“Оюутолгой” компани энэ оны хоёрдугаар улирлын тайлангаа танилцуулав. Тус компани 2023 оны эхний хагаст төлөвлөснөөс илүү буюу 85 404 тонн баяжмал дахь зэс үйлдвэрлэжээ. Бас 84 415 унци баяжмал дахь алт үйлдвэрлэсэн нь зорилтот дүнгээс мөн давсан гэсэн үг. Эл хугацаанд гүний уурхай дахь хөндлөн малталтыг 7980 метрээр ахиулжээ. Хүдрийн биетийг гүний уурхайгаас газрын гадарга руу тээвэрлэх туузан дамжуургын ажил үргэлжилж буй бөгөөд 60 орчим хувийн гүйцэтгэлтэй байгаа аж.
Нийт ажилтных нь 97.4 хувийг монголчууд, 23.2 хувийг нь эмэгтэйчүүд эзэлсэн дүн гарчээ. “Оюутолгой”-нхон 2028-2036 онд жилд олборлох зэсийн хэмжээг дунджаар 500 000 тоннд хүргэхийг зорих нь. Хоёрдугаар улирлын байдлаар 740 ханган нийлүүлэгчтэй хамтран ажилласан гэнэ. Тэдний 390 нь үндэсний ханган нийлүүлэгч байжээ. Үйл ажиллагааны худалдан авалтынхаа 68 хувийг тэдгээр ханган нийлүүлэгчид зарцуулсан аж. Дээрх улирлын эцсийн байдлаар 676.7 тэрбум төгрөгийг (194 сая ам.доллар) татвар, хураамж болон бусад төлбөрт зарцуулжээ. Түүнчлэн “Оюутолгой”-н ТУЗ-өөс Компанийн шинэчлэн боловсруулсан стратегийг дэмжсэнийг тайландаа дурдав. Мөн Өвөр Монголын эрчим хүчний компанитай байгуулсан гэрээгээ 2030 он хүртэл сунгаж үйл ажиллагааныхаа эрчим хүчний тогтвортой хангамжийг баталгаажуулсан гэв. Монгол Улсаас эрчим хүч тогтвортой нийлүүлтэл эл гэрээний дагуу цахилгаан авах аж.
Ташрамд дурдахад, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “УИХ-ын 103 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх үүрэг бүхий, Оюутолгойн уурхайн хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийх ажлын хэсгийнхэн Засгийн газрын зарим гишүүнтэй өргөтгөсөн байдлаар хуралдаж байна. Уг тогтоолын хэрэгжилтийн явцын талаар танилцууллаа” хэмээн олон нийтийн сүлжээнд өчигдөр бичсэн юм.
Бэлтгэсэн: Б.Сонор