Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны зургадугаар сарын 30-ны өдрийн 385 тоот тогтоолоор Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг “Монголын хөрөнгийн бирж” ХК-д олгосноор Монгол Улсад уул уурхайн бүтээгдэхүүний бирж үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэх хүртэлх хугацаанд нүүрсний арилжааг “Монголын хөрөнгийн бирж” ХК-иар дамжуулан зохион байгуулахыг Засгийн газарт даалгасны дагуу Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 466 дугаар тогтоолоор "Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журам" батлагдсан. Энэхүү журмын хүрээнд “Монголын хөрөнгийн бирж” ХК 54 удаагийн нүүрсний цахим арилжааг зохион байгуулж, нийт 3.11 сая тонн нүүрсийг 1.3 их наяд төгрөгөөр арилжаалаад байна.
Тодруулбал:
- “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1,152,000 тонн дэгдэмхий бодис дунд коксжих нүүрсийг 564 тэрбум төгрөгөөр, 1,043,200 тонн 1/3 коксжих нүүрсийг 325.4 тэрбум төгрөгөөр, 371,200 тонн эрчим хүчний нүүрсийг 87.7 тэрбум төгрөгөөр,
- “Тавантолгой” ХК-ийн 236,800 тонн дэгдэмхий бодис дунд, коксжих нүүрсийг 148 тэрбум төгрөгөөр,
- “Энержи Ресурс” ХХК-ийн 243,200 тонн баяжуулсан коксжих нүүрсийг 162 тэрбум төгрөгөөр,
- “Хангад Эксплорейшн” ХХК-ийн 64,000 тонн баяжуулсан сул коксжих нүүрсийг 26.7 тэрбум төгрөгөөр тус тус арилжлаа.