Баянхөндий алтны төслийн нэг хэсэг болох Хар Морь талбайд хайгуулын хөтөлбөрийг “Эрдэнэ Ресурс” Девелопмент Корпораци хэрэгжүүлж, үр дүнгээ олон нийтэд танилцууллаа. Хайгуулын хөтөлбөрийн үр дүнд өндөр агуулгамжтай алтны хүдэржилт байх боломжтой гэх дүгнэлт гарчээ. Энэ хүрээнд нийт 1,040 тууш метрийн 18 хайгуулын цооног өрөмдсөн байна. Мөн тухайн талбайн цөмд 9 км2 талбайг хамарсан цахилгаан туйлшралын геофизикийн судалгаа хийж гүйцэтгэжээ. “Өрөмдлөгийн хөтөлбөрийн үр дүнд хэд хэдэн шинэ хэтийн төлөв бүхий талбайг тодорхойлсон нь 20 км2-г хамарсан Хар Морь талбай юм.
Хар морь талбай нь Монгол Улсын баруун өмнөд бүсэд Хөндий эрдсийн дүүргийн Баянхөндий алтны төслийн ил уурхайгаас хойд зүгт 2 км зайд оршдог байна.
2021 онд нээн илрүүлснээс хойш Хар Морин Дэл талбайд 1.5 км хүдэржсэн трендийг тодорхойлсон бөгөөд үүнд маш өндөр агуулга бүхий Өмнөд Хар Морин Дэл орд багтаж байгаа юм. Баянхөндий алтны ил уурхайгаас хойд зүгт 2 км-т оршдог Хар Морин Дэл талбайн хүдрийг шинэчилсэн ТЭЗҮ-ийн тооцоололд нэгтгэжээ. “Хар Морь талбайн нөөцийг тэлснээр Баянхөндий алтны төслийн эдийн засгийн өгөөжийг үргэлжлүүлэн нэмэгдүүлэх боломжтой” гэж тус компанийн зүгээс үзэж байна.
Баян Хөндий алтны орд нь Монгол Улсын баруун өмнөд хэсэгт Хөндий Алтны дүүрэгт Алтан Нар ордоос 16 км зайд оршдог. 2019 оны наймдугаар сард Монгол улсын Ашигт Малтмал, Газрын Тосны Газар (“АМГТГ”)-аас “Эрдэнэ Ресурс”-ийн Баян Хөндий нөөцөд ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон. Энэхүү ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд “Эрдэнэ Ресурс”-ийн өндөр агуулга бүхий Баян Хөндий алтны орд оршдогоос гадна Алтан Сум (“Altan Arrow”), Хойд Хѳндий (“Khundii North”) болон Хар Морь (“Dark Horse”) зэрэг хэтийн төлөв бүхий талбайнууд 2,309 га талбайг хамран оршдог. Ашиглалтын тусгай зөвшөөрөл нь 30 жилийн хугацаатай олгогдсон бөгөөд үргэлжлүүлэн 70 жил хүртэл сунгах боломжтой.
2020 оны арваннэгдүгээр сард “Эрдэнэ Ресурс” нь Канадын Экспорт хѳгжлийн агентлаг (“EDC”)-тай Монгол улсын баруун өмнөд бүсэд орших Баян Хөндий алтны төслийн хөгжүүлэлтийн хүрээнд 55 сая ам.доллар хүртэл зээлийн санхүүжилтийг төвлөрүүлэх зорилт бүхий баримт бичигт гарын үсэг зурж байжээ. Баян Хөндийн тусгай зөвшөөрөлд 1 хувийн борлуулалтын цэвэр ашгийн төлбөрийг “Сандсторм Гоулд Лтд”-д ирээдүйд олборлох үйл ажиллагаанаас хуваарилах үүрэг хүлээжээ.