Манай улс гадаадын хөрөнгө оруулалтыг татах зорилгоор 2022 оноос “Уул уурхайн долоо хоног”-гийг зохион байгуулж байна. Энэ жилийн “Mongolian Mining week-2023” ирэх 10 дугаар сарын 9-13-нд болохоор төлөвлөгджээ. “Уул уурхайн долоо хоног”-оор салбарын чуулга уулзалт, хэлэлцүүлэг, үзэсгэлэн, нүүр тулсан уулзалтууд болж, “Mongolian Mining week-2023” чуулганыг УУХҮЯ, Монголын Уул уурхайн Үндэсний ассоциаци хамтран зохион байгуулах юм. Чуулганаар Засгийн газраас дэвшүүлсэн “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн баримт бичиг, “Шинэ сэргэлт”-ийн бодлогын хүрээнд хийж буй шинэчлэлүүд, хөрөнгө оруулалтын орчин зэрэг өргөн хүрээний асуудлыг хэлэлцэнэ. Нүүрсний салбарт уул уурхайн бирж ажиллаж эхэлснээр эрдэс баялгаа цахимаар арилжиж, уурхайнуудын борлуулалтын орлого огцом өсөж, төмөр зам, хил гаалийн болон боомтуудын хүчин чадлыг нэмэгдсэн таатай нөхцөл бүрдээд байна. Гэвч ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг өсгөсөн нь үйлдвэр, уурхайнуудыг хүнд байдалд орох эрсдэлийг ч дагуулсан. Энэ мэт асуудал, шийдлийг “Уул уурхайн долоо хоног”-оор хөндөх юм.