тонн зэсийн баяжмал худалдсан байна. Түүнчлэн 3.17 сая тонн төмрийн хүдэр, баяжмал борлуулсан нь өмнөх жилийн мөн үеийнхээс 38 хувиар илүү гэсэн үг. Энэ сарын 3-ны байдлаар Төвбанк 9.52 тонн алт худалдан авсан дүн гарчээ. Монгол Улсын эрдэс бүтээгдэхүүний экспорт дунджаар 72 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж. Тухайлбал, зэсийн баяжмалын экспорт 62.2, төмрийнх 37.8, алтных 46, газрын тосных 42.9, цайрынх 110.3, хайлуур жоншных 132.4 хувьд хүрснийг УУХҮЯ-наас мэдээллээ.
Ташрамд дурдахад, улсын хэмжээнд энэ сарын 3-ны байдлаар 146 899 тонн шатахууны нөөцтэй байв. Үүнээс А-80 бензиний 3835 (23 хоногийн), АИ-92-ын 44 638 (36), АИ-95-ын 3370 (25), дизелийн түлшний 88 054 тоннын (35) нөөцтэй байсан гэнэ. Улаанбаатарын хэмжээнд 85 920 тонн шатахууны үлдэгдэлтэй байжээ. Эл нөөцийн305 тонныг нь А-80, 28 487 тонныг нь (30 хоногийн) АИ-92, 2227 тонныг нь (31) АИ-95, 47 923 тонныг нь (40) дизелийн түлш эзлэв. Манай улс 2023 он гарснаас хойш 1.43 сая тонн газрын тосны бүтээгдэхүүн импортолжээ.