УИХ-аас баталсан Уул уурхайн биржийн тухай хууль өнгөрсөн долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлээд байна. Олон улсын зах зээлийн үнэд нийцсэн нээлттэй, ил тод, арилжааны зарчимд тулгуурлан уул уурхайн бүтээгдэхүүний ханшийг зарлах нь биржийн чиг үүргүүдийн нэг юм. Байгалийн баялгаа илүү үнэ цэнтэй болгох, улмаар төр болон ард түмний хүртэх үр өгөөжийг нэмэгдүүлэх нь уг хуулийн нэг зорилго. Мөн энэ чиглэлээр Үндсэн хуулийн 6.2 дахь заалтад 2019 онд өөрчлөлт оруулж, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл боловсруулахаар ажиллаж буй. Энэ талаар “Эрдэнэс Монгол” нэгдлийн гүйцэтгэх захирал С.Наранцогттой ярилцлаа.
-“Эрдэнэс Монгол” нэгдлийн дүрэм, бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт оруулаад тодорхой хугацаа өнгөрлөө. Ямар үр дүн гарав?
-Ашигт малтмалын тухай хуулийг 2006 онд шинэчлэн найруулж баталснаар стратегийн ордуудыг хариуцаж, төрийн өмчийн уул уурхайн компаниудын үр ашгийг нэмэгдүүлэх зорилго бүхий “Эрдэнэс Монгол” ХХК-ийг байгуулсан.
...Үндэсний баялгийн сангийн хуулийг баталснаар жил бүр төрийн ч, хувийн ч бай ашигт малтмал олборлож, борлуулж буй бүхий л орлогоос нийт ард иргэд үр ашиг хүртдэг болно. Тухайн компани ашигтай ажилласан, эсэхээс үл хамаараад АМНАТ авна. Энэ бол өмнөхөөс зарчмын өөр үзэл баримтлал гэж ойлгож болох юм...
Компанийнхан үндсэн зорилгоо биелүүлэх эрмэлзлээр олон ажил хийх гэж оролдсон. Гэвч төдийлөн үр дүн гараагүй, зорилгодоо хүрч чадахгүй явж ирсэн. Мэдээж олон шалтгаан байсан байх. Оюутолгой, Тавантолгой хоёроос өөр стратегийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулсангүй. Энэ бүхний шалтгааныг судалж, алдаагаа тодорхойлсон. Үндсэндээ нэгдсэн стратеги төлөвлөлтгүй, төсөл, хөтөлбөрийн менежмент, техник, технологийн бодлого, санхүүгийн удирдлага, механизмаа бүрдүүлээгүй явсан байна гэж дүгнэсэн. Тиймээс дүрэм, бүтэц, дотоод зохион байгуулалтаа өөрчилж, нэгдсэн стратегиа боловсрууллаа. Үйл ажиллагааны цар хүрээний хувьд төрийн өмчит, уул уурхай, ашигт малтмалын лиценз эзэмшигч бүх компани “Эрдэнэс Монгол” нэгдэлд харьяалагддаг болсон. Хамгийн сүүлд Хөтөлийн “Цемент шохой” ТӨХК-ийг нэгдэлд нэгтгэх шийдвэр гарлаа. Түүнчлэн Компанийн, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн хүрээнд олон улсын групп компаниудын туршлагыг судлаад “тоглоомын дүрэм”-ээ хоёр удаа өөрчлөөд байна. Уг дүрэм, бүтцийнхээ дагуу Нэгдсэн стратеги, удирдлагын, Төслийн үнэлгээ, судалгааны, Үйлдвэр технологийн бодлогын, Санхүүгийн нэгдсэн удирдлагын газар байгуулсан. Бид төсөл, хөтөлбөрийн загварчлалтай болсон. Аж үйлдвэржилтийн үндэсний зөвлөгөөн зохион байгуулж, харьяа компаниудын инженер, техникийн ажилтнууддаа стратеги, бодлогоо танилцууллаа. Толгой болон харьяа компани юу хийх, удирдлага, тогтолцоо ямар байхаа ярилцаж, ойлголцоод, тодорхой болгосон. Харьяа, охин компаниас дээд шатны төр, засгийн байгууллага Засгийн газар, УИХ-д асуудал танилцуулах бол зөвхөн толгой компаниар дамжуулна. Энэ бүгдээс тодорхой үр дүн гарч байгаа.
