Манай улсын гадаад худалдааны бараа эргэлт энэ оны эхний долоон сарын байдлаар 13.7 тэрбум ам.долларт хүрч, өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 22.2 хувиар өссөнийг Гаалийн ерөнхий газраас мэдээллээ. Тодруулбал, 8.6 тэрбум ам.долларын бараа, түүхий эд экспортолсон нь 2022 оны мөн үеийнхээс 34.5, импортод зарцуулсан хөрөнгө 5.02 тэрбумд хүрсэн нь 5.5 хувиар өссөн дүн болжээ. Улмаар экспортын дүн импортынхоос 3.6 тэрбум “ногоон”-оор давж, гадаад худалдааны баланс эерэг гарчээ.
Экспортын орлогын 57 хувийг чулуун нүүрс, 17.8-ыг нь зэсийн баяжмал, 4.6-г нь хагас боловсруулсан болон боловсруулаагүй алтны борлуулалтаас олсон байна. Дээрх хугацаанд 34 сая тонн чулуун нүүрс нийлүүлсэн нь 2022 оны 1-7 дугаар сарынхаас 3.1 дахин, 890 000 тонн зэсийн баяжмал худалдсан нь 4.1 хувиар нэмэгдсэн дүн аж. Малын мах, дайвар бүтээгдэхүүний нийлүүлэлт жилд 16.6 дахин өссөн бол алт, угаасан ноолуурынх 22-26 хувиар буурсан байна. Импортод зарцуулсан хөрөнгийн 21.1 хувиар нефтийн бүтээгдэхүүн, 18.2-оор нь автомашин, өөрөө явагч тоног төхөөрөмж, бусад тээврийн болон цахилгаан хэрэгсэл худалдан авчээ. Түүнчлэн бензин, дизелийн түлшний импорт жилд дунджаар 30 хувиар өссөн бол суудлын автомашиных 6.3, ачааных нь 19.4 хувиар буурсныг ГЕГ-ын тайланд дурдав. Тайлант хугацаанд манай улс 67 орон руу бараа, түүхий эд нийлүүлж, 141 улсаас гарал үүсэлтэй бүтээгдэхүүн худалдан авсан аж.