Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газар (ЖДҮГ)-ын хоёр албан тушаалтныг эрх мэдлээ урвуулан ашигласан хэрэгт холбогдуулан АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж, яллагдагчаар тооцон цагдан хорьсныг бид өнгөрсөн дөрөвдүгээр сард мэдээлж байв. Тус газрын Хууль, тусгай активын хэлтсийн дарга Д.Надмидцэдэн, мэргэжилтэн Б.Алтансүх нарт холбогдох хэргийг хууль сахиулах байгууллагынхан шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр НПГ-т шилжүүлжээ.
АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн энэ сарын 03-23-ны хооронд 855 хэргийг шалгаж 12-т нь яллах дүгнэлт үйлдүүлж шүүхэд шилжүүлэх, 11-ийг хаах, нэгийг нь харьяаллын дагуу шилжүүлэх саналаа илэрхийлэн прокурорын байгууллагад хүргүүлсэн аж. Тэдний дотор ЖДҮГ-ын хэлтсийн дарга Д.Надмидцэдэн, мэргэжилтэн Б.Алтансүх нарт холбогдох хэрэг багтсан байна. Тэд албан тушаалаа урвуулан ашиглаж, найдваргүй зээлдэгч хэд хэдэн компанид давуу байдал олгосон, ингэхдээ хахууль авсан нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон гэж хууль сахиулагчид үзсэн байна. Түүгээр ч зогсохгүй хахуулийн мөнгөө угааж үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж буруутгагдаж буй юм билээ.