Мөн удаан хугацаанд ямар ч үр дүнгүй ажилласан зарим төслийн нэгжийг татан буулгасан. Асгатын төслийн нэгжийг шинээр, дээрх загварчлалын дагуу байгууллаа. Цаашдаа шинэ төслүүдээ зөвхөн үйлдвэрлэл, технологийн паркт суурилж явуулах нь зөв гэж үзэж байгаа. Учир нь тэнд татварын хөнгөлөлт, төрийн дэмжлэг тодорхой. Тиймээс “Эрдэнэт үйлдвэр”, “Эрдэнэс Тавантолгой”, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” зэрэг том компанидаа түшиглэсэн үйлдвэр, технологийн парк (ҮТП) байгуулж, түүндээ хувийн хэвшлийг маш зөв төлөвлөн, гадаадын хөрөнгө оруулалтыг татах ажлыг толгой компани манлайлж авч явах нь зөв гэж үзсэн. Улмаар “Эрдэнэс” ҮТП байгуулах шийдвэр гаргууллаа. Одоо гадаадын хөрөнгө оруулагчид төсөл, хөтөлбөрөө нэгдлийн түвшинд ярих хэрэгтэй гэдгээ ойлгож эхэлсэн. Засгийн газар, яамдын түвшинд энэ бүхнээ ойлгуулаад, бүтэц, дүрэм, стратегиа тодорхой болголоо. Юм тодорхой байхад үр дүн гарна гэсэн үг.
-“Эрдэнэс Монгол” нэгдлийн харьяанд төрийн өмчийн хэдэн компани байна вэ?
- Нийт 30 гаруй охин, хараат компани болон харьяа хуулийн этгээд багтсан. Үйл ажиллагаа явуулдаггүй зарим компанийг татан буулгаж, заримыг нь нэгтгээд байна.
-Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийг Та ахалж байгаа юм билээ. Ажлын явц ямар байна вэ. Өнгөрсөн онд уг нь энэ төслийг боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд, УИХ-д өргөн барихад бэлэн болгочихсон байсан. Гэтэл яагаад буцаачихсан юм бол?
-Хууль өргөн барих эрхтэй субъект нь дотроо байр сууриа нэгтгэсэн байх ёстой. Гэвч тэр төслийн концепц дээр Засгийн газар саналаа нэгтгэж чадаагүй байсан учраас өргөн бариагүй. Одоо Засгийн газар, УИХ-тай концепцоо нэгтгээд ажиллаж байна. Хууль тогтоомжийн тухай хуульд заасан шаардлага, бэлтгэл ажлуудыг хангасан, явц 80-90 хувьтай байна. 2019 онд Үндсэн хуулийн 6.2 дахь заалтад оруулсан өөрчлөлтийн хүрээнд бид төслөө боловсруулж буй. “Газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж, тэгш, шударга хүртээх, стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно” гэсэн гол агуулгын хүрээнд хуулийн төсөл боловсруулж байна. Өөрөөр хэлбэл, ашигт малтмалаас олох орлогыг Үндэсний баялгийн санд төвлөрүүлээд, нийт ард түмэнд дийлэнх өгөөжийг хүртээнэ гэсэн агуулга байгаа юм. Олон улсын туршлагыг бид нэлээд судалсан. Өмнө нь ч хэд хэдэн судалгаа хийсэн юм билээ. Баялгийн сан нь Ирээдүйн өв сангаас гадна Хөгжлийн, Хуримтлалын гэсэн төрөлжсөн сантай байх юм.
