Ховд аймгийн Манхан сумын Ботгон багийн нутаг, Ботгоны хавцал гэдэг газарт хүнд даацын автомашин онхолдож, жолооч нь амиа алджээ. Онцгой байдлын байгууллагад уг ослын талаарх дуудлага ирсний дагуу Манхан сум дахь аврах бүлгийн аврагчид газар дээр нь ажиллахад тус аймгийн Булган сумаас аймгийн төв рүү явж байсан “Норд бенз” загварын ачааны автомашин замын зорчих хэсгийн хажуу руу онхолдсон байсан гэнэ. Уг автомашины бүхээгт жолоочоос гадна гурван хүн сууж явсан бөгөөд тэдний биеийн байдал хэвийн гэж орон нутгийн эх сурвалжууд мэдээлэв.
Орон нутгийн замд жолооч нар ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож осолд өртөн, эрүүл мэнд, амиараа хохирох явдал гарсаар байгаагийн нэг жишээ энэ осол гэж цагдаагийн байгууллагынхан үзэж байна. Багахан зай үлдлээ хэмээн нойрмоглож, үүрэглэж яваад замын хажуу руу онхолдох явдал гарсаар байгаа тул жолооч нар Замын хөдөлгөөний дүрмээ баримтлан хэт ядарсан үедээ, эсвэл хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй байгаа тохиолдолд тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохгүй байх хэрэгтэй хэмээн ТЦА-наас “Нэг зам-нэг соёл” арга хэмжээний хүрээнд удаа дараа сануулж буй ч иргэд, жолооч нар үл ойшоосоор буй нь харамсалтай.