"Эрдэнэс Тавантолгой” ХК 2022 онд 11.5 сая тонн нүүрс экспортолж, 1.1 тэрбум ам.долларын борлуулалттай ажилласан бол 2023 оны долдугаар сарын 31-ний өдрийн байдлаар 14.4 сая тонн нүүрс экспортолж, 1.4 тэрбум ам.долларын борлуулалт хийжээ. Мөн оны эхний долдугаар сарын байдлаар улс болон орон нутгийн төсөвт 1 наяд 486.5 тэрбум төгрөгийн татвар, төлбөр, хураамж төлсөн. Үүнээс АМНАТ-т 936.0 тэрбум, аж ахуйн нэгжийн орлогын албан татварт 501.2 тэрбум, бусад төрлийн татварт 49.3 тэрбум төгрөгийг тус тус төвлөрүүлээд байна.
“Эрдэнэс Тавантолгой” ХК өнгөрөгч хоёрдугаар сарын 9-ний өдрөөс эхлэн Монголын хөрөнгийн биржээр дамжуулан нийт 38 удаагийн цахим арилжааг зохион байгуулж, 298.6 сая ам. долларын үнэлгээ бүхий 2,694 мянган тонн хатуу коксжих, сул коксжих, эрчим хүчний нүүрсийг биржээр борлуулжээ. Биржээр арилжаа хийснээр нүүрсний борлуулалт, худалдаа ил тод болж, 70 орчим сая ам.долларын нэмэлт орлого олж, коксжих нүүрсний үнэ 100-115 ам.доллар байсныг 119-182 ам.долларт хүргэж нэмэгдүүлж, эрчим хүчний нүүрсний үнэ 2022 онд 36 орчим ам.доллар байсныг 58.7-73.3 ам доллар хүрээд байна.