Хөгжлийн сангаас улс орны хөгжилд хувь нэмэр оруулах, нийгэм, эдийн засгийн нэн чухал ач холбогдолтой том төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлнэ. Хуваарилалтын буюу хуримтлалын сан нь одоо цаг үед амьдарч буй иргэддээ баялгийн орлогоос хуваарилж, хуримтлал үүсгэх боломж олгох зорилготой. Ийм үндсэн концепцтой болгож өөрчилсөн. Өнөөдөр бид эрдэс баялгаас ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр (АМНАТ) авч, орлогынх нь 65 хувийг Ирээдүйн өв санд, 35 хувийг нь орон нутгийн хөгжлийн сан буюу улсын төсөв рүү хуваарилж байгаа. Гэтэл эрдэс баялгаас олдог орлого тогтвортой биш, үнэ ханш, дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал гээд олон хүчин зүйлээс хамаарна, зарим ордын нөөц ч дуусна, бүтээгдэхүүн гаргахаа болино. Ийм тогтворгүй орлогыг төсвийн тогтмол гардаг зардалтай хэт хамааралтай уяж болохгүй. Тиймээс энэ орлогыг төсвөөс салгаж, Үндсэн хуульд заасан зарчмаар ирээдүй, одоо, хөгжил гэсэн гурван чиглэлд зориулах ёстой гэсэн гол үзэл баримтлал байгаа юм. Мөн засаглал, удирдлагын хувьд концепцыг нь өөрчилсөн. Өмнөх хуулийн төсөлд “Эрдэнэс Монгол” нэгдлийг баялгийн сан байна гэж тусгасан байсан учраас нэг төрийн өмчит компани нийт ард иргэдийн баялгийн санг эзэмшиж болохгүй гэдэг агуулгаар буцаах шалтгаан болсон. Тиймээс нийт ард иргэдээс сонгогдсон УИХ, төлөөллөөр дамжуулж байгуулагдсан Засгийн газар л засаглалаа хэрэгжүүлэх нь зөв гэж өөрчилсөн.
-Тэгэхээр “Эрдэнэс Монгол” нэгдэл уг санд ямар үүрэгтэй оролцоно гэсэн үг вэ?
-Манай нэгдэл нь баялгийн сангийн орлогыг гол бүрдүүлэгч байх юм. Баялгийн сангийн үйл ажиллагаа, засаглалд ямар нэгэн байдлаар оролцохгүй.
-2019 оны Үндсэн хуулийн өөрчлөлтөөс хойш ийм хуулийн төсөл боловсруулахаар ажиллаж, зургаан ч удаа тандалт судалгаа хийсэн юм билээ. Одоо нэмж судалгаа хийх шаардлагатай гэж Та хэлсэн байсан. Ямар чиглэлээр судалгаа хийж байгаа вэ, үүнд зориулж баахан зардал гаргалаа гэсэн шүүмжлэл бий?
-Жишээлбэл, Норвег руу манай яамд, төр засгийн байгууллагын төлөөллүүд олон удаа очиж, баялгийн сангийнх нь үйл ажиллагаатай танилцан, туршлага судалсан юм билээ. Гэвч тухайн улсын нийгэм, эдийн засгийн нөхцөл манайхаас өөр учир хуулийг нь шууд хуулах боломжгүй юм. Бид улсынхаа өнөөдрийн онцлог нөхцөл байдалд тохируулж хуулийн төслөө шинэчилж буй учраас нэмэлт судалгаа хийх хэрэгтэй. Өмнөх зарим судалгааны цаг хугацаа нь хуучирсан гэх мэт асуудал бий. Бас тухайн үедээ АХБ, Дэлхийн банкнаас энэ чиглэлд нэлээд санхүүжилт авч байсан юм билээ. Энэ удаа бид ажилтнуудын цалингаас өөр нэмэлт зардал гаргалгүйгээр судалгаагаа хийж байгаа. Одоо монголчууд өөрсдөө судалж, дүгнэж чаддаг болчихсон шүү дээ. Хуулийн төслийг УИХ-д өргөн барьж, намрын чуулганаар хэлэлцүүлэхээр бэлдэж байна. Эдүгээ төрийн өмчит компаниудын бүх ногдол ашгийг Ирээдүйн өв сан руу авч байгаа. Энэ нь Засгийн газрын зохицуулалт болон төрийн өмчит компаниудын өсөлт хөгжилд саад болж байсан тал бий. Үндэсний баялгийн сангийн хуулийг баталснаар төрийн өмчит уул уурхайн компаниудад хөгжих боломж нэмэгдэх сайн талтай.
-Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сан, Боловсролын зээлийн сангаас эхлээд үйл ажиллагаа нь хаалттай, олон хууль бус, булхай өрнөж байсан хэргийг илчлэн, түрүүчээс нь хариуцлага тооцож байна. Ийм үед дахин гурван ч сан байгуулах нь, өмнөх түүхийг давтах нь гэсэн хардлага бий. Баялгийн сангийн хяналтын тогтолцоо ямар байх вэ?
-Манай сангуудад хууль эрх зүйн орчин нь байдаг ч шийдвэрийг томилогдсон нэг дарга, сайдын түвшинд гаргадаг, үйл ажиллагаа нь хангалттай нээлттэй биш. Энэ л гол асуудал нь байсан. Өөрөөр хэлбэл, томилогдсон нэг албан тушаалтан эцсийн шийдвэр гаргаж байна гэсэн үг. Тэгвэл баялгийн сангийн үйл ажиллагаа, төсөл, хөтөлбөрийг сонгох шийдвэрүүд гаргах үйл явц бүх түвшинд нээлттэй байж Засгийн газраар хэлэлцүүлэн, УИХ-аар эцэслэн батална. Улсын төсөв баталдагтай адил шат шатны хэлэлцүүлэг хийнэ. Тиймээс нэг хүн тушаал, шийдвэр гаргаад зээл, санхүүжилт өгөх тухай ойлголт байхгүй. Мөн тайлангаа УИХ, Засгийн газар, олон нийтэд жил бүр нээлттэй тавина. Олон улсын байгууллагын стандартын дагуу жил бүр аудит хийлгэнэ. Ийм засаглалтай сан байх юм. “Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого”-д орсон төсөл, хөтөлбөрүүдээ санхүүжүүлнэ. “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хавсралтаар 90 гаруй төсөл зарласан. Энэ дотроос эрэмбэлээд санхүүжүүлэх байх.
-Хуримтлалын сангаас иргэдэд шууд хуваарилна гэхээр бэлэн мөнгө тараах хэрэг үү?
-Аль болох бэлэн мөнгө тараах хувилбараас зайлсхийж, Үндсэн хуульд заасан иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад буюу орон сууц, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээнд зарцуулж хуваарилна. Өнгөрсөн 30 жилд төсвийн орлогын гуравны нэгийг иргэдэд бэлэн мөнгөөр тараасан. Мөн “Эрдэнэс Тавантолгой” компанийн 1072 ширхэг хувьцааг иргэн бүрт олгосон ч тус компаниас нэг л удаа ногдол ашиг тараасан. Одоо УИХ-ын зарим гишүүн “Эрдэнэт үйлдвэр”, “Эрдэнэс Тавантолгой”-н 49 хувийг тараана гэх мэтээр яриад байгаа. Иргэд хөрөнгө оруулалтын зорилгоор хувьцааг худалдаж авдаг болохоос Засгийн газар шийдвэр гаргаад, үнэгүй тараадаг зүйл биш. Энэ нь компанийн засаглалын тогтолцоог эвдээд байгаа юм. Харин энэ Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг баталснаар жил бүр төрийн ч, хувийн ч бай ашигт малтмал олборлож, борлуулж буй бүхий л орлогоос нийт ард иргэд үр ашиг хүртдэг болно. Тухайн компани ашигтай ажилласан, эсэхээс үл хамаараад АМНАТ авна. Энэ бол өмнөхөөс зарчмын өөр үзэл баримтлал гэж ойлгож болох юм.
-Уул уурхайн биржийн тухай хууль хэрэгжээд сар гаруй хугацаа өнгөрч байна. Биржээр дамжуулан үнээ тогтоогоод, эцсийн том хэрэглэгчдэд үнэ цэнтэй зарах бодлого баримталж байгаа юм билээ. Баялгийг үнэ цэнтэй болгох талаар төрөөс ийм бодлого баримталж буй ч нөгөө талд үүсмэл ордтой холбоотой асуудлыг олон жил ярьж байна. “Эрдэнэт үйлдвэр” -ийн исэлдсэн хүдрийн овоолгыг зарим компани үнэгүй шахам ашигладаг гэдэг. Гэтэл эдгээр овоолго зэсийн агууламжтай юм биш үү. Энэ чиглэлээр ямар зохицуулалт хийж байгаа вэ?
