Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт “Тэмүүжин металс” компани метан хийн туршилтын олборлолтыг уржигдраас эхлүүлснийг Ашигт малтмал, газрын тосны газраас мэдээллээ. Энэ талаар АМГТГ-ын Газрын тос, бүтээгдэхүүний газрын дарга Б.Түвшинжаргал “Манай улсад метан хийн хайгуул, олборлолтын чиглэлээр зургаан компани үйл ажиллагаа явуулж буй. Тэднээс хоёр нь буюу “Жи өү эйч”, “Тэмүүжин металс” туршилтын олборлолтоо эхлүүлээд байна. Одоогоор нөөцийн талаарх мэдээлэл гараагүй, удахгүй тодорхой болох байх” гэсэн юм. “Тэмүүжин металс”-ын хувьд бүтээгдэхүүн хуваах гэрээнийхээ дагуу метан хий олборлон, нөөцийг нь баталгаажуулсны дараа бага оврын цахилгаан эх үүсвэрүүдийн түлш болгон, Гурвантэс сум болон МАК компанийг эрчим хүчээр хангах үүрэг хүлээсэн юм байна. Ташрамд дурдахад, манай улсад урьдчилсан байдлаар метан хийн 7.4 их наяд шоо метрийн нөөц бий хэмээн тооцдог.