-Нэлээд ярьж байгаа асуудал л даа, нэр бүхий УИХ-ын гишүүн ч асуулга тавьсан. Бидний хувьд баялгаа яаж бүрэн ашиглах вэ, үнэ цэнтэй болгох вэ гэдэгт төвлөрч ажиллаж байна. Үүний хүрээнд үүсмэл орд буюу исэлдсэн хүдрийн овоолгыг яаж ашиглавал “Эрдэнэт үйлдвэр”, олон нийт, тухайн ордыг ашиглаж буй компаниудад аль алинд нь ашигтай байх вэ гэдэг хувилбараар бид судалгаа хийсэн. “Эрдэнэт”-ийн үндсэн үйлдвэрлэлийн баяжуулах технологид тохирдоггүй, бага агуулгатай хүдэр гэж тэр овоолгыг үздэг. Үйлдвэр өөрийн үндсэн шугамаа шинэчилнэ гэвэл маш өндөр зардал гарна. Нөгөө талдаа хувийн компаниуд энэ овоолгыг ашиглах үйлдвэр байгуулаад явж байгааг цөөн тооны компаниудад давуу байдал үүсгэж, овоолгоо үнэгүй өглөө гэсэн шүүмжлэл гардаг. Энэ бүх асуудлыг цэгцлэхийн тулд овоолгоосоо хүдрийн багцууд үүсгэж, дуудлага худалдаагаар зарах шийдэл гаргаж байгаа. Хувийн компаниуд ашгаа олог, бид ТЭЗҮ-ийг тооцоод дуудах үнийг нь тогтоогоод зарна. Хэн чаддаг нь аваг. Улсад үр ашигтай хувилбар, бизнесийн зөв зарчим ийм юм. Цөөн тооны компанид давуу эрх олгохгүй гэсэн үг.
-Овоолгын нөөцийг тогтоох судалгаа хийсэн юм билээ. Хэдий хэмжээний нөөцтэй гэж үзэв?
-Одоо гурван компани үйл ажиллагаа явуулж байгаа, шинээр 10 мянган тонн хүчин чадалтай нэг л үйлдвэр барих нөөц тогтоогдсон.
-“Эрдэнэт үйлдвэр” овоолгоо ашиглуулсан компаниудаас ямар төлбөр авдаг юм бэ?
-Үүсмэл ордоос АМНАТ төлөхгүй гэсэн хуультай. Тиймээс зөвхөн борлуулалтын хоёр хувийн ашиг авдаг. Нэг тонн исэлдсэн хүдрээс дунджаар 1350 төгрөгийн төлбөр авдаг. Гэтэл овоолго үүсгэх өөрийн өртөг нь 10 000 төгрөг учраас алдагдал хүлээж байна гэсэн үг. Баялгийг үнэгүйдүүлж байгаа нэг хэлбэр л дээ. Тиймээс овоолгоосоо хүдрийн багц үүсгээд, дуудлага худалдаагаар зарах гаргалгаа санал болгож байгаа юм.
-Төрийн өмчит компаниуд өвөлд хэрхэн бэлдэж байна вэ?
-Манай хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгч Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаас өгсөн чиглэлийн дагуу нэгдлийн хэмжээнд Өвлийн бэлтгэлийг хангуулах удирдах ажилтны зөвлөгөөнийг бид ирэх долоо хоногт зохион байгуулах гэж байна. Наадмын дараа намар гэдэг дээ. Юуны өмнө компаниуд хагас жилийнхээ үйл ажиллагааны үр дүнгийн тайланг хэлэлцэнэ. Энэ хугацаанд үйл ажиллагаа, ашиг орлого, алдаа, оноогоо дүгнэнэ. Мөн өвөлжилтийн бэлтгэлийг хэрхэн хангаж байгаатай танилцаж, тулгамдсан асуудлаа ярилцаж шийдвэрлэхээр төлөвлөөд